2011.10.27
Хамгийн солиотой хаад
- Нарыг шүтдэг ацтекчүүд их хааныхаа ширээнд залах ёслолын үеэр 80 000 боолын зүрхээр тахилга үйлджээ. Өөрийн сүр хүчийг илтгэхийн тулд ийм олон хүний амиар өргөл өргөсөн Ahuitzоl /Науатль/ хааныг солиотой гэхээс яах билээ. Тэрээр Ацтекийн 8 дахь хаан бөгөөд Колумбын өмнөх үеийн хамгийн алдартай жанжин байсан. Ahuitzоl 1486-1502 онд хаан суухдаа газар нутгаа 2 дахин томруулжээ. -Францын хаан VI Чарльзыг Солиот гэдэг байв. Тэр улс орноо 1380-1415 онд захирч байжээ. Хаан өөрийгөө шилэн гэж үздэг байсан. Иймээс хагарчихгүйн тулд хувцсандаа энд тэндгүй төмөр саваа хийдэг байлаа. -Цусан төрлийн гэрлэлтээс болж, Их Британы олон ч хаан солиорсон. Тэдний ихэнх нь тулай өвчин тусч, оюуны хомсдолтой байсан юм. Солиотой хаадаас хамгийн алдартай нь Галзуу III Жорж. Энэ хаан Английг 18 зуунд захирч байв. Сохор, дүлий хаан Виндзорын шилтгээнд 1820 оны 1-р сарын 29-нд нас нөгчжээ. Энэ үеэр Их Британы гүнж Каролина Матильда 15 настайдаа Данийн VII Кристиан хаантай гэрлэв. Хаан мөн сэтгэцийн гажигтай байсан гэдэг. -Америкт ч мөн галзуу, солиотой хаан байсан. Өөрийгөө Император I Нортон гэдэг нэг эр 1859 онд өөрийгөө Америк ба Мексикийн хаан хэмээн зарлажээ. Тэр Сан-Францискогийн сонинд “Төрийн тусгаар тогтнол” хэмээх өөрийн захиаг нийтлүүлсэн юм. Энэ захиаг АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн, Английн хатан хаан Виктория нар маш анхааралтай судалж байжээ. -IX Луи хааныг төрсөн эх нь хүртэл солиотой гэдэг байсан. Хэдий тийм ч хаан маш шүтлэгтэй, ариун ёс суртахуунтай байсан гэдэг. IX Луи хаан 1214-1270 онд улсаа захирч байсан ба 2 удаа Загалмайтны аян дайныг зохион байгуулжээ. Хааны өвчин удамшиж, түүний бага хүү Клермонтын Роберт бас галзуурсан. Тэрээр толгойгоороо чарга мөргөсний дараа жаахан гажиг болсон байна. -Францын хаан II Кловис солиотой хэмээн түүхэнд тэмдэглэн үлджээ. Тэрээр 3 настайдаа хаанаар өргөмжлөгдсөн байна. 639-658 онд хаан суухдаа тэрээр эрх мэдэл булаацалдсан төрсөн ахаа хөнөөжээ. Кловис бие султай нэгэн байсан тул морь хөллөсөн тэргээр зорчсон анхны хаан болжээ. Өмнө нь бүх хаад зөвхөн морь унаж явдаг байсан юм. Кловис хаан үе үе ухаан алдаж унадаг, солио өвчтэй байв. Энэ нь удамшиж, түүний ач хүү III Чайлдерик мөн тэнэг гэсэн хочтой болжээ. - Испаний Габсбургийн хаад нь Кастилийн Солиот хочит Жоанна хатан хааны удмынхан. Жоанна хатан хаан оюуны хомсдолтой нэгэн байсан. Учир нь тэдний өвөг дээдсийн дунд цусан төрлийнхөнтэйгээ гэрлэдэг уламжлал байлаа. Иймээс Испаний хаан II Карлос ч мөн эрэмдэг төржээ. Түүний толгой гаж хөгжилтэй байсан төдийгүй асар том эрүүтэй учраас хоолоо ч зажилж чадахгүй, бас арай гэж ярьдаг байлаа. -Ромын 3 дахь император Калигула эрх мэдлийг гартаа авахын тулд төрсөн эцэг, эх, хоёр ахаа хөнөөжээ. Тэрээр манай эриний 37-41 онд Ромыг захирч байв. Түүний талаар Сенека “Хязгааргүй эрх мэдлийг хэмжээлшгүй завхайралтай хосолбол юу болохыг дэлхийд харуулах гэж энэ хүнийг байгаль эх бүтээсэн” гэж хэлжээ. Сэтгэцийн хүнд өвчин туссаны дараа Калигула эрс өөрчлөгдсөн. Иймээс түүнийг галзуурсан тухай яриа дэгдсэн байна. Калигулагийн баримталдаг зарчим нь “Надыг үзэн ядсан ч яах вэ, айж л байвал болоо”. Түүний хаанчлалын үед Ромд эзэн хаант засаглалын эх суурь тавигдсан. Удалгүй тэр бүх иргэнийг боол хэмээн тооцох болж, өөрийгөө цорын ганц, амьд хууль хэмээн зарлав. Калигула ганц өдөрт л 10 сая сестерци үрж байсан нь хэдэн мужийн бүтэн жилийн татвартай тэнцэж байлаа. Ийнхүү Тиберийн 2 тэрбум 700 сая сестерцийг тэр бараг жил хүрэхгүй хугацаанд үрж дуусчээ. Император маш олон татвар санаачилжээ. Шинэ жилээр хаанд өргөх бэлэг, охины төрсөн өдрийн хураамж гэх мэт. Солиотой хаан сүүлдээ гладиоторуудын тулаанд өөрөө орж, ихэс дээдсийг ч үүнд татан оролцуулдаг болов. Калигула завхай явдлаараа түүхэнд мөнхөрчээ. Тэр төрсөн эгч, дүү гуравтайгаа завхайрахын зэрэгцээ олон бүсгүйг нөхрөөс нь салгаж өөрийнх болгож байлаа. Калигулагийн хобби нь гоо үзэсгэлэнтэй хүмүүсийг эрэмдэглэх.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.