УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.13

О.Баасанхүү: "Live" хийхээр шийдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Зөрчлийн тухай хуулийг яаравчлан хэлэлцэж, батлахгүй байхыг хүслээ. Хэрэв уг хуулийн төслийг хэлэлцэнэ зүйтэй гэж үзэж байгаа бол 2015 онд баталсан Зөрчлийн тухай хуулиа хүчингүй болго гэж шаардсан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Нэгд, УИХ-ын гишүүдийг энийг эсвэл тэрийг сонго гэж шахалтад оруулах шаардлагагүй. 2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулиа хүчингүй болго. Зөрчлийн тухай хуульгүй боллоо гээд зохицуулалтгүй болчихгүй.

Амьдрал үргэлждэгээрээ үргэлжилнэ. Ажил явдагаараа явна. Энэ хооронд Засгийн газрын өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төсөлд нухацтай хандъя.

Хоёрт, Чуулганы ирцээ хар л даа. Дараа долоо хоногийн УИХ-ын нэгдсэн хуралдаанд миний бие оролцохгүй байхаас өөр арга алга. Учир нь ард түмний эсрэг үйлдэж буй эс үйлдэхүйг чинь цаашид тэвчээд сууж чадахгүй нь.

Гуравт, төрийн захиргааны байгууллагын тогтоосон хэм хэмжээ, акт, журам дүрмийг зөрчсөн үйлдлийг Зөрчлийн тухай хуулиа зохицуулах юм шүү дээ. Төрийн захиргааны байгууллагаас тогтоосон бүх хэм хэмжээ, актыг нэг дор багцлан, эдгээрийг зөрчих нь гэмт хэрэг биш юм гэж үзэх нь нилээд ноцтой асуудлыг араасаа дагуулна.

Ялангуяа Захиргааны ерөнхий хуулиар бол, захиргааны акт, дүрэм журам гаргах гээд нарийвчилсан зохицуулалт бий болгосон. Эдгээр дүрэм журам, актаа хэн хянах, хэрэгжүүлэх вэ гэдгийг уг хуульд заасан байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилттэй зэрэгцэн Зөрчлийн тухай хуулиас үүдэн шүүхийн шийдвэртэй хүмүүс олшрох нь.

Монгол Улсын төр нэгэнт болоод ирсэн зохицуулалтуудаа өнөөдөр болохгүй байна гээд өөрчилж байна. Тэгвэл яг юу нь болохгүй байгаа юм бэ? Одоо байгаагаа сайжруулах атал өмнөх бүхнээ үгүйсгэж, цоо шинэ зүйл турших гээд байна шүү дээ. Ямар ч бэлтгэлгүй.

Хууль санаачлагчийн тайлбараар бол, өмнө нь Эрүүгийн болон Захиргааны хэргийн шүүхэд хэрэг маргааныг адилхан шийдвэрлэдэг байсан гэлээ. Тэгвэл тусдаа Зөрчлийн тухай хуультай байгаад яах юм бэ?

Бид шүүх дагнасан байна гэж шийдвэрлээд Захиргааны хэргийн шүүгч нарыг бэлтгэсэн шүү дээ. Тиймээс зөвхөн гомдол гаргаж, маргаан үүсгэнэ гэвэл шүүхээр явж болно. Прокурорын хувьд хэрэг бүртгэл үүсч байгаа бол Үндсэн хуулиараа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт тавина гэдэг утгаараа захиргааны хэрэг бүртгэлт хяналт тавьж болохгүй гэсэн зүйл байхгүй.

Тиймээс шүүхийн оролцоог тодорхой болгохгүй юм бол хичнээн цоо шинэ, гоё юм хийнэ гэж яриад бэлтгэл ажил нь хангагдаагүй, төсөвгүй, боловсон хүчний нөөц байхгүй, хамгийн гол нь эрхийн ухамсрын төлөвшил байхгүй байна.

Ийм нөхцөлд яаравчлан Зөрчлийн тухай хууль гаргах шаардлага байна уу? 2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн сайн, мууг яаж мэдээд байгаа юм бэ? Тиймээс УИХ-ын гишүүд Зөрчлийн тухай шинэчилсэн найруулгын төслийг битгий дэмжээч гэж хэлмээр байна.

Тэртэй, тэргүй гишүүдийн өмнөөс кноп дараад явчих учраас би "live" хийхээр шийдлээ.