УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.01.11

Н.Учрал: Гүтгэх, доромжлох, зохиогчийн эрх зөрчихийг зөрчил гэж авч үзэх нь хэр оновчтой вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асуусан юм.  

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тодорхойлогдсон “гүтгэх”, “доромжлох”, “зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийг зөрчих” зэрэг тохиолдлыг зөрчил гэж хуулийн төсөлд тусгасан байна.

Хүний нэр төр, алдар хүндэд халдах, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, шүүн таслах ажиллагаанд хор хохирол учруулж буй байдлыг гэмт хэрэг гэж үзэх шаардлагатай байтал зөрчил гэж авч үзэж байгаа нь хэр зохимжтой вэ? Ямар үндэслэлээр эдгээрийг зөрчилд хамааруулж байна?

Ялангуяа зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийг зөрчих нь гэмт хэргийн шинжтэй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатайгаа хэр уялдаж байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Эрүүгийн болоод Зөрчлийн хуулиуд хоорондоо нягт уялдаатай. Үндсэндээ аливаа үйлдэх, эс үйлдэхүйн алийг гэмт хэрэг, алийг зөрчил гэж авч үзэх вэ гэдгийг хуульчилж өгсөн. Тийм ч учраас заавал харилцан уялдаатай байх нь зүйн хэрэг. Өмнө нь Зөрчлийн тухай хууль гэж байсангүй. Захиргааны хариуцлагын тухай хуульд заасанчлан тухайн хууль, хуульд тодорхой үйлдлийг үйлдэх, эс үйлдэхүйг тусгаж, шийтгэл ногдуулдаг байсан.

220 хуульд байсан тодорхой заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэг хуульд зааж өгсөнөөрөө онцлог. Энэ хуулийн төсөлд ч тэр, 2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуульд ч тэр “гүтгэх”-ийг зөрчилд тооцсон. “Гүтгэх”-ийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой эсвэл зөрчил гэж үзэн захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн маргаан нилээдгүй өрнөдөг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдол нь гүтгэгдсэн хохирогчийн хохирлыг барагдуулах боломжгүй, эх захгүй хэрүүл маргаан үүссэний эцэст хохирогч нэхэмлэлээ өөрийн талд шийдүүлж чаддаггүй. Тиймээс гүтгэхийг зөрчилд тооцож, асуудлыг хурдан хугацаанд шүүхээр шийдвэрлэж, хохирлыг барагдуулдаг байх нь зөв гэж үзсэн.

Зарим төрлийн зохиогчийн эрх зөрчсөн асуудлаар гэмт хэрэг гэж тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр, зарим тохиолдлыг зөрчил гэж үзэн захиргааны хариуцлага хүлээлгэхээр хуулийн төсөлд тусгасан.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 18,4 дахь хэсэгт “Патент, зохиогчийн эрхийг хулгайлах” гэж зүйл заалт орсон байсан. Үүнийг задлан 18,4, 18,5, 18,6 гэж зохиогчийн эрхийг зөрчсөн байдлаар нь ялгамжтай байдлаар салгаж, зохицуулсан.

Уг хуульд хохирлын хэм хэмжээг заагаагүй, бүгдийг нь гэмт хэрэгт тооцон ял шийтгэл ногдуулахаар байсан нь учир дутагдалтай гэж үзсэн. Тухайлбал, нэг дууны үгийг зөвшөөрөлгүй хуулж бичих, нэг телевизийн нэвтрүүлгийг өөр телевиз нь зөвшөөрөлгүйгээр цацсан тохиолдолд гэмт хэрэгт тооцон, ял шийтгэл ногдуулж байсан.

Учруулж буй хохирлын хувьд 50 сая төгрөгөөс доош зохиогчийн эрхтэй холбоотой асуудлыг Зөрчлийн тухай хуулиар шуурхай шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан юм.