Гандигийн гэр бүлийн гинжин хэлхээ
Неру-Гандигийн гэр бүлийн дөрөв дэх удирдагч
Энэтхэгийн төрийг хагас зуун жил барьсан Неру-Гандигийн гэр бүлээс дараагийн нэг удирдагч төрлөө. Тэр бол гэр бүлийнхээ тав дахь үеийн төлөөлөл болсон Рахул Ганди юм. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавхарлал Неругийн гуч, Индира Гандигийн ач хүү Энэтхэгийн улс төрд хөл тавиад аль хэдийнээ арван жил өнгөрсөн. Гэсэн ч өнгөрсөн тавдугаар сард болсон Парламентын сонгуулиар сүүлийн 10 жилийн турш тогтоогоод байсан ноёрхлоо алдлаа. Намын дарга Рахул Ганди ялагдлын хариуцлагыг өөртөө хүлээнэ гэдгээ зарласан.
Гэр бүлийн гинжин хэлхээ
Мотилал Неру /1861-1931/
Бараг нэг жаран үргэлжилж буй Неру-Гандигийн улс төрийн замналын эхийг тэртээ 1928 онд Мотилал Неру тавьсан түүхтэй.
Энэтхэгийн төрийг хагас зуун жил барьсан Неру-Гандигийн гэр бүл
Тэрээр Энэтхэгийн Конгресс намын тэргүүнээр богинохон хугацаанд ч гэсэн хоёр удаа сонгогдон ажиллаж байгаад 1929 онд хүү Жавхарлал Неруд намын даргын суудлаа шилжүүлжээ.Барууны соёл боловсролоор хүмүүжиж, хуульч мэргэжил эзэмшсэн анхны энэтхэгчүүдийн нэг Мотилал Неру Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан идэвхтнүүдийн нэг юм.
Жавхарлал Неру /1889-1964/
Жавхарлал Неру бол тусгаар тогтносон Энэтхэг улсын хамгийн анхны бас хамгийн олон жил албан хашсан /1947-1964/ Ерөнхий сайд байв. Эцгийнхээ зүтгэж явсан Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг үе залгамжлан тэргүүлж, 1929 онд Конгресс намын Ерөнхийлөгчөөр сонгогдон тэрээр 1952 онд Энэтхэгийн анхны сонгуульд намаа удирдаж ороод ялалт байгуулснаар Ерөнхий сайд болох зам нь нээгдсэн юм.
Тэрээр Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх олон арван жилийн тэмцлийн гол тоглогч байсан билээ. Тиймдээ ч оны Энэтхэг улс тусгаар тогтносноо дэлхий нийтэд тунхаглан зарлахад улсынхаа тугийг хүндэтгэлтэйгээр залах эрх ганцхан түүнд ногдсон билээ.
Индира Ганди /1917-1984/
Аав Жавхарлал Неруг, Түүний ганц охин Индира Ганди хамт
Жавхарлал Неругийн ганц охин Индира Ганди аавынхаа ятгалгаар залуугаараа улс төрд орсон юм. Швейцарьт өсч, Английн Оксфордын их сургуульд дээд боловсрол эзэмшсэн Индира багаасаа улс төрийн идэвхтэй нэгэн байжээ.
Индира аавыгаа Ерөнхий сайд байх үед орон тооны бус туслахаар нь ажиллаж, Конгресс намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад, 1964 онд эцгээ нас барсны дараа Засгийн газарт орж ажилласан юм.
Хоёр жил танхимын сайдаар ажилласан тэрээр 1966 онд Ерөнхий сайд болж, 1977 оны сонгуульд ялагдал хүлээх хүртлээ Засгийн газар тэргүүлсэн. Гурван бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар тэргүүлсэн тэрээр Энэтхэгийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд. 1984 онд тэрээр Сих нутгийн ариун газар Алтан сүм рүү арми оруулах шийдвэр гаргасан нь эцэстээ өөрийнх нь аминд хүрэх аюултай алхам болжээ. Түүний шийдвэрт уурссан сөрөг хүчний хатгалгаар хоёр бие хамгаалагч нь Индира Гандигийн аминд хүрсэн юм.
Ражив Ганди /1944-1991/
Индира Гандиг улс төрийн халдлагад амиа алдсаны дараа Конгресс намынхны ятгалгаар онгоцны нисгэгч хүү Ражив нь улс төрд орсон юм.
Улс төрд орохыг тэр өөрөө, эхнэр Сониа Ганди ч эрс эсэргүүцэж байсан гэдэг. Гэвч эхийнх нь үхэл түүнийг гарцаагүй улс төрд түлхэн оруулжээ.
Ражив гэр бүлийнхээ уламжлалын дагуу баруунд өсч хүмүүжжээ. Кэмбриж, Империал зэрэг нэр хүндтэй их сургууль коллежид суралцсан ч зэрэгтэй төгсч чадаагүй тэрээр ээжийгээ Ерөнхий сайд байх үед Энэтхэгийн агаарын тээврийн компанид мэргэжлийн нисгэгчээр ажиллаж байлаа. Хоёр хүүхэд нь төрж, Раживын амьдрал ид тогтож байсан ч тэрээр улс төрд ямар ч сонирхолгүй гэдгээ мэдэгдэж, харин түүний оронд дүү Санжай нь ээждээ түшиг тулгуур болж улс төрд оролцож эхлэв.
Гэвч дүү нь онгоцны ослоор нас барсны дараа Раживыг улс төрд оруулах гэсэн элдэв ятгалга энд тэндээс ирэх болжээ. Улс төрд орохыг тэр өөрөө, эхнэр Сониа Ганди ч эрс эсэргүүцэж байсан гэдэг. Гэвч эхийнх нь үхэл түүнийг гарцаагүй улс төрд түлхэн оруулжээ. Удирдагч Индирагийн хоосон орон зайг нөхөж, намаа аваад явчих хүн тэр үед үнэндээ Конгресс намд байгаагүй юм.
Тиймдээ ч энэ элит гэр бүлээс дахин хүн гаргаж ирэх хэрэгтэй байлаа. Ингээд Ражив 40 насандаа ээжийнхээ халааг авч, сонгуульд ороод үнэмлэхүй ялалт байгуулан, Энэтхэгийн ес дэх Ерөнхий сайдаар сонгогдов. 1989 оны сонгуулиар ялагдал хүлээх хүртлээ Засгийн газар тэргүүлсэн Ражив Энэтхэгийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд байв.
1991 оны хавар Ражив намынхаа кампанит ажлаар олон нийттэй уулзан, талбайд үг хэлж байхад нь Тамил Тзйгер бүлгийн амиа золиослогч бөмбөг дэлбэлэн түүний аминд хүрсэн юм.
Сониа Ганди /1946/
Сониа Ганди Италид төрж өссөн ч гайхалтай энэтхэгжсэн хүн. Тэрээр 1964 онд Кэмбрижийн нэгэн зоогийн газар зөөгчөөр ажиллаж байгаад Раживтай учирчээ.
Сониа Ганди Раживтай адил улс төрөөс хол байхыг эрхэмлэдэг байсан ч нөхрийнх нь үхэл түүнийг улс төр рүү түлхэн оруулсан юм.
Сониа Ганди Раживтай адил улс төрөөс хол байхыг эрхэмлэдэг байсан ч нөхрийнх нь үхэл түүнийг улс төр рүү түлхэн оруулсан юм6
Раживын дараа Ерөнхий сайд болсон Нарасимагийн удирдсан Конгресс нам сонгуульд ялагдсаны дараа Сониа улс төрийн тавцанд гол тоглогчийн дүрээр гарч ирсэн. Тэрээр Конгресс намыг хүчтэй сөрөг хүчин болгож, дараа-гийн сонгуульд ялахад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Тэрээр 2004 оны сонгуульд намаасаа Ерөнхий сайд болно гэж далд итгэлтэйгээр нэр дэвшиж, амжилтад ч хүрсэн. Гэвч түүнийг энэтхэг үндэстэн биш , харь хүн гэсэн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулгарч, намаа ялалтад хүргэсэн ч Ерөнхий сайдын суудлаас татгалзахад хүрчээ. Тэрээр одоогийн Ерөнхий сайд Манмохан Синхэд боломж олгож, өөрөө Конгресс намын даргаар үлдсэн юм.
Рахул Ганди /1970/
Рахул эмээгээ нас барахад 14-тэй байсан бол, аавыгаа алдахад 21 хүрч, улс төрийн амьдрал ойлгож мэдрэхтэй болсон байлаа.
Рахул 2004 оны сонгуулийн өмнө л парламентад нэр дэвших болсноо зарласан юм.
Гэвч тэр 2000 оны эхэн үе хүртэл улс төрийн хүрээнээс ангид амьдарч байв. Эмээ, аав хоёр нь улс төрийн аллагад амь үрэгдсэн учир аюулгүй байдлын үүднээс түүнд гэрээр хичээл заадаг байжээ. АНУ-ын Роллинс коллежид сурахдаа ч Рахул Винчи гэдэг нууц нэрээр төгссөн байдаг. Рахул 2002 онд Энэтхэгт буцаж ирэх хүртлээ Лондонд стратегийн зөвлөгөө өгөх фирмд ажиллаж байсан байна.
Түүнийг эх орондоо ирэхэд улс төрд орох нь гэсэн сэжиг таамаг хэвлэлээр нэг шуугиан тарьсан ч Рахул 2004 оны сонгуулийн өмнө л парламентад нэр дэвших болсноо зарласан юм. Тэрээр өөрийн нэр дэвшсэн тойрогт үнэмлэхүй ялалт байгуулаад зогсохгүй, намаа өндөр санал авахад ч багагүй нөлөөлжээ.