С.Эрдэнэ: “Насанд хүрэхээрээ чи өөрийгөө мэдээрэй.Насанд хүртэл чинь би чамайг мэднэ” гээд аав намайг Чех явуулаагүй
-Хоёулаа яриагаа таны бага нас, хүүхэд ахуй насны тань дурсамжаар эхлэх үү?
-Юуны өмнө "Монголын мэдээ" сонины уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. " Монголын мэдээ сонин" өдөр тутмын сонинууд дундаас өөрийн орон зай эзэлсэн, өнгө төрхтэй. Аливаа асуудалд нэг талыг барьж туйлшраад байдаггүй төвийг сахисан сонин учраас би үргэлж захиалж уншдаг юм. Энэ утгаараа намайг "Чухал хүн" буландаа урьж ярилцлага авч байгаад баяртай байна. Миний бага нас бусдын адил өнгөрсөн гэж хэлж болно. Ер нь социализмын үед өөр өөр амьдралаар өссөн хүн ер нь ховор. Тэр үеийн хуарангийн, хагас цэрэгжилтийн байдалтай амьдрал байсан шүү дээ. Хүн бүрийн амьдрал нэг л төвшинд байсан шиг хүүхдүүд ч мөн адил адилхан хувцас өмсөнө. Бага ангидаа дүрдэг үзгээр бичиж, жаахан томроод ирэхээрээ тэр үеийн л автомат байсан дөрвөн төгрөгийн шахдаг үзэг барьдаг байсан үе. Би бага насаа Ханбогд уулынхаа өвөр, Хатан Туулынхаа эрэг дээр хүн болсон.
-Хэр зэрэг сахилгагүй хүүхэд байсан бэ?
Хөдөлгөөнтэй. Гар зөрвөл буцахгүй. Хөл бөмбөг, сагсан бөмбөг дугуй гэх мэт спортод сонирхолтой байлаа. Одоогийнхтой адил чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар ховор.Интернет гар утасны сураг ч байхгүй. Утсаар ярихын тулд утастай айлын хаалга үүд тогшоод гуйна. Загнуулна. Өдөрт нэг л удаа ярих лимиттэй. Хоёр удаа орвол загнуулдаг л байлаа шүү дээ. Бага байхдаа байрныхаа хүүхдүүдтэй нийлж модонд явна. Манай эмээгийнх байрандаа гал түлдэг байсан болохоор эмээгийнхээ түлээний модыг бэлдэж өгөх зорилгоор л хэдэн найзуудтайгаа нийлж аваад модонд гараад өгнө дөө. Харин миний хүүхэд насанд үлдсэн хамгийн онцлог зүйл гэвэл тэр үеийн үйлдвэрийн ажлын талаар маш сайн мэддэг байсан. Гэр маань үйлдвэр комбинатад байсан болоод ч тэр үү, үйлдвэрийн ажилчдыг маш сайн таньдаг байсан гэхэд хилсдэхгүй. Хэдэн үйлдвэрүүдийн хаагуур орж, гарахаа мэддэг болтлоо тэнэдэг байсан даа. Хурдан том болж үйлдвэрийн ажилтан болох юмсан гэж их хүсдэг байсан. Зургадугаар ангиасаа эхлээд Эсгий гутлын үйлдвэрт ажилд орсон. Хонь ямааны хялгас ноосыг үлээдэг машин дотроос гарсан үс ноосыг зулах машинд дэвсдэг байлаа.
-Тэгэхээр анхныхаа хөдөлмөрийн хөлсийг маш жаахан байхдаа авч үзэж байсан юм байна. Хэдэн төгрөг авч байв. Анхны цалингаараа юу худалдаж авч байсан бэ?
-Сарын 160 төгрөг авдаг байсан. Хоёр сарынх нийлээд 320 төгрөг болдог байсан. Тэр үед бол их л мөнгө шүү дээ. Ээж, аав хоёртоо тус бүр 50, 50 төгрөг өгч байсан санагдаж байна. Үлдсэнээр нь украйн гэдэг том хар дугуй худалдаж авч байсан юм. Есдүгээр анги төгстлөө үйлдвэрт ажилласан. Савхин эдлэл цехийн эсгүүр, гүйцэтгэх цехийн модон эдлэл хаддаг зэрэг янз бүрийн л ажил хийж байсан. Бараг үйлдвэрийн ихэнх ажлыг хийсэн гэж хэлэхэд болно.
-Үйлдвэрт сонирхолтой байсанхэр ньяагаад эрхзүйчмэргэжлээр суралцахболсон юм бэ. Аав ээж ч гэдэг юм уу, хэн нэгний нөлөөлөл байсан хэрэг үү?
-Тэр үед наймдугаар анги төгссөн хүүхдүүдийг Чехэд гутлын үйлдвэрийн чиглэлээр сургадаг байлаа. Түүнд явах гээд тэнцчихсэн байсан чинь Орос руу ажлаар явсан аав маань ирээд"Насанд хүрэхээрээ чи өөрийгөө мэдээрэй. Насанд хүртэл чинь би чамайг мэднэ" гэж хэлээд намайг явуулаагүй. Тиймээс миний явах байсан хуваарь дээр найз маань явчихсан. Чех явах гэдэг бол тэр үеийн хүүхдүүдийн жинхэнэ мөрөөдөл байсан гэж хэлэхэд болно. Тэгээд л аав маань намайг есдүгээр ангид хөтөлж аваачиж байсан даа.
Аравдугаар ангид ангиараа 75 дугаар сургуульд шилжиж анхны төгсөгчид нь болж байсан түүхтэй.
75 дугаар сургууль буюу хуучин 18 дугаар сургуулийг манай аав ээж хоёр хоёулаа төгссөн. Аав ээжийнхээ сургуулийг л төгсөх ёстой байсан юм байлгүй дээ гэж боддог. Аравдугаар ангид байхдаа биологийн чиглэлээр цаашид сурахаар шийдэж конкурстсэн чинь тухайн үеийн Ховдын даргын хүүхэд миний хуваарийг булаагаад авчихсан. Тэгэхээр нь цэрэгт явъя гэж аавдаа хэлсэн зөвшөөрөөгүй. Аав маань дээд боловсролын хороонд очиж нэлээн зарга хийсэн дээ. Өндөр оноотой хүүхдийн хуваарийг арын хаалгаар та нар хүнд өглөө гээд л. Тэгсэн нөгөөдүүл нь дээд боловсролын хорооноос дуртай ангидаа ор гэсэн. Хуваариудыг харж байсан биеийн тамирын анги зүгээр санагдаад орж байсан юм даа.
-Та хэр дурламтгай вэ. Хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэхээр бас охидод нэлээдгүй дурлаж байсан байх тийм ээ?
-Өө ер нь бол дурлана шүү. Хүмүүс дурладаггүй л гэж худлаа ярьдаг болохоос биш амьдралдаа хэдэн мянган удаа дурладаг юм гэсэн. Гэхдээ дурлах хайрлах хоёр өөр гэж боддог. Сайхны өмнө харц буруугүй ч гэдэг үг байдаг. Гоё сайхан бүсгүй төдийгүй эд юмсыг хараад дурлахгүй хүн гэж байдаггүй байх. Нэгэнт л бурхнаас заяасан гоо сайхныг үгүйсгэж буруутгаж чадахгүй шүү дээ. Үнэхээр сайхан бүсгүй явж байвал ямар ч эр хүн дурладаг. Би ч гэсэн дурладаг. Харин дурлалаас хэтэрсэн хэт шалиг зан надад байхгүй л дээ. Хайрлах гэдэг бол шал өөр. Миний хувьд ний нуугүй хэлэхэд өөрийн эрхгүй амьдралын шаардлагаар гэх юм уу даа хоёр гурван удаа л хайрлаж үзлээ. Тиймээс хайр гэдгийг хүндэлж явах ёстой гэж боддог. Амьдрал баян учир хүн бүрт янз бүрийн л зүйл тохиолддог байх л даа. Тэр болгоныг ухаанаар давж гарах ёстой гэж ойлгодог юм даа.
-Аавдаа "Би чамайг мэднэ" гэж загнуулж байсан хүн өөрөө бас тэгж хэлэх үр хүүхэдтэй болж байсан түүхээсээ хуваалцвал сонин байх болов уу?
-20 настайдаа аав болж байлаа даа. Маш залуу байгаа биз. Надад их л сонин санагдаж байсан. Би хүүхдэд их хайртай. Хүний өөрийн нийлсэн зургаан хүүхэд өсгөлөө. Мөн л тэр тооны ач зээтэй өнөр өтгөн өсөж үржиж байна. Би өөрөө эхээс хоёулханаа. Цөөн байхын зовлонг үзсэн болохоор аль болох олуулаа байхыг боддог. Дороо ганц дүүтэй байж байгаад алдчихсан юм. Монголчууд хэлдэгдээ. Нэгийг байхгүйд хоёрыг нэгд бод гэж. Үнэхээр үнэн үг юм билээ. Тиймээс олуулаа өнөр өтгөн байх нь жаргал, зовлонгийн аль алинд нь өмөг түшигтэй сайхан байдаг юм байна гэдгийг ойлгосон.
-Тэр олон хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлсэн таныг муу аав гэж би лав бодохгүй байна. Харин та өөрийгөө хэр сайн аав гэж боддог вэ. Аав байхын хариуцлага үүргийг хэрхэн ойлгодог вэ?
-Аав болно гэдэг асар том хариуцлага. Хүүхэд бүр өөрийнхөө аавыг хамгийн мундаг, бүхнийг чадаж, мэддэг гэж боддог учраас хүүхдийн тэр итгэлийг бид алдахгүй л байх ёстой. Аав нь адуучин, дарга, цэрэг гээд хэн байх нь хамаагүй үр хүүхдэдээ бол дэлхий дээрх хамгийн мундаг л хүн харагддаг. Яг амьдрал дээр бол тэр хүмүүст чадах чадахгүй, мэдэх мэдэхгүй зүйл олон л байгаа. Би ч гэсэн аавыгаа тэгж л бодож тэр хэрээр үнэлж, хэдийгээр бурхан болсон ч гэсэн үргэлж бодож шүтэж амьдардаг. Тиймээс аав байхын үүрэг хариуцлагыг маш сайн ойлгодог. Тэгээд ч миний хүүхдүүд надад их хайртай. Миний сайн аав байж чадсан эсэхийг миний хүүхдүүд дүгнэх болов уу.
-Одоо хүүхдүүд тань нэлээд том болоод тус тусынхаа ажлыг хийж яваа байх тийм үү?
-Зургаан хүүхдийн дээрээсээ гурав нь тусдаа гараад амьдарч байна. Бага гурав нь оюутан. Нэг нь гадаадад анагаахын их сургуульд сурдаг. Хоёр нь МУИС-д сурдаг.
-Та анхны цалингаараа дугуй авч унаж байсан гэхээр техникт их сонирхолтой юм аа даа?
-Сайн морь, сайхан машинд дургүй эр хүн гэж байхгүй байх. Сүүлийн үед бүсгүйчүүд хүртэл сайн унаанд дуртай болчихсон байна. Хурдтай хүчтэй өнгөлөг шинэ машин уная гэж боддог болж. Гэхдээ Монгол орны цаг уур байгалийн онцлогт тохироогүй хэт үнэтэй тансаг машин надад таалагддаггүй. Хааяа нэг гудманд хачин хачин машин харагдаж л байдаг юм. Яаж унаж, бензинээ дийлдэг юм гэмээр л бодогдож байдаг. Манай орны нөхцөл байдалд тохирсон, туулах чадвар сайтай тийм л унаа унах ёстой. Манайх одоо хоёр машинтай. Би өөрөө "Ланд 200" маркийн машин унадаг. Манай эхнэр "Субару " маркийн машинтай.
-Эхнэрээ манай уншигчдадтанилцуулахгүй юу.С.Эрдэнэ гэдэг хүний гэрбүлийг монголчууд төдийлөн мэддэггүй,таньдаггүйболохоор сонирхож байна л даа?
-Эгэл жирийн бүсгүй байгаа. Бас л үйлдвэр комбинатад өсөж, тэнд ажиллаж явсан бүсгүй. Өнөөдөр бизнес эрхлээд явж байгаа. Нэрийг нь Нинжбадгар гэдэг юм. Миний эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Яг үнэндээ миний амьдрал яахав дээ, тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна.
-Элэг бүгэн байхаас илүүсайхан зүйл гэж хаа байхавдээ.Настай хүмүүстэйуулзаж байхад элэг бүтэн амьдарч байхад бага зэргийндутагдах гачигдах юу ч биш шүү хэмээн ярьдаг юм. Их уужуу сэтгэл шүү. Монгол хүний л зан юм даа?
-Хүн бүх зүйлээр сэтгэл хангалуун амьдрах ёстой. Сэтгэл байвал болно оо гэдэг хуучин нийгмийн үеийн ойлголт яваад байдаг л даа. Сэтгэл байвал бусад нь болох нь үнэн. Гэхдээ хүн юугаар ч дутахгүй байх ёстой. Яахаараа хүн өлөн зэлмүүн амьдарч нүцгэн гүйж, "хоёр зээрдээрээ таваргах" ёстой юм бэ. Хүн л юм бол бусдын эдэлж хэрэглэдгийг хэрэглэх ёстой. Тэр тусмаа Монголд асар уудам нутгийн эзэн болж төрчхөөд яагаад ядуу амьдрах ёстой гэж. Бор хоногийнхоо хоолыг яагаад залгуулж чадахгүй явах ёстой гэж. Сэтгэл нь сайхан, гэдэс нь цатгалан л амьдрах хэрэгтэй. Тиймээс Монгол хүн бүр элбэг дэлбэг сайхан орчинд амьдраасай гэж хүсдэг. Тийм амьдралыг хүссэний төлөө хүнийг шуналтай, материаллаг сонирхолтой гэж дуудах албагүй.
-Бэлэг гэдгийг та ер нь юу гэж ойлгодог вэ. Ханьдаа өгч байсан, эсвэл ханиасаа авч байсан хамгийн сэтгэлд хоногшсон бэлэг юу вэ?
-Бэлэг гэдэг нь өөрөө сэтгэлийнх. Хүүхэд нь гэрээ сайхан цэвэрлэчихсэн байж байх нь аав ээждээ сайхан бэлэг. Өдөржин ядартлаа ажиллаад гэртээ ороод ирэхэд сайхан хоол цайгаа хийчихсэн гэр бүлийнх нь хүн угтахад тэр өдрийн бухимдал ор мөргүй арилдаг шүү дээ. Миний хувьд ч гэсэн аль болох ханиа баярлуулах юмсан гэж боддог. Гэнэтийн болон өөр бусад олон бэлгийг олон удаа барьж байсан. Хамгийн анх өөрт нь хэлэхгүй хөөцөлдөж байгаад АНУ-ын виз гаргуулаад хамт явж байлаа. Манай хүний хувьд асар том гэнэтийн бэлэг болж байсан. Эхнэр маань тэр болгон гадаад дотоод яваад байдаггүй. Анх удаа АНУ орж байсан нь миний өгч байсан анхны том бэлэг. Хэн хэнд маань л сайхан дурсамж үлдээсэн.
-Таныг анд сонирхолтой гэж сонсож байсан юм байна. Сүүлийн үед харин нэг их явахгүй байна уу?
-Улаан анчин гэж байдаг бол тэр нь би байсан. Загасчилдаг ч байсан.Харин аав дүү хоёрыгоо нас барснаас хойш анд сүжиггүй болчихсон юм. Амьд амьтныг устгаад түүнээсээ кайф авах нь утгагүй санагдсан. Хүн зовлон үзээд ирэхээрээ өөрийн эрхгүй шүтлэгтэй болдог юм билээ. Аливаа зүйлийг олон талаас нь бодож, хандах хандлага нь хүртэл өөр болчихдог юм байна. Өмнө нь чоно гөрөөс зэрэг янз бүрийн анд явж амьтан алчхаад түүндээ хийморь сэргэж байна гэж ойлгоод л явдаг байлаа. Загасыг ч гэсэн ямар ч зорилгогүй өчнөөнөөр нь бариад олон хүнд хуваагаад өгдөг л байсан. Заавал тэгэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу гэж бодогддог юм. Харин яахав өөртөө амралт болгож хааяа ганц нэгэн загас бариад түүгээрээ хоол хийх бол өөр.
-Сайн тогооч уу?
-Сайн эхнэрийн буянд гэдэг юм уу даа, сүүлийн үед хоол хийхээ больчихоод байгаа болохоос биш хүүхдүүдийнхээ хоолыг хийгээд өгчихдөг байсан. Ер нь янз бүрийн хоолны жор өөрөө зохиож хийх дуртай.
-Анх улс төрд орж байсантүүх тань их сонин юм билээ. Ардчилсанхувьсгалыгэхлүүлэх жагсаал цуглаанууд ч гэсэн яалт ч байхгүй тантай холбоотой. Яагаад ер нь улс төр рүү оръё гэж шийдсэн юм бэ?
-Зөвлөлтийн барилгын байгууллагад эвлэлийн ажил хийдэг байсан. Багануурт ажиллаж байлаа. Нэг удаа хотод орж ирээд МУИС-ийн урд явж байгаад С.Зоригтой таарсан. Бид хоёр тэр үед тийм ч дотно байгаагүй. Эвлэлийн ажлын шугамаар нэг нэгнээ мэддэг байсан. Гэтэл тэр өдөр таараад яараагүй бол лекцэнд ороод гараач гэсэн. Яагаад ч юм тэр хүн надад их хүндэтгэлтэй хүн санагддаг байсан болохоор зөвшөөрөөд МУИС-ийн төв байрны нэг танхимд орсон.
30-аад хүн сууж байсны дотор анх удаа Нэргүй доктор, Бошигт гуай хоёрыг "амьдаар" нь харсан юм.
Бошигт гуай, Нэргүй доктор хоёр хөгжингүй социализм байгуулах ёстой гээд л хоорондоо маргаж байсан. Тэдгээр хүмүүсийн ярьж байгааг би ойлгоогүй ч надад маш их сонирхолтой санагдсан. Танхимаас гараад Зоригт сонирхолтой байгаагаа хэлэхэд "Ирж байгаарай" гэж хэлсэн. Тэр цагаас хойш ер нь алгасаагүй. Явсаар байгаад Залуучуудын соёлын төвийн урд анхны цуглаанаа хийсэн. Анхны цуглаанд би оролцож байсан хэмээн цээжээ дэлдэж ярих хүн их олон болчихсон юм билээ. Яг үнэндээ тэнд 70-аад хүн жагсаалд айхгүйгээр биеэрээ оролцсон. Ямар нэгэн зүйл болоход зугтаахад бэлэн тойроод 200-гаад хүн зогсож байсан санагддаг юм. Бүр алсаас ажигласан 100 гаруй хүн байсан. Анх л тэнд цуглаж МоАХ байгуулагдсан гэдгийг зарлаж хөдөлж байлаа.
-Дараагийнх нь Дуурийн театрын өмнө болж байсан гэдэг байх аа?
-Тиймээ.Тухайн үеийн анхны жагсаал цуглаануудад гар бие оролцсон. Хөгжим техник зөөхөөс эхлээд туг лоозон барих зэрэг бэлтгэл ажил хангадаг байсан. Анхны даа1гавар аваад Багануурт МоАХ байгуулсан. Тухайн үеийн Багануурын Засаг дарга байсан Даваадорж гэх залуу бид хоёр даргын төлөө өрсөлдөөд би ялагдаж байсан юм. Тэр үед ерөнхий прокурор Д.Дорлигжав, Туркт Элчин сайдаар сууж байгаа Очиржав хоёр томилолтоор Багануурт очиж МоАХ-ын анхны том уулзалтыг зохион байгуулсан. Манайд хонож, гурвуулаа будаатай хуурга хийж идэх санаатай сууж байгаад түүнийгээ мартаад хоолоо түлчихсэн. Дүүрэн хүн шавуулчихаад, цаад өрөөндөө хувьсгалаа яриад л, наана нь будаатай хуурга маань түлэгдээд л, хөглөж байлаа даа. Тэгэхдээ л эцэст нь юунд хүрэхээ мэдэхгүй тэмцэж байснаа бодохоор гайхдаг юм. Үнэхээр л залуу насны чадна дийлнэ гэсэн сэтгэлээр л явж байсан. Дараа нь Багануурын анхны намын даргаар сонгогдоод ажиллаж байсан чинь С.Зориг намайг хотод шилжиж ир гэснээр тэр үеийн нийслэлийн Монголын Ардчилсан намын зөвлөлийн ажилтнаар ажилласан. Анх хотод орж ирээд АИХ-ын анхны "сонгуульд Г.Очирбат гуайтай өрсөлдөж, гуравхан хувиар ялагдаж байсан. Тухайн үеийн МАХН-ын даргатай өрсөлдөж байгаа гэдэг утгаараа хэвлэл мэдээллийнхэн их дагадаг байсан.
-Ер нь эрчүүдийн нөхөрлөлийг юу гэж дүгнэдэг вэ. Зарим хүмүүс улс төрд найз байхгүй гэж үгүйсгэж ч ярьдаг?
-Эрчүүдийн нөхөрлөл тэнгэрлэг байдаг л даа. Тууштай, хэр баргийн зүйлд сарниж бутраад байдаггүй. Харин нэг сэв суух юм бол эргэж нөхөхөд хэцүү ариун нандин. Сайхан найзууд надад байдаг. Зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэдний нэг нь С.Зориг. Богинохон цаг хугацаанд гэр бүлийн найзууд байж үргэлж бие биенийхээрээ орж гарч явлаа. Тэр ч утгаараа нөхрөө үргэлж дурсаж байдаг. Өнөөдөр байсан бол миний найз Монгол төрийн том зүтгэлтэн яах аргагүй байх байсан, олон өөрчлөлт шинэчлэлтийг хийх байсан. Тухайн үедээ ч тийм байсан. Хүн нь өөрөө тайван. Залхуудуу ч гэмээр хүлээцтэй. Маш их бодож даацтай шийдвэр гаргадаг. Гэхдээ л эр хүний хувьд зуу татвал татна. Стюардесс гэдэг тамхи татдаг. Өөр тансаг тамхи татдаггүй. Байнгын хорооны дарга байхад нь өрөөгөөр нь ороход суунагласан тамхины утаа л угтана. Хүний өөрийн нийлсэн баахан хүмүүс шатар нүүдэг байсан. Тухайн үеийн МАХН-ынхан маш хатуу, манайхан ч мөчөөгөө өгөхгүй нэг нэгнээ амьдралын дайсан юм шиг хардаг байсан тэр үед бүгд л С.Зоригт үгээ хэлдэг, санал бодлоо хуваалцдаг байснаас нь харахад хүнийг өөртөө татах увьдастай байсан гэж боддог юм.
-Таныг хүмүүс нэлээд хэл амтай гэдэг. Юмыг шууд хэлчихдэг зан тань олны анхааралд арай өөрөөр ойлгогдоод байх шиг байдаг. Үүнээс гадна та улс төрд байж байгаад бизнест хөл тавьсан юм уу?
-Багануураас хотод орж ирээд байж байтал 1992 оны сонгуульд тухайн үеийн гурван нам эвсэж орсон. Тухайн үеийн намд өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй болсон. Манай намын лидерүүд эхэлж авсан нэр хүндээрээ монопольдож ардчиллын ололт амжилтыг бүдгэрүүлэх гэх зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Бошигт гуай их хурц шүүмжилдэг байсан болохоор ад үзэгддэг байсан. Би хэдэн нөхдүүдтэйгээ нэгдэж өмөөрч явсаар байгаад сүүлдээ Иргэний ардчилсан жигүүр нэртэй Монголын анхны фракцийг байгуулж байсан. Түүнийгээ Ардчилсан намынхаа их хурал дээр албан ёсоор зарлаж фракци байгуулж гарч байлаа. 1992 оны сонгуулиас хойш намынхаа ажлаас чөлөө аваад нэг мөсөн бизнесээ хийсэн. Гахай зөөдөг ганзагачдын тэргүүн эгнээнд явсан даа. Мөн Германаас машин оруулж ирдэг байсан. Гуанз, оёдлын үйлдвэр, төмрийн цех зэргийг нээж байсан юм байна. Тэр үеэс 1995 он хүртэл бизнесээ хийж байтал С.Зориг "Одоо болсон юм биш үү, улс төр рүүгээ орооч" гэж хэлсэн. 1995 онд анх Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдсоноос хойш улс төрдөө байна. Харин бизнесийг маань миний муу бурхан болсон дүү үргэлжлүүлээд өвлөөд аваад явсан түүхтэй. Намайг хүмүүс хэрүүлч, заргач гэх зэрэг янз бүрээр л хэлдэг. Хэлэх ёстой зүйлийг цаг тухайд нь хэлэх ёстой гэж боддог. Хэн байх нь хамаагүй, ямар орон зайд байх нь хамаагүй. Тухайн үед нь хэлээгүй үг дараа нь мянган удаа хэлсэн ч орон зайгүй болдог. Тиймээс хэн нэгэн алдаа оноотой байх юм бол шууд хэлчихдэг. Өөрийнхөө зөв гэж бодсон зүйлд тууштай зогсдог. Энэ зан чанар маань хүмүүст заргач ч юм шиг, хэрүүлч ч юм шиг харагддаг байж магадгүй. Эцсийн бүлэгтээ хүн намайг юу гэж хэлэх нь сонин биш оногдсон эрх үүргийнхээ дагуу ажлаа хийх л ёстой гэж боддог.
-Таны ярианаас сонсожбайхад та нэлээд шүтлэгтэй юм шиг байна?
-Бурхан гэдэг бол үнэхээр бодит зүйл. Ямар шашин шүтэх нь хүний эрхийн асуудал. Лал, Хинди, Христ, Буддагийн аль байх нь хамаагүй эцсийн цэг нь нэг. Бурхан байдаг гэдэгт итгээд шүтэж чадах юм бол хүн чанараа хэзээ ч алдахгүй. Харин бурхан гэдэг нь ямар ч хэлбэрээр харагдаж болно. Тухайлбал, би аав ээжийгээ бурхан л гэж ойлгодог. Намайг хүн болгосон хүмүүсээ бурхан гэж үзэх ёстой. Ер нь тэгээд хүний баруун мөрөн дээр бурхан, зүүн мөрөн дээр чөтгөр сууж явдаг юм гэнэ билээ. Үргэлж сайн муухайгийн дэнсэн дээр явж байдаг. Зөв юм хийвэл зөв. Буруу зүйл хийвэл буруу л амьдарна.