УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.28

О.Баасанхүү: Хулгайлах, эд хөрөнгө завших нь зөрчил үү, гэмт хэрэг үү гэдгийг иргэдээс асууя

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.28/ Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа. 

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал дунд баривчлах, торгох шийтгэлийг сонголттой хэрэглэх зөрчлүүд, нэмж оруулах нь зүйтэй гэж үзсэн шинэ зөрчлүүдийн жагсаалт байв. Тодруулбал, 

БАРИВЧЛАХ, ТОРГОХ ШИЙТГЭЛИЙГ СОНГОЛТТОЙ ХЭРЭГЛЭХ ЗӨРЧЛҮҮД:

Доор дурдсан зөрчил гаргасан этгээдийг 7-30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл ногдуулах эсвэл торгох юм. Зөрчил гаргасан хүнийг албадан сургалтад хамруулах тухай ч хуулийн төсөлд тусгажээ. 

  • Танхайрах
  • Зүй бусаар биеэ авч явах
  • Хүний биед халдах
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих
  • Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
  • Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих
  • Эрүүл мэндийн тухай хууль зөрчих
  • Хулгайлах
  • Эд хөрөнгө завших
  • Эд хөрөнгө устгах, гэмтээх
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
  • Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох

НЭМЖ ОРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗСЭН ЗӨРЧЛҮҮД

Доор дурдсан зөрчлүүдэд хариуцлага ногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн төсөлд шинээр нэмж оруулжээ. Үүнд, 

  • Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуусан, худал мэдээлсэн үйлдэлд хариуцлага ногдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх
  • Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах
  • Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийх

Эдгээр зарчмын зөрүүтэй саналаар санал хураах явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн юм. Тэрээр захиргааны зөрчлийг эрүүгийн гэмт хэрэгт, эрүүгийн гэмт хэргийг захиргааны зөрчилд тооцож байгааг эрс шүүмжиллээ. 

О.Баасанхүү: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийх”-ийг зөрчилд тооцно гэж ажлын хэсгийн оруулж ирсэн байна. Үүн дээр сэтгүүлчид дуугармаар байгаа юм. Хулгайн мод бэлтгэлтэй холбоотой зөрчилд харин давхар шийтгэл ногдуулах хэрэгтэй. Машиныг нь хурааж аваад торгууль ногдуулах нь зөв.

Хулгайлах, хөрөнгө завших зэрэг эрүүгийн гэмт хэргийг захиргааны зөрчил болгож, захиргааны зөрчлийг эрүүгийн гэмт хэрэг болгож хольж, хутгаж байгаа атлаа намайг согтуу хүмүүстэй тэмцсэнгүй гээд шүүмжлээд байх юм. Согтуу хүн энэ улсад гай болоогүй. Хулгайчид гай болоод байна.

Орон байрны хулгайтай тэмцэж чадахгүй гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт та албан ёсоор мэдэгд. Байгаль орчны эсрэг гэмт хэргийг өөгшүүлж байгаагаа хүлээн зөвшөөр. Ашиг сонирхлын зөрчлөөр хууль баталдагаа болих хэрэгтэй.

Ялангуяа эд хөрөнгө завших, эд хөрөнгө устгах зэргээр захиргааны зөрчилд тооцохыг зөвшөөрөх үү гэж маргааш болох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар Зөвлөлдөх санал асуулга явуулах үеэр ард иргэдээс асууя л даа.