АГУУ ХАЙРЫН ТҮҮХ: Наполеон, Жозефина
2011.10.25

АГУУ ХАЙРЫН ТҮҮХ: Наполеон, Жозефина

 
Хэдийгээр өөрөөс нь олон насаар эгчмэд бас өөрийг нь хуурдаг, анхны нөхрөөсөө хоёр хүүхэдтэй, Наполеонд угсаа залгамжлах хүү төрүүлж өгөөгүй боловч Бонапарт энэ эмэгтэйг чин сэтгэлээсээ хайрладаг байв. Түүхчид үүний нууцыг өнөөг хүртэл тайлж чадаагүй байна. Ер нь хайр сэтгэлийг нарийн тодорхойлон бодитоор үнэлэх боломж байдаггүй билээ.

Францын ирээдүйн хатан хаан 1763 оны зургадугаар сарын 23-нд Мартинка арлын тариалангийн эзэн Жозефа Гаспара де Таше де ля Пажри болон Мари Роза де Сануа нарын гэр бүлд мэндэлжээ. Шинээр мэндэлсэн охинд Мари Жозефа Роза гэдэг нэр өгсөн боловч бүгд түүнийг Жозефина гэж дууддаг байв. 16 настайдаа виконт Александра де Богарнегийн эхнэр болжээ.

Хосууд Парист шилжин суурьшиж, удалгүй Жозефина Эжен, Гортензия гэдэг хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд нөхөр нь түүнээс бараг салсантай адил байв. Тэрбээр гэртээ ховорхон үзэгдэх болж, гэр бүлгүй мэт аашилдгаа огтхон ч нуудаггүй байлаа. Ийм маягаар 15 орчим жилийг өнгөрүүлжээ. Францын хувьсгалын үеэр тэд шоронд орсон байна.

Аз болоход Жозефинаг шоронгоос суллаж, харин нөхрийг нь цаазаар авчээ. Бэлэвсэн хоцорсон Жозефина дээдсийнхний амьдралаар амьдрах болж, өөрийн гэсэн хөрөнгө мөнгөгүй учраас нууц амрагуудаараа тэтгүүлдэг байв. Тэдний нэг нь Поль Баррас байлаа. Олон зочин уригдсан нэгэн үдэшлэгэн дээр Баррас түүнийг тийм ч царайлаг биш нэгэн залуу офицертой танилцуулжээ. Энэ хүн бол хожим нь генерал болсон Наполеон Бонапарт байв.

Баррас маш нарийн харамч нэгэн байсан учраас Жозефина болон түүний хүүхдүүдийг тэжээхээс зайлсхийн, түүнийг Напелеонтой зориуд танилцуулжээ. Хэдийгээр шинэ амраг нь хөрөнгө чинээ багатай ядуу нэгэн байсан боловч өөрөөс нь зургаан насаар дүү байв. Дараагийн өдөр нь Жозефина Бонапартыг гэртээ үдийн зоогонд урьжээ. Үзэсгэлэнт бүсгүйтэй барьсан оройн зоог гайхалтай болж, Бонапарт Жозефинад өөрийн эрхгүй татагдав. Удалгүй тэд янаг амрагийн холбоотой боллоо. Наполеоныг дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавихад тэд хоёул бичиг баримтан дээр насаа өөрчлөн бичжээ.

Жозефина 4 насаар насаа дарсан бол сүйт хархүү нь хагас жилээр насаа нэмснээр бараг үе тэнгийн хоёр болов. Тэдний хурим 1796 оны гуравдугаар сарын 9-нд болжээ. Залуу хатагтайн хуримын бэлэг нь дотор талд нь «Энэ бол хувь тавилан» гэсэн үг сийлсэн индранил шигтгээтэй бэлзэг байв. Удалгүй алдарт зөнч Ленорманы зөгнөл биелж, Жозефина хатан хаан болжээ. Ялалтаас ялалтад хүрч байсан агуу байлдан дагуулагч дайны талбараас Парист үлдсэн гэргийдээ наалинхай үгтэй захидал өдөр бүр илгээдэг байв. «Хэрвээ чи надад хайргүй болбол миний гэх юм энэ дэлхий дээр юу ч байхгүй» гэж Наполеон бичдэг байжээ.

Харин удаан хугацаанд ганцаар байсан Жозефина хөнгөмсөг зангаа тэвчиж чадаагүй байна. Эхнэр нь өөрийг нь хуурч байгаа тухай яриа Наполеоны чихэнд хүрэх болжээ. 17 сарын хугацаанд эзгүй байсныхаа дараа эзэн хаан Францад эргэн ирэхдээ ойрын хүрээний хүмүүсээсээ эхнэр нь өөрт нь үнэнч биш байсныг нотлох маргашгүй нотолгоог олж, гэр бүлээ цуцлуулж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр өөрөө ч гэсэн нүгэлгүй хүн биш байсан, гэхдээ чин сэтгэлээсээ хайрлаж байсан эмэгтэйн тухайд бол өөр хэрэг байлаа. Гэвч Жозефина уучлан хэлтрүүлэхийг гуйж чадсан бөгөөд гэр бүл нь ч салж сарнисангүй. Энэ явдал нэлээд хожуу болжээ.

Жозефина Бонапартад хаан ширээ залгамжлах хүү төрүүлж өгч чадаагүй учраас тэрбээр улс орныхоо эрх ашгийн төлөө дахин гэрлэхээр шийдсэн байна. Наполеон Австрийн гүнж Мария-Луизатай гэрлэж, 1809 онд Жозефинагаас гэр бүлээ цуцалжээ. Наполеон түүнийг хатан хаан хэвээр үлдээхийн төлөө байв. Мөн хааны хуучин эхнэрийн хувиар Елисейн ордон, Мальмезон, Наваррын шилтгээнийг болон жилд 3 саяыг өгч байхаар болжээ. Түүнд тамга тэмдэг, хамгаалалт, харуул гээд хаан ширээнд сууж байгаа хатан хааны эдлэх ёстой бүх эрх мэдлийг хэвээр үлдээсэн байна.

Жозефина амьдралынхаа үлдсэн он жилүүдийг сонин хачин ургамал тарих, урлагийн бүтээл цуглуулах зэргээр өнгөрөөжээ. Наполеон гэр бүлээ цуцлуулснйхаа дараа ч хайртай хатнаа мартахыг хүссэнгүй. Энэ тухайгаа тэрбээр халуун дулаан үг бүхий захидлууддаа илэрхийлдэг байлаа. Энэ хооронд Мария-Луизагаас хүсэн хүлээж байсан хүү төрж, /түүнийг Ромын хаан гэж нэрлэдэг байв/ Наполеонд жинхэнэ аз жаргалыг авчрав. Ватерлоогийн дэргэд болсон тулаанд ялагдсаны дараа түүнийг Гэгээн Елена арал руу цөлсөн байна. Жозефина түүнийг дагаж явахыг хүссэн боловч ингэхийг нь хоригложээ. Тэрээр 1814 оны тавдугаар сарын 29-нд Бонапартыг хаан ширээнээс түлхэн унагаснаас хоёр сарын дараа Мальмезон шилтгээнд насан өөд болсон байна. Харин Наполеон хайртай бүсгүйгээ нас барснаас хойш удалгүй нас баржээ. Тэрбээр 1815 оны зургадугаар сард Гэгээн Елена аралд нас нөгчихийнхөө өмнө дэмийрэлд автан хайртай Жозефинагийнхаа нэрийг дуудаж байсан гэнэ. Түүний хувьд энэ эмэгтэй сэтггэл зүрхэнд нь үүрд мөнх оршиж байжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.