УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Би УИХ-ын гишүүн байхаа больвол ойн байцаагч болно
2011.12.09

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Би УИХ-ын гишүүн байхаа больвол ойн байцаагч болно

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай ярилцлаа
УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы албаны өрөөнд албагүй яриа өрнүүлэв. Ажил ярихгүй гэж амласан ч бидний яриа үе үе албаны шинжтэй болчихоод байлаа. "Хийж байгаа ажил маань ийм болохоор яалт байхгүй орчих юм" хэмээн тэрээр өөрийгөө цайруулсан.
-Өрөөнд тань анх орж байгаа хүнд та юуг эхлэн танилцуулж, сонирхуулдаг вэ?
-Даланзадгад хотынхоо энэ зургийг хамгийн эхэлж танилцуулдаг юм. Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын бага сургуульд нэгдүгээр ангид орж байлаа. Эмэг ээж дээрээ өссөн л дөө. Эмэг ээж маань тэр үед сарлаг малладаг байв.
-Говьд сарлаг малладаг байсан гэж үү?
-Хүмүүс гайхдаг юм. Би Гурван сайхан уулын Зүүн сайхан ууланд өссөн хүн. Манай Гурвансайхан уул хангайн уулстай адилхан горхи, булаг рашаантай. Мал аж ахуй тэр дундаа хангайд байдаг сарлагтай. Би өглөө эрт босож тугал татахаас эхлээд тугал хариулах, үхрээ бэлчээрт гарсны дараа зэл цэвэрлэх гээд бүхий л ажлыг багаасаа хийж өссөн. Сарлагийн тугал хариулж, сарлагийн өрөм гэхээс илүү хусам идэж өслөө гэхээр хүмүүс говийн хүн байж ингэний хоормогоо уугаад, ингэний хуруудаа идээд гэхгүй хангайн юм яриад гэдэг юм.

Одоо бол сарлагийн тоо толгой их цөөрсөн дөө.
Цөөн тооны айлд л сарлаг байна. Байгаль орчны доройтол, цөлжилтөөс болоод ус, бэлчээр ч хүнд байгаа. Би Их хурлын гишүүнээсээ больвол хамгийн эхлээд нутагтаа сарлагаа өсгөнө гэж боддог юм. Мөн говийн бахархал мазаалайгаа өсгөхөд анхаарна. Гуравдугаарт, бүс нутагт аж үйлдвэржилтийн хөлд хамгийн их хэлмэгдэж байгаа хулангийн тоо толгойг нэмэхийн төлөө ажиллана гэж боддог. Хүмүүс "Ойн байцаагч болно" гэдэг бол би говийнхоо дархан газрын байцаагч болно. Энэ зураг надад сайхан түүх өгүүлдэг юм.
-Та багадаа ямар хүүхэд байв?
-Би Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өссөн. Дотуур байранд амьдардаг, дэггүй хүүхэд байлаа. Сүүлд нь гэр бүлтэй болж хадмындаа амьдарч байгаад айлын хажуу өрөөнд өрх тусгаарлан гарсан. 1990 онд аймгийн Тэргүүн дэд даргаар сонгогдоход аймгийн захиргаанаас надад гурван  өрөө  байр өгч байсан юм. Тэр үед надад их том санагдаж нутгийн нэлээд нэртэй эмчтэй гурван өрөөгөө сольж, хоёр өрөө байр авсан. Аймгийн захиргааны намхан байшингаас ажил амьдралын гараагаа эхэлсэн хүн. Энэ байшинд л амьдарсан хүн дээ.
-Хамаатнаас дутахгүй найзууд гэж ярьдаг. Ингэхэд та хэр олон найзтай вэ.
-Би нэгдүгээр ангиасаа л дарга хийсэн. Ангийн даргаас эхлээд есдүгээр ангидаа гэхэд сурагчдын зөвлөлийн дарга болсон. Тиймээс маш олон найзтай. Сургуулийн, дээд сургуулийн, ажил, амьдралын гээд олон найз бий. Бид 1980 онд 10 дугаар анги төгссөн. Арвын таван бүлэг байсан юм. Манай төгсөлтийнхөн одоо анги, бүлгээрээ биш төгсөлтөөрөө уулздаг болсон. Тэгээд сургуульдаа, аймаг орон нутагтаа хэрэгтэй зүйл ярьж, хамтарч шийддэг. Тэр олон дунд янз бүрийн л амьдралтай хүмүүс байна, Ядарч яваа нэгэндээ бусад нь тус дэм болохоос эхлээд бид амь нэг.
-Их хурлын гишүүдээс мөнгө нэхэхээс эхлээд янз бүрийн гуйлга тасардаггүй байх даа. Та гуйлгад хэр дарагдаж байна?
-"Залгасан дуудлагын 99 хувь нь гуйлга байдаг" гэж гишүүд бид хоорондоо хошигнодог юм. Үнэний ортой шүү. Надад хандсан тусламж дэмжлэгийг 100 хувь биелүүлж чаддаг гэж өөрийгөө боддог. Сургалтын төлбөр байхгүй, сургалтын төрийн санд хандаад өгөөч, хууль хяналтын байгууллагад хандмаар байна туслаач гэсэн олон хүсэлтэд бид аль болох  сэтгэлээсээ тусалдаг.
Ганц тусалж чаддаггүй зүйл нь мөнгөн гуйлга.
Яахав, заримдаа унааны зардалгүй байгаа хүмүүст 20-30 мянган  төгрөг өгөх, онгоцны тал зардлыг нь даах зэргээр чадлаараа тусалдаг. Гэхдээ 2-3 сая, 20-30 төгрөг нэхэж байгаа хүмүүст чаддаггүй. Үнэнээ л хэлдэг. Зарим хүн 20-30 сая төгрөг гуйчихаад тэрийг нь өгөхгүй бол харамч гэдэг юм. Надад 20-30 саяыг хүссэн болгонд өгөх мөнгө байхгүй. Гэхдээ сэтгэлээрээ баян хүн.

-Гэр бүлээ танилцуулаач. Хэдэн хүүхэдтэй билээ?
-Хань  маань  багш мэргэжилтэй одоогоор ойр зуурын бизнес хийж байгаа. Багшийн мэргэжлээрээ сүүлийн жилүүдэд ажиллаагүй. Манайх дөрвөн хүүхэдтэй, хоёр нь тусдаа гараад айл гэр болчихсон. Хоёр нь одоо хамт амьдарч байна.
-Өвөө болсон уу?
-Хоёр зээ хүүтэй. Залуугаараа өвөө болсон шүү. Миний дотны найз С.Ламбаа маань дөнгөж саяхан   өвөө   болсон.Мэдээж залуу байхад хүүхдүүдийнхээ төлөө явдаг байсан бол одоо хүүхдүүдээсээ ялгаагүй зээ нарынхаа төлөө гэдэг юм байна.
-Өвөө болох мэдрэмж аав болохоос ямар ялгаатай байна?
- Өвөө болно гэдэг хариуцлага байдаг гэдэг. Миний таньдаг Амарбаясгалан гэдэг залуу хүний амьдралын зургийг их сонин тайлбарладаг юм. Хүн залуудаа сураад нэг дипломын төлөө амьдардаг. Дипломоо авчихаад ажилд ороод түүнийгээ худалдаж амьдардаг. Ингээд нэг албанд зүтгэж зүтгэж хөгшрөөд албан тушаалаасаа буугаад манаач, жижүүр ч юм уу хийдэг. Түүнийхээ дараа гэр бүлээрээ ч амьдарч чадалгүйгээр ач, зээгийн харуул манаа хийх гээд хөгшинтэйгөө хоёр тийш салаад хоорондоо бараг уулзахгүй байсаар нөгөө ертөнц рүү явдаг гэдэг юм. Нээрээ л олонхи эмээ, өвөөгийн асуудал ийм байдаг. Тийм болохоор би хүүхдүүддээ "Би ач, зээ нараа харахгүй шүү" гэдэг юм.
-Чадах болов уу. Хүн үр хүүхдүүдээсээ илүү ач зээдээ л амь байдаг гэдэг биз дээ?
-Чадах, үгүйгээ харин мэдэхгүй байгаа юм. Хүүхэд байхдаа нохойн гөлөгт их сайн байсан юм. Аав болсноосоо хойш хүүхэддээ илүү хайртай болсон. Өвөө болоод ач, зээгээ хүүхдээсээ илүү хайрладаг шиг байгаа юм. Ямар ч хүн нялх амьтдад хамгийн хайртай байдаг шүү дээ.
-Та хэр сайн аав, өвөө вэ. Төрийн ажлын хажуугаар сайн өвөө байж чадаж байна уу?
-Гэр бүлдээ зав гаралгүй яахав. Амьдралдаа анхаарах завгүй явна гэж байхгүй.  Гэр бүлийнхэнтэйгээ хагас бүтэн сайнд илүү цаг зав гаргана. Зээ нартайгаа уулзахгүй хоёр долоо хоночихоор хармаар, ирүүлмээр санагдаад байдаг юм.
-Ингэхэд таны хобби юу вэ. Цуглуулгатай юу?
-Би нэг их юм цуглуулдаггүй. Залуу байхад чөлөөт цагаараа сагс, воллейбол тоглодог байлаа. Нэг хэсэг ан гөрөө хөөцөлддөг байсан. Одоо тэр сонирхол буурсан. Янз бүрийн  түүхийн  чиглэлийн ном унших сонирхолтой байх шив дээ.
-Та ер нь номын талын хүн юм аа?
-Зарим хүн намайг албаны гэж шүүмжилдэг юм. Манай гэр бүлийн хүн "Чи гэртээ хүртэл албаны байх юм " гэдэг. Энэ зангаа засъя гэж бодоод, уг нь хичээдэг л юм. Гэхдээ хийж байгаа ажил маань албаных болохоор тийм юм болов уу.
-Та анх гурван өрөө байр их том санагдаж байлаа гэж байсан. Одоо танайх хаана, хэдэн өрөө байранд амьдарч байна?
-Манайх гурван өрөө байранд л амьдардаг.
-Их хурлын гишүүдийг  том хауст амьдардаг гэж ойлгодог шүү дээ?
-Хүн юунд ч амьдарч болно. Өнөөдөр Улаанбаатарт хауст амьдардаг хүн олон байгаа. Баянхошуу, Яармагийг гэр хороолол гэж ад үздэг ч хашаа  болгонд нэг  байшин  бий. Тэнд олон өрөө байртай, хаустай хүмүүсээс дутахгүй амьдардаг хүмүүс олон. Хамгийн гол нь бид иргэддээ газрыг нь өмчлүүлээд, цэвэр бохир ус, цахилгааныг нь шийдээд өгвөл ямар ч хүн хаана ч, хэчнээн ч давхар байшин барих боломж байна.
Би одоохондоо газраа өмчилж авч амжаагүй.
Өмчлөөд авчихвал байшин барина. Заавал өндөр байшинд нэг, хоёр өрөө байр авч яах юм. Үүний оронд өөрсдийн газар дээрээ нэг жилд нь хундаамаа цутгаад нэг жилд нь эхний давхраа өрөөд, дараа жилд нь хоёр давхар болгоод өөрсдийн барьсан байшинд амьдрах чинь ес, арван давхар орон сууцны 2-3 өрөө байрнаас хамаагүй илүү байхгүй юу.
-Таны амьдралдаа мөрдлөг болгодог гол зарчим юу вэ?
-Хүн зөв бодолтой явбал асуудал аяндаа бүтдэг. Ялангуяа төрд зүтгэж, тодорхой хүмүүсийн итгэл өвөрлөж байгаа хүн шудрага. хэлсэндээ хүрдэг байх ёстой. Хийж чадах зүйлээ хийе гэдэг,'''чадахгүйгээ уучлаарай гэдэг байх хэрэгтэй.
-Таны өрөөнөөс хараад байхад хуучны палеонтологийн  олдворын зураг хамгийн их сонирхол татаж байна?
-Энэ бол Монголд анх удаа Өмнөговь аймгийн нутаг Баянзагаас  динозаврын яс олсныг илэрхийлсэн баримтат зураг. Өмнөговь маань монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлыг татсан сайхан байгаль, аялал жуулчлал хөгжүүлж болох палеонтологийн   олдворуудтай. 1997 онд  анх Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм, Түүнээс хойш дөрөв дэх удаа сонгогдон ажиллаж байна.
Өнгөрсөн жил би Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан.

Тэр үед манай Аялал жуулчлалын холбооноос надад энэ зургийг бэлэглэсэн юм, Манай аймгаас палеонтологийн маш олон олдвор олдсон, Булган сумын нутгаас динозаврын яс, тэр үед амьдарч байсан янз бүрийн амьтдын яс олдсон, Энэ үнэтэй олдворууд АНУ-ын үндэсний түүхийн музей, байгалийн музей, ОХУ-ын Эрмитажийн музейд байдаг. Манайд ганц нэг яснаас өөр зүйл бараг байдаггүй.
-Яагаад манайд байдаггүй юм бол?
-Хайгуулын ажлын ихэнх нь гадаадын санхүүжилттэй хийгддэгээс болдог байх, Би 1990 онд аймгийн Тэргүүн дэд даргаар сонгогдоод Өмнөговьд динозаврын музей байгуулъя гээд. нэлээд хөөцөлдөж үзсэн. Харамсалтай нь тэр үед асуудлыг шийдэж чадаагүй. Манай бүх л эрдэмтэд манай олдворууд музей байгуулах хэмжээнд хүрээгүй байна гэсэн. Тэгээд ч тийм хэмжээний хөрөнгө мөнгө гаргах бололцоо байгаагүй.
Монголын говиос динозаврын яс, өндөг их олддог.
Бүр өндгөн дотроо бүрэлдсэн уураг яс хүртэл илэрсэн шүү. Энэ бол дэлхийд маш том олдвор. Тиймээс улсын эдийн засаг сэргэж байгаа энэ үед Өмнөговь аймагт эртний олдвор буюу динозаврын том музей байгуулах ёстой. Энэ музейгээрээ бид гадаад, дотоодын жуулчдыг татаж, эртний говь нутагт ийм амьтад байжээ гэдгийг харуулах  цаг ирэх байх гэж итгэдэг.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.