
"ИХ ХУРАЛДАЙ” ЦОГЦОЛБОР БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БОЛЖ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН БОЛЛОО
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан үндэсний бахархалт түүх, соёлыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх зорилготой түүхэн аялал жуулчлалын хүрээнд Их Хуралдай цогцолбор Биндэр суманд үүд хаалгаа нээлээ. Энэ бол зөвхөн нэгэн бүтээн байгуулалт биш, харин Монголын төрт ёс, үндэсний эв нэгдлийн үнэ цэнэ оюун санааны нэгдмэл байдлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түүхээ танин мэдэх, нутгаа бахархах сэтгэлийг сэргээх том алхам юм.
Энэхүү цогцолбор нь Биндэр суманд онон мөрөн, цагаан нуурын эрэг дээр сүндэрлэн босож, зочин гийчдийг хүлээн авахад бэлэн боллоо.
Монгол түүхийн нэн чухал хуудаснуудыг харуулсан энэхүү бүтээн байгуулалт нь аялал жуулчлалын томоохон цэг болж, олон зуун жуулчин, иргэдийг татах чухал ач холбогдолтой. Монголын төрийн түүх, сүр хүч, эв нэгдлийн билэгдэл болсон Хэнтий аймгийн Биндэр суманд Их хуралдай цогцолборыг 2019 оноос эхлүүлэн тасралтгүй 5 жил бүтээн байгуулсан билээ. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг МУУГЗ Д. Төртогтохын загвараар бүтээн босгожээ. Энэхүү цогцолбор нь Модон луу жилийн шилдэг барилгаар шалгарсан, Соёл урлагийн салбарын Мөнгөн Мод-2023 наадмын шилдэг Архитектурын бүтээл шагналыг хүртсэн юм.