Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 74,5 хувийн саналаар баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.11/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, үг хэлсэн. Тэрээр эрүүгийн хэргийг ч зөрчил, захиргааны хэм хэмжээг ч зөрчил гэж хольж, хутгасан хууль гарах гэж байна гэлээ.
Тэрээр орон байранд мөрийтэй тоглоом тоглох, дайн бүхий бус цагт эх орноосоо урвах, мансууруулах бодис хэрэглэх, хулгай хийх, танхайрах зэргийг зөрчил гэж оруулж ирснээ засч залруулсан эсэхийг ажлын хэсгээс тодруулсан.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулсан бол эх орноосоо урвасан гэж үзнэ.
Мөн танхайрах, мансууруулах бодистой холбоотой асуудлууд ч тодорхой нөхцөл, зүйл заалттайгаар Эрүүгийн хуульд орсон учраас эрүүгийн хэрэг болно гэв.
Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан. Санал хураалтын явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар уг хуулийн төсөл нь "Нэг уут руу бүх зүйлийг чихэх гэсэн оролдлого. Захиргааны хэм хэмжээ зөрчсөн үү эсвэл салбарын онцлог, тусгайлсан хууль тогтоомжоор шийдэгддэг асуудлыг бүгдийг Зөрчлийн тухай хуульд багтаасан нь учир дутагдалтай бөгөөд өөрөө зөрчил үүсгэж байна" гэв.
Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг нилээд маргаантай өрнөсөн бөгөөд тэр дундаа банкны сектортой холбоотой үйл ажиллагааны алдаатай бодлогын үрээр доголдол үүссэн асуудлыг зөрчил гэж үзэн торгох шийтгэл ногдуулна гэж заажээ. Гэхдээ энэ санал дэмжигдээгүй.
Энэ мэтчилэн хэд хэдэн маргаантай асуудал байгаа учраас аль нэг бүлэг нь засварлага авах, шинэ хуулийн төсөл санаачилж, асуудлыг нэг мөр шийдэх тухай саналууд ч гишүүдээс гарч байлаа.
Ямартай ч Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн барьж, 5 сар орчим маргаан, мэтгэлцээн, шүүмжлэл дүүрэн байсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гишүүдийн 74,5 хувийн саналаар батлагдлаа.
Уг хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.