Улстөр хийж эхэлсэн л бол таныг дэвсэлж, няцлах болно гэдэгт бэлэн бай
2011.11.04

Улстөр хийж эхэлсэн л бол таныг дэвсэлж, няцлах болно гэдэгт бэлэн бай

 
Эксүүдээс тэтгэврээрээ толгой цохидог

86 настай баронесса Маргарет Хильда Тэтчер 1979-1990 онд Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан. Тэрбээр Английн экс Ерөнхий сайдуудаас хамгийн өндөр тэтгэмжтэй. Төмөр хатагтай сүүлийн таван жилд татвар төлөгчдийн хөрөнгөөс 535 мянган фунт стерлинг /862 мянган доллар/ авчээ. Хэд хэдэн удаа тархины бичил цус харвалт болсон ч Тэтчер олон нийтийн ажилд оролцсоор байна.

Нэр хүндээрээ сая сая доллар хийдэг

Алдартай улстөрчид огцорсон хойноо нэр хүндээ ашиглаж, сая сая доллар хийдэг. Тэдний нэг нь Маргарет Тэтчер. Тэрбээр Даунинг стритэд эзэн сууж байхдаа тамхины эсрэг тэмцэж байсан хэрнээ 1992 онд «Philip Morris» компанитай гэрээ байгуулсан юм. «Washington Post» сонины баталж буйгаар Тэтчерийн анхны даалгавар нь Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг ятгаж, улсын тамхины үйлдвэрийн ихэнх хувийг «Philip Morris»-д заруулах байсан гэнэ. Уинстон Черчиллийг үл тооцвол Англид хамгийн удаан төрийн өндөр алба хашсан Тэтчер одоо «геополитикийн асуудлын зөвлөх»-ийн хувиар жилд 500 мянган евро олдог юм байна.

Би бол сүргийн манлай

Их Британийн анхны бөгөөд цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тэтчер өөрийн тухай, мөн гэр бүл, ажлын талаар ийнхүү өгүүлжээ.

-Өрх бүлийн аж ахуй хөтлөх номлол уншлаа гэж намайг байнга зэмлэдэг. Харин би үүнийг эсэргүүцэж байна. Чухам ийм энгийн жишээ л санхүүчдийг дампуурлаас, улс орныг хямралаас аварч чаддаг.

-Юу ч хийхгүй байх нь аз жаргал биш. Аз жаргал бол өөрийгөө бүрэн ачаалалтай байлгаж, үдэш гэхэд эцсээ хүртэл ядарч цуцсан хэрнээ энэ өдрийг бүрэн дүүрэн амьдарч өнгөрөөсөн гэдгээ мэдрэхэд л оршино.

-Хоног 24 цагаас бүрддэг. Хэрэв бүгдийг нь ажилдаа зориулбал таны тархи байнга дүүрэн байж, өөрийн тухай бодох цаг зав үлдэхгүй. Иймээс нэг ажлыг хийгээд дараа нь хоёр, гурав дахийг нь барьж авах зэргээр амьдар.

-Заримдаа ачаалал хэт ихэсдэг. Гэхдээ амьдралын гол нууц нь үүний 90 хувийг дадал зуршил болгож, хэт ачааллыг хэвийн ажил болгон хувиргахад оршдог.

-Хэн нэгэн намайг миний дур хүслийн эсрэг дуртай зүг рүүгээ чиглүүлэх гэж оролдохыг би тэвчихгүй. Би бол сүргийн манлай, лидер. Хэрэв өөрийнхөө араас дагуулж чадахгүй бол ямар лидер байх вэ дээ. Мэдээж, тэд миний ард хоцорсон. Хэрэв тэд урд минь гишгэсэн бол өөрсдөө лидер байх байсан.

-Өөрт чинь хичнээн хүнд, хэцүү байсан ч олны өмнө хэзээ ч үзүүлж болохгүй. Хэрэв та улстөр, олон нийтийн ажил хийж эхэлсэн бол таныг дэвсэлж, бяцлахад бэлэн бай.

-Янз бүрийн таагүй нөхцөл байдал таны сэтгэлгээг давамгайлахыг зөвшөөрч болохгүй. Энэ үед та зорилгодоо хүрэхийн тулд төмөр мэт эр зоригоо ашиглах хэрэгтэй. Өөр зам байдаг гэж үү?

-Хэзээ ч бөөн олны араас бүү яв. Тэднээс ялгарахаас бүү ай, харин шаардлагатай бол араасаа дагуул.

-Би өөрийн чаддаг бүхний төлөө, надад байгаа бүх зүйлийн төлөө эцэгтээ талархдаг. Ямар нэг зүйлд итгэхийн өмнө учрыг нь сайн ол гэж тэр надад сургасан. Зөвхөн энэ тохиолдолд та үүнийг зоригтой ашиглаж болно. Тэгээд таны замд ямар ч санамсаргүй тохиолдол учирсан тэр байдалтай эвлэрэх шаардлага танд гарахгүй.

-Багадаа хөвгүүдтэй бараг танил биш байхдаа ч би тэдний өмнө өөрийгөө голж, дорд үзэж сураагүй. Зөвхөн хөвгүүд учраас тэдэнд бууж өгч байгаагүй. Харин нас биед хүрсний дараа «Уучлаарай, жентльменүүд ээ. Та нар хэдийнэ хожимдсон гэсэн.

-Миний гэр бүл бол амьдралын маань хамгийн сайн ажил.

-Таны хувьд гал голомт тань амьдралын төв байсан ч өөрийн хүсэл тэмүүлэл, нэр хүндэд дурлах, амжилтад шунахаа түүгээр зааглах хэрэггүй.

-Би хоёр хүүхэдтэй болсы дараа хамаг цагаа гэрийн ажил, үр хүүхдүүдээ асрахад зориулж, улмаар хичээл сургуулиа хаян, өөрийн карьерт цэг тавих байх гэж эмээж байлаа. Гэхдээ өөрийн хувь хүний болон бусад шинж чанараа заавал ямар нэг байдлаар илэрхийлж, ашиг тусыг нь гаргах ёстой гэдгээ би мэдэрч байсан юм.

-Нөхөрт гарахын зэрэгцээ албан тушаал ахихыг хослуулсан улам олон эмэгтэйг ирээдүйд олж харна гэж би найдаж байна. Ийм давхар үүргийн эсрэг эрчүүд тэмцдэггүй. Харамсалтай нь ийм санаа манай эм хүйсийн төлөөлөгчдөөс илүү олон гардаг.

-Би заримдаа ердөө цаг гаруй л унтдаг. Яагаад гэвэл гоё үстэй байхын тулд нойроо золиослох хэрэг гардаг.

-Бүсгүй хүн эр нөхөртэйгээ эвтэй найртай, сайхан амьдрах ёстой. Гэхдээ хэрэв бүсгүй та гэр бүлээс гадуур юу ч сонирхдоггүй бол нөхөртэйгээ ярих юм танд олдохгүй.

-Та хүүхдүүдтэйгээ хичнээн цагийг хамт өнгөрөөх нь чухал биш. Харин хамт байгаа үедээ хичнээн хайр халамж, анхаарлаа зориулж байгаа нь гол зүйл.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.