Назарбаев, Каримов нар улстөрөөс явсны дараа Таджикистан, Узбекистан, Киргиз улсууд задарна
2011.12.16

Назарбаев, Каримов нар улстөрөөс явсны дараа Таджикистан, Узбекистан, Киргиз улсууд задарна

Дундад Азийн таван оронд ижил төстэй тал олон бий. Казахстан, Киргиз, Таджикистан, Туркменистан, Узбекистан зэрэг орон бараг бүгд ганц хүний дарангуйлагч дэглэмтэй байсан. Эдгээрээс Киргиз улс анх удаа парламент-Ерөнхийлөгчийн хосолсон засаглалд шилжсэн билээ. Киргиз улс Ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглалд шилжсэн шалтгаан ойлгомжтой. Энд 2005, 2010 онд хоёр ч удаа хувьсгал дэгдэж, Ерөнхийлөгчдөө түлхэн унагаасан.

Харин бусад орны хувьд байдал өөр. Узбекистан улс уг нь 2012 оны 1-р сарын 1-нээс эхлэн Ерөнхийлөгч-парламентын хосолсон загварт шилжихээр төлөвлөсөн. Түүгээр бол 2 танхимтай парламенттай болж, тэр нь Засгийн газраа бүрдүүлж, хянах юм. Түүнчлэн төрийн тэргүүний бүрэн эрхийн заримыг нь парламентад шилжүүлэхээр хуульд заасан билээ. Энэ залруулгыг бүр 2010 онд Узбекистаны Үндсэн хуулинд оруулсан ч зөвхөн 2012 оны эхний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих аж. Хэдий тийм ч улсынхаа Ерөнхийлөгч Ислам Каримовын эрхийг хязгаарлаж, Ерөнхийлөгч ба парламентын бүрэн эрхийг ялгаж салгах тухай яриа ч Узбекистанд алга. Тэгээд ч Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовын улстөрийн дэглэмээ өөрчлөх болсон шалтгаан нь Киргизийнхээс өөр.

 

2010 оны 11-р сард, мөн 2011 оны 12-р сарын 5-нд Узбекистаны Үндсэн хуулинд оруулсан залруулгаас үзэхэд энэ улс парламентаризмын чиглэлд хөдөлж байгаа мэт. Энэ талаар Францад амьдардаг, Узбекийн улстөр судлаач Камолоддин Раббимов “Узбекистанд өөрчлөлт шинэчлэл явагдаж байгаа. Гэхдээ төр засгийн жинхэнэ эрхийг хуваарилах тухай яриа алга. Узбекистанд гарч байгаа өөрчлөлтүүд зөвхөн ирээдүй үед л хамаатай. Түүнээс биш Каримов болон түүний эрх мэдэлд огт нөлөөлөхгүй. Учир нь Каримов эрх мэдлээ хуваалцахгүйн тулд зарим ажил үүргийн хуваариа тийшээ шилжүүлчихсэн. Иймээс тэр 2014 он хүртэл /хэрэв эсэн мэнд байвал түүнээс ч цааш хугацаагаар/ төрийн эрхэнд байх санаа агуулж байгаа” гэж шүүмжлэв.

 

Харин Казахстаны хувьд Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев намын тэргүүн, үндэстний удирдагч учраас үхэн үхтлээ улс орноо удирдах нь бараг ойлгомжтой. Гэсэн хэрнээ Казахстаны хэсэг эрх мэдэлтэн гэнэт парламент-Ерөнхийлөгчийн хосолсон засаглалтай болох талаар ам нээх болсон нь үнэхээр хачирхалтай. Зарим эх сурвалжийн мэдээгээр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев яг Каримов шиг дэглэмээ өөрчлөхийг хүсч байгаа гэнэ.

 

Казахстаны шинжээч Николай Кузьмин “Ултөрийн систем өнгөлөн далдлалт хийж, улмаар Ерөнхийлөгч-парламент эсвэл парламент-Ерөнхийлөгчийн засаглалтай мэт дүр үзүүлэх магадлалтай. Гэвч эцсийн бүлэгт мөн чанар нь ялгаагүй. Казахстанд улстөрийн бүх эрх мэдэл Нурсултан Назарбаевын гарт төвлөрч, улмаар гүйцэтгэх засаглал, Засгийн газар нь хууль тогтоох байгууллагуудаа дарангуйлдаг” хэмээжээ. Түүний үзэж буйгаар Казахстаны эрх баригчид парламентын үүрэг ролийг нэмэгдүүлэхээс цааргалж, харин ч эсрэг байр суурь баримтлан, Ерөнхийлөгчийн “Нур Отан” намыг дэмжих замаар тус намыг улс орны амьдралд их үүрэг гүйцэтгэдэг мэтээр харуулахыг оролддог аж.

 

“Казахстаны парламентад хангалттай эрх мэдэл алга. Тэр бол ердөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын хууль зүйн хэлтсийн үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв Казахстан улс нь парламент-Ерөнхийлөгчийн хосолсон засаглалтай болвол цаанаа ганцхан зорилготой. Тодруулбал Анхны ерөнхийлөгчийн тухай хуулиар Назарбаев Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өгсний дараа насан туршийн сенаторч болно. Иймээс Казахстаны эрх баригчид Назарбаев шиг насан туршдаа эрх барих зорилго өвөрлөж байгаа бололтой” гэж шинжээч Зауреш Батталова болгоомжлуулав.

 

“Адилет” намын тэргүүн, Назарбаевын найз Максут Нарикбаев “Манай Ерөнхийлөгч түлхэн унагаагдсан Арабын орнуудын тэргүүнүүдээс илүү мэргэн, ухаалаг, алсын хараатай байж чадна. Удахгүй болох парламентын сонгуулийн дараа Казахстаны төр засгийн эрх мэдэл аажмаар цус урсгалгүйгээр, эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэлгүй ирээдүй үед шилжих байх. Хэрэв сонгууль шударга, хуулийн дагуу явагдвал парламентад нэлээд хэдэн нам гарч ирнэ. Түүнээс биш одоогийнх шиг “Нур Отан”, “Ак жол” гэсэн хоёрхон нам ноёрхохгүй” хэмээжээ.

 

“ИА REGNUM”-ийн ерөнхий редактор, “Интернациональ Орос” олон улсын байгууллагын улстөрийн товчооны тэргүүн М.Колеров “Назарбаев, Каримов нар байгалийн жамаараа яваад өглөө гэхэд үндэсний сүйрэл болно. Энэ сүйрлийн дараа Киргиз, Таджикистан, Узбекистан улсад задарч бутрах аюул нүүрлэнэ. Яагаад гэвэл Дундад Азид төрийн корпорациуд ноёрхдог. Үнэндээ эдгээр нь төрийн мэдлийн бус, тэр бүү хэл ямар нэг бүлэглэлийнх ч биш, харин гэр бүлийн корпорациуд” хэмээн сэрэмжлүүллээ.

 Өрнөдийн орнууд л гэхэд Туркмен хэтэрхий жижигхэн орон учраас өөрөө толгой мэдэж, байгалийн хийн нөөцөө зарцуулж чадахгүй гэж шуугиж байгаа. Энд эрх мэдэлтнүүдийн хүрээнд өчүүхэн хэлбэлзэл, өөрчлөлт нь

Наджибуллагийн хувилбараар /Талибуудад цаазлагдсан Афганистаны Ерөнхийлөгч/ эргэж, системийг бүхэлд нь аймшигтай доргиох магадлалтай. Иймээс М.Колеров “Дундад Азийн ашиг сонирхлыг сайн мэддэг, энэ бүсийн талаар ядаж доод түвшний мэдлэгтэй арваад хүн ч манайд алга. Иймээс бид өөрсдийн хувь заяаг хөршүүддээ даатгачихсан. Гэтэл тэд бидэнтэй мантай, өөрсдөө үхлийн орон дээрээ хэвтэж байгаа” хэмээн шүүмжиллээ.

 

“Бид хөршүүдтэйгээ интеграцийн төлөө сайн харилцаа тогтоож байгаа гэж өөрсөддөө итгүүлэхийг оролддог. Бид эелдэг зангийн төлөө. Гэтэл дэлхий дахин үүнийг шоолж байна. Бид дайснаа түнш гээд Таджикистан, Киргизийн хамт Гаалийн холбоонд, мөн Евразийн холбоонд элссэн. Ингэснээр бид эмх замбараагүй байдлыг урин дуудлаа. Бид одоо Рубиконд /Манай эриний өмнөх 42 онд Цезарь хууль зөрчин Рубикон голыг гатлан, иргэний дайн дэгдээсэн юм. Тэр цагаас хойш эргэлт буцалтгүйгээр гаргасан шийдвэрийг Рубикон гэх болжээ/ шилжиж байна. Бурхан өршөөг, сайнаар бодвол ирээдүйн Евразийн холбоо нь Холбооны төв засаглал ба Татарстаны холбоог санагдуулах биз. Гэхдээ энэ бол феодализм. Хар тамхи, терроризм, ислам холилдсон Дундад Азийн феодализм нь дээр дурдагдсан төрийн мэдлийн корпорациудаас ихээхэн хамааралтай. Нэмж өгүүлэхэд өрнөдийнхөн, АНУ бол манай дайснууд. Энэ улстай холбоо сүлбээтэй байж, хэлэлцээ хийдэг Дундад Азийн зарим хүмүүс үнэн хэрэгтээ дайсандаа тусалж буй хэрэг. Биднийг мөхсөний дараа л АНУ холбоотон болохыг хүсэх биз. Бид бол Америкийн их бууны “гол”, зарлагадах материал” хэмээн М.Колеров анхааруулж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.