Ж.Батсуурь гишүүн говь нутгийн хүү болж төрснөөрөө бахархдаг
2011.11.29

Ж.Батсуурь гишүүн говь нутгийн хүү болж төрснөөрөө бахархдаг

Энэ удаагийн «Өглөөний хүн» буландаа Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг урилаа. Сонгогч түмнийхээ итгэлийг хүлээсэн эрхэм гишүүн маань өглөө 06:00 цагт босоод, 08:00 цагт ажил руугаа гардаг байна. Төрийн хариуцлагатай албыг хашиж  буй түүний хувьд хоногт дөрөвхөн цаг л унтаж,бусад үед нь ажил төрлөө амжуулдаг гэнэ лээ.

Ж.Батсуурь гишүүн 1960 оны 11 дүгээр сарын 10-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Зүүнбаянд төржээ. Хулгана жилтэй, хилэнцийн ордынх. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нь 2008 онд Дорноговь болон Говьсүмбэр аймагт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөөд, ялалт байгуулж байсныг уншигч та андахгүй биз. Тэрбээр Чех улсын Братислав хотын Техникийн их сургуулийг барилгын инженер-эдийн засагч мэргэжлээр төгсжээ. Өөрийн сурч боловсорсон мэдлэг, барилгын салбарын шинэ технологи арга ажиллагааг бусдад зааж эзэмшүүлэхээр Политехникийн дээд сургуульд багшилснаар ажлын гараагаа эхэлсэн байна.


Ж.Батсуурь гишүүн 1983-1987онд Политехникийн дээд сургуулийн инженер, эдийн засгийн тэнхимд багш, 1987-1988 онд Техникийн их сургуульд багш, 1988-1990 онд Техникийн их сургуулийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1990-1992 онд Техникийн их сургуульд багш, 1992-1994 онд Техникийн их сургуулийн мэдээллийн техникийн сургуульд дэд захирал, 1994-1998 онд Чех улсын Прага хотын Техникийн их сургуульд докторант багш, 1998-2000 онд Улаанбаатар хотын «Ус орчин» ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Дорноговь аймгийн Засаг дарга, МАХН-ын хорооны дарга, Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байв. 2008 онд УИХ-ын гишүүн болсныхоо дараагаас Монгол-Чех, Монгол-Камбож, Монгол-Словакийн парламентын бүлгийн даргаар, Монгол-Австрали, Монгол-Африкийн орнууд, Монгол-Болгар, Монгол-Канад, Монгол-Номхон далайн орнууд, Монгол-Турк, Монгол-Хятад, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж байна.

Ж.Батсуурь гишүүн амьдралынхаа олон жилийг удирдах албанд зориулсан нь түүний аливаад бусдыг манлайлж, амжилтад өөрийгөө дайчилж чаддаг шуур-хай, зоримог, зорилгодоо хүрч байж санаа амардаг бүтээлч, шаргуу чанартай нь холбоотой. Тэрбээр говь нутгийн хүү болж төрснөөрөө ихэд бахархдаг гэнэ лээ. Хөдөө нутаг, тэр тусмаа говийн хатуу агаарт «бойжсон» тул нутгийнхныхаа ахуй амьдралыг маш сайн ойлгодог хэмээн ярьдаг юм билээ. Нутгийнхаа хөрсөн дээр, ардынхаа дунд, өөрийн биеэр амьдарч, ажиллаж, оюун ухаан төдийгүй хөлс хөдөлмөрөө Дорноговь нутгийг хөгжүүлэхэд зориулж байсан сэтгэлийг нь сүүлийн найман жилийн турш аймгийн Засаг даргын албыг хашихдаа бүтээсэн түүхээс нь харж болно. Батсуурь гишүүний аав Жамъянсүрэн гуай насаараа морь уясан бөгөөд Аймгийн алдарт уяач цол хүртэж байжээ. Ээж Ж.Дуламжав нь 11 хүүхэд төрүүлж өсгөн, бүгдийг нь эрдэм боловсролтой иргэн болгон хүмүүжүүлсэн болохоор «Манлай ээж», «Саран ээж» хүндэт өргөмжлөл хүртсэн буянтай буурал бий.

Түүний эхнэр Д.Гэрэл нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт улсын ахлах байцаагчаар ажилладаг. Нэг хүүтэй аж. Эрхэм гишүүн маань морь унахаас гадна даам тоглох дуртай. «Санаа зөв бол заяа зөв» гэж хэлэх дуртай тэрбээр спортод хорхойтой нэгэн.  Энэ нь түүний Дорноговийн Хутагтын их хүчтэнгүүд бөхийн дэвжээний тэргүүнээр ажилладагаас харагддаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.