Нийгэмд хэм хэмжээ тогтооно гэдэг тоглоом биш гэв
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.04.28

Нийгэмд хэм хэмжээ тогтооно гэдэг тоглоом биш гэв

УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсээр байна. Уг хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн бүр саналаа хэлж, болгоомжлох зүйл байгааг сануулсаар байна. Тэдний нэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэр юу гэж үзэв?

Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар нийгэмд ямар сөрөг үр дагавар үүсч болохыг урьдчилан тооцоолох нь чухал болохыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ анхааруулж байна. 

Тэрээр хуулийн хэм хэмжээ гэдэг тоглоом биш гээд ингэж хэлэх болсноо нэг жишээгээр тайлбарлав. 1968 оны 1 дүгээр сарын 1-нд Суудлын бүс ашиглах тухай дэлхийн анхны хууль гарсан байдаг. Энэ хууль гарснаар зам, тээврийн осол, зөрчил буурна гэж тооцоолсон боловч үр дүн нь харин ч эсрэгээрээ гарчээ. Яг энэ түүх Зөрчлийн тухай хууль гарснаар давтагдах вий гэдэгт Л.Оюун-Эрдэнэ санаа зовниж байна.

Нийгэмд хэм хэмжээ тогтоож болно. Гэхдээ үндэслэл, тооцоо, судалгаагүйгээр тогтоосон хэм хэмжээ, дэг журам гэдэг өөрөө аюултай. УИХ зөв хууль гаргалаа гэж бодож байтал практикт хэрэгжихдээ анхны төсөөллөөс гажих нь бий. Зөрчлийн тухай хууль л гэхэд зөрчлийг арилгах зорилготой боловч бодит байдалд хүнийг айлгадаг, аж ахуйн нэгжүүдийг дарамталдаг, түүнээс болж авлига цэцэглэдэг сөрөг тогтолцоо бий болбол яах вэ гэсэн асуудлыг тэрээр хөндөж байна. 

Нөгөө талаар хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой. Өнөөдөр иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэх тухай ярьж байгаа бол төрийн албан тушаалтанд үйлчлэх хариуцлагын механизмыг ч энэ хуульд тусгаж өгснөөр дээрх зарчим хэрэгжинэ гэдгийг хэлэв. 

Тухайлбал, Улсын их хурлын дэгийн тухай хуульд, "Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусдын гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно" гэж заажээ. Тэгвэл энэ заалтыг зөрчсөн УИХ-ын гишүүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг ярих ёстой гэж үзэж байна.