Л.Энх-Амгалан: Торгуулийн хэмжээг тогтоохдоо нухацтай ханд
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төслийн талаар ажлын хэсгийн ахлагчаас тодруулсан юм.
Л.Энх-Амгалан: Зөрчлийн тухай хууль дэвшил авчирна гэж найдаж байна
"Зөрчлийн тухай хуулийн төсөл нь нийгмийн анхаарлыг нилээд татаж байна. Анх уг хуулийн төслийг Ардчилсан нам эрх барьж байхдаа санаачилж байсан. Хэрэв шоронжсон хууль гэж үзвэл та нарын өөрсдийн чинь буруу. Зөрчлийн тухай хууль бол нийгмийн зөвшилцөлд үндэслэх нь зүйн хэрэг.
Бүгдээрээ ойлголт нэгтэй байх ёстой. Уг хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх шатанд бүх талын оролцоог хангах ёстой гэдэг УИХ-ын гишүүн Л.Болдын саналтай санал нэг байна.
Өмнө нь 200 гаруй хууль тус бүрт тухайн хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын механизмыг зааж өгсөн байдаг бол одоо зөвхөн Зөрчлийн тухай хуулиар зохицуулах болж байна. Тиймээс хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг хэр өргөн хүрээтэй хийсэн бэ?
Хуулийн төсөл батлагдсанаар торгууль ногдуулах хэлбэр, торгуулийн хувь хэмжээ, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөж байгаа байдалд дэвшил гарах уу, үгүй юу гэдэгт эрх баригч ч тэр, сөрөг хүчин ч тэр санаа тавьж байна.
Тэр дундаа торгуулийн хэмжээ, эрх хасах, тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох тал дээр нилээд нухацтай ярилцах ёстой.
Тухайлбал, хулгайгаар мод бэлтгэсэн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 960 мянган төгрөгөөр торгож байна. Гэтэл уг зөрчлийг нэг удаа гаргасан бол 240, давтан үйлдсэн бол 480, олон удаагийн давтамжтай бол 720-960 мянга гэх зэргээр торгуулийн шатлалтай болох хэрэгтэй.
Одоо бол хулгайгаар мод бэлтгэсэн л анх удаа, олон удаагийн давтамжтай гэдгээс үл харгалзан хамгийн дээд торгууль буюу 960 мянгаар торгож байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулиар торгуулийг хэнд, ямар шалтгаанаар ногдуулах вэ гэдэгт дэвшил гарна гэж найдаж байна.
Х.Нямбаатар: Торгох гэхээсээ илүү давтан зөрчил үйлдэхгүй байхад анхаарна
Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 240 гаруй хууль батлагдан гарахдаа өөр хоорондоо маш их зөрчилтэй, төрийн хяналт шалгалт, үзэл баримтлалаас давсан салбар хуулиудтай болсон нь энэ хууль төрөн гарах гол үндэслэл болсон.
Тухайлбал, 2003 онд Төрийн хяналт, шалгалтын тухай хууль батлагдсан боловч дагалдаж гарсан салбарын хууль нь малгай хуулиасаа эрх хэмжээ, зохицуулалтын хувьд давсан байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл Татварын багц хуулиар татварын хяналт, шалгалттай холбоотой эрх хэмжээ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулиасаа давсан, хэтийдсэн байсан.
Энэ бол нэг л жишээ. Үүнтэй адил маш олон жишээ дурдаж болно. Төрийн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдал бүр дээр зөрчлийн хэрэг, нээж үүсгэдэггүй байх нөхцлийг хангах үүднээс Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай болохыг эрмэлзэж байна.