Орчин цагийн хаадын амьдрал
Тайландын хаан Бхумибол Адулядеж
Өдгөө нас сүүдэр 80 давсан Тайландын хаан Бхумибол Адулядеж хамгийн хамгийн гэх гуншин олонтой нэгэн. 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй тэрээр Тайландын хамгийн баян хүн бөгөөд дэлхийн хаадын хамгийн баян нь. Улсынхаа бүхий л тэргүүлэгч компани. корпорациудаас хувь эзэмшдэг. Тэрээр Тайландын түүхэн дэх хамгийн олон жил буюу 65 жил зургаан сар хаан ширээнд суусан эзэн хаан. АНУ-д мэндэлж, Швейцарьт боловсрол эзэмшсэн тэрээр хамгийн олон буюу 136 их сургуулийн хүндэт доктор цолтойгоороо дэлхийн дээд амжилт эвдсэн байна. Тайландын эзэн хааны ордон 1782 онд Бангкокт баригдсан бөгөөд Чао Пхрая мөрний зүүн эрэг дээр нийт 218 мянга 400 ам метр талбайг эзлэн оршдог байна. Тайландын хааны гэр бүлийнхэн гадаад дотоодод маш их хэмжээний газар эзэмшдэг бөгөөд зөвхөн Тайландад л гэхэд 3493 акр газар эзэмшдэг байна. Үүнээс гадна гурван онгоц, хоёр лимузинтэй юм байна.
Арабын нэгдсэн эмират улсын ерөнхийлөгч /Эмир/ Шейх Халифа Бин Заид Аль Нахян
Арабын Нэгдсэн Эмират улсын эмир өдгөө 60 настай тэрээр 23 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Улсынх нь газар нутаг дээрх газрын тосны арвин их сан түүний хөрөнгийн эх сурвалж. Эмирийн албан ёсны ордон нь Амити Ордон. Эмирийн ордныг гантигаар өнгөлж, алтаар бүрж чимэглэсэн байдаг бөгөөд 400 гаруй өрөөтэй юм байна. Мөн тэрээр үзэсгэлэнт Сейшельс арал дээр худалдан авсан газар дээрээ зургаан давхар тансаг харш бариулж байгаа аж. "Эмиратын ордон нэртэй тансаг зэрэглэлийн зочид буудлыг хүмүүс эмирийн ордонтой үргэлж андуурдаг. "Кемпинский" группийн удирдлагад үйл ажиллагаа явуулдаг Эмирийн ордон дэлхийн хамгийн үнэтэй зочид буудалд тооцогддог бөгөөд эмирийн ордны адил дотоод засал чимэглэлийг нь алт болон хамгийн өндөр чанарын гантигаар ашиглан урласан 400 гаруй дээд зэргийн тансаг өрөөтэй юм байна.
Саудын аравийн хаан Абдулла Бин Абдул Азиз Аль Сауд
Өдгөө 84 настай Саудын Аравийн хаан 21 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй. Хаан Абдулла өгөөмөр зангаараа алдартай бөгөөд хамгийн сүүлд Польшийн нэгэн сиамын ихрийг салгах мэс заслын бүх зардлыг гаргасан байдаг. Хариуд нь түүнийг польш ихрүүдийн төрсөн тосгоны хүндэт гишүүн болгосон байна. Үүнээс гадна Риядх болон Мароккогийн Касабланкад өөрийн нэрэмжит номын сангуудыг байгуулж, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт нэг тэрбум ам.доллар, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Сычуань мужид 60 сая, өөрийн нэрэмжит Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөгжлийн санд арван тэрбум ам.доллар тус тус хандивлаж байжээ. Риядх дахь хааны ордон 1.6 ам км талбайг эзэлдэг бөгөөд гялалзтал өнгөлсөн гантиг чулуун замууд, үзэсгэлэнтэй хиймэл нуурууд, ягаан өнгийн нүд гялбам тансаг харшуудтай, архитектурын жинхэнэ гайхамшигт бүтээлд тооцогддог байна.
Брунейн Султан
Өдгөө 62 настай Брунейн Султан нь 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн агаад 600 жил оршин тогтнож буй эртний лалын шашинт эзэнт гүрний 29 дэх удмын султан юм байна. Тэрээр 6000 ширхэг машины цуглуулгатайгаараа алдартай төдийгүй түүний албан ёсны өргөө болсон Истана Нурул Иман ордон нь дэлхийн хамгийн том хааны ордонд тооцогддог аж. 200 мянган ам метр талбайг эзлэн орших энэхүү үзэсгэлэнт ордныг барихад султан 400 сая ам.доллар зарцуулжээ. Султаны ордон 1788 өрөөтэй, тэдгээрийн 257 нь угаалгын өрөө юм байна. Хүлээн авалтын танхим нь нэг дор 5000 зочин хүлээн авах хүчин чадалтай, 1500 гаруй сүсэгтэн цугларч болох сүмтэй аж. Мөн ордон 110 машины зогсоолтой, Султаны 200 гаруй полоны давжаа морьдод зориулсан агааржуулалтын бүрэн системтэй жүчээ, таван усан сантай юм байна. Үүнээс гадна барилгыг чимэглэж тоноглоход 564 гэрлийн бүрхүүл, 51 мянган гэрлийн шил орсон агаад ордноор аялахад зориулсан 44 шат, 18 цахилгаан шаттай юм байна. Брунейн султан ордондоо өөрийн машины цуглуулгуудыг хадгалдаг бөгөөд тэдгээрийн дунд 165 Роллс Роис байдаг аж.
Их Британийн Хатан Хаан
Бидний, дэлхий дахины хамгийн сайд мэдэх орчин үеийн хаан угсаатан бол Их Британийн хатан хаан II Элизабет. Өдгөө 650 сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг хатан хааны албан ёсны өргөө нь Их Британийн хаадын удмынхны үе уламжлан амьдарч ирсэн алдарт Букингэмийн ордон. Энд хааны гэр бүлийнхэн амьдрахаас гадна төрийн ёслолын арга хэмжээнүүдийг зохион байгуулж, олон улсын зочдыг хүлээн авдаг байна. 775 өрөөтэй аварга букингэмийн ордон зочид гийчдэд нээлттэй байдаг байна. Хатан хаан болон түүний нөхөр Эдинбургийн гүнгийн хувьд албан ёсны гурав, хаан эцгээсээ өвлөсөн хувийн дөрвөн ордон, харш, шилтгээнтэй юм байна. Лондон дахь Букингэмийн ордонд даваагаас баасан гариг хүртэл байдаг бол Беркшир дэх Уиндсорын шилтгээнд амралтын өдрүүдээ өнгөрүүлэхээс гадна Улаан өндөгний баяраар нэг сар амьдардаг байна.
Кувейтийн Эмир Шейх Сабах Аль Сабах
Хамгийн сонирхолтой нь Кувейтийн эмир хааны шууд угсааны хүн биш бөгөөд тус улсын 13 дахь шейхийн эцэг нэгтэй дүү нь юм байна. Тэрээр 40 жил Кувейтийн Гадаад хэргийн сайд байсан бөгөөд угсаа залгамжлах хунтайж төр барьж чадахааргүй хүнд өвдсөн болохоор 2006 онд хаан ширээнд заларчээ. Өдгөө 82 настай тэрээр 500 сая ам.долларын хөрөнгөтэй. Түүнд эд хөрөнгө, эрх мэдэл, орд харш цөм байдаг тийм ч аз жаргалтай нэгэн биш гэж болно. Учир нь, Кувейтийн эмир 1990 оны наймдугаар сард Иракийн эзлэн түрэмгийллийн үеэр эхнэрээ алдсанаас хойш ганц биеэр амьдарч байгаа аж. Дээр нь дөрвөн хүүхдийнх нь хоёр нь мөн нас баржээ. Охин Шейха Салва нь хөхний хорт хавдраар хорвоог орхисон тул эмир охиныхоо дурсгалд зориулж ордноо Дар Салва хэмээн нэрлэсэн байна. Харин нэг хүү нь автомашины ослоор өөд болжээ.
Свазиландын Хаан III Мсвати
18 насандаа хаан ширээ залгамжилсан Свазиландын хаан Мсвати 200 сая ам.долларын хөрөнгөтэй. Тэрээр хэтэрхий үрэлгэн, замбараагүй амьдралын хэв маягтайгаараа алдартай нэгэн бөгөөд 13 эхнэртэй юм байна. Улсынхаа тусгаар тогтнолын 40 жилийн ойг өөрийн 40 насны төрсөн өдөртэй хамтатган тэмдэглэхэд 2.5 сая ам.доллар зарцуулснаараа дуулиан бай болж өнгөрсөн зуны амралтаараа зөвхөн дэлгүүр хэсэхдээ зургаан сая ам.доллар үрж байжээ. Гэсэн ч улс оронд нь ажилгүйдэл 40 хувиас давж, хүн амынх нь бэлгийн идэвхтэй амьдралтай хэсгийн дөрөвний нэг нь ДОХ-ын халдвартай гарчээ. Хааны албан ёсны ордон нь Лозита. Тэрээр ордноо дахин чимэглэж, эхнэрүүддээ ордон барьж өгөхөд 15 сая ам доплар зарцуулж байжээ.
Бутаны Луу Хаан Жигмэ Хесар Намгиел Вангчук
Гималайн хормойд орших Бутаны вант улсын луу хаан Оксфордын их сургуульд боловсрол эзэмшсэн, дөнгөж 31 настай дэлхий хамгийн залуу хаан юм байна. Түүнийг хамгийн царайлаг хаанаар мөн нэрлэж байсан бөгөөд саяхныг хүртэл гэрлэлгүй охид бүсгүйчүүдийн харцыг булааж, горьдлого төрүүлсээр байжээ. Ингээд Луу хаан өнгөрсөн сард 21 настай, язгуур угсаагүй оюутан бүсгүй Жецун Пематай гэрлэсэн байна. Хаан 17 настайдаа эхнэрээ анх удаа хараад дурлаж байсан бөгөөд тухай үед Жечун дөнгөж долоохон настай байжээ. Тиймээс Жигмэ том болсон хойно чинь миний сэтгэл хэвээр байвал гэрлэнэ гэж хэлж байсан байна. Ташичойзон ордон хааны гэр бүлийн албан ёсны харш юм байна. Баяр наадам, амралтын өдрүүд болон ажлын цаг дуссаны дараа ордон олон нийтэч нээлттэй байдаг байна. Ордны барилгууд бүгд алтан ганжиртай юм байна.