Тусгаар тогтнолын өдрийг дэлхийн 80 улс тэмдэглэдэг
2011.11.26

Тусгаар тогтнолын өдрийг дэлхийн 80 улс тэмдэглэдэг

 

Tycгaap тогтнолын өдөр бол улс байгуулагдсан, өөр орнуудаас тусгаарлагдсан түрэмгийллийг зогсоосныг тохиолдуулаад дэлхийн олонд орон тэмдэглэдэг үндэсний баяр билээ. Монголчуудын хувьд 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсантай холбогдуулан жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд энэ баярыг тэмдэглэдэг уламжлалтай.

 

Тэгвэл тусгаар тогтнолын өдрийг манай улсаас гадна дэлхийн 80 орон тэмдэглэдэг юм байна.

 

Хамгийн сонирхолтой нь энэ баяр Палестины цорын ганц тэмдэглэлт өдөр гэнэ. ОХУ-д «Тусгаар тогтнолын өдөр»-ийг ЗСБНОХУ (Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Оросын Холбооны тусгаар тогтнолын тунхаглалыг гаргасан зургадугаар сарын 12-нд тэмдэглэдэг. Харин 2002 оноос энэ баярыг «Оросын өдөр» хэмээн албан ёсоор нэрлэжээ.

 

АНУ-д тусгаар тогтнолын өдрийг чөлөөт хараат бус болсоны төрсөн өдөр гэж  үздэг.  Тиймээс ч америкчууд долдугаар сарын дөрвөний өдрийг  баяр  болгон тэмдэглэж заншжээ. 1776 оны долдугаар сарын дөрвөний өдөр Конгресс тусгаар тогтнолын тунхаглалыг сайшааж, Хоёрдугаар эх газрын Конгрессийн Ерөнхийлөгч Жон Хэнкок, нарийн бич-гийн дарга Чарльз Томсон нар гарын үсэг зуржээ. Энэ үеэр АНУ-ын одоогийн газар нутагт байрлаж байсан Британийн 13 колони өөрсдөд нь шударга бус хандаж байна гэж үзээд, Английн хаан, парламенттай дайтаж байсан аж. Дайны үеэр колонийн иргэд зөвхөн сайн хандсангүй гэдэг үүднээс бус Английн эзэрхийллээс ангижрахын төлөө тэмцэж байгаагаа ойлгосон байна. Үүнийг колонийн удирдлагууд тусгаар тогтнолын тунхаглалдаа тодорхой тусгаж, гарын үсэг зурсан түүхтэй. Колонийн анхны албан ёсны баримт бичиг тус улсыг АНУ хэмээн бичжээ.

 

Энэ өдөр америкчууд агаарт гарч, галын наадам, зугаалга хийдэг. Түүнчлэн тоглолт зохиодог байна. Өмнөд Солонгос улс төрийн хамгийн гол баярын нэг улс байгуулагдсаны өдрөө (National Foundation Day/ Gaecheonjeol) жил бүрийн аравдугаар сарын гурванд тэмдэглэдэг. Энэ өдрийг тус улс албан ёсны амралтын өдөр болгож, төрийн далбаагаа намируулдаг гэнэ.

 

Улс байгуулагдсаны өдөр нь 1949 онд Үндэсний баярын тухай хуулиар баталсан таван баярын нэг. Энэхүү баярыг манай тооллын өмнөх 2333 онд солонгос үндэстний төр улсыг үүсгэн байгуулсан домогт хаан, бурхан Тангун Вангомын дурсгалыг хүндэтгэн тэмдэглэдэг болжээ.

 

Баярын өдөр Ганхвадо аралд орших Мани уулын оргил дээрх сүмд ёслолын ажиллагаа болдог. Домог ёсоор бол энэхүү сүмийг Тангун хаан тэнгэрийн өвөг эцэгтээ талархан бариулсан гэж үздэг байна. ХБНГУ-ын үндэсний гол баяруудын нэг бол Герман улс нэгдсэн өдөр юм. Энэ баярыг Баруун, Зүүн хоёр Герман 1990 оны аравдугаар сарын гурванд амжилттайгаар нэгдсэний өдөр хэмээн тэмдэглэдэг төдийгүй үндэсний баяр гэж албан ёсоор зарлаж,  бүх  нийтээрээ  амарч өнгөрөөдөг. 10 дугаар сарын гурванд парламент, хотын захиргааны газруудад баярын хурал, уулзалт зохиогддог бөгөөд үүнд Бундестагийн гишүүд, улстөрийн төлөөлөгчид, ард түмний төлөөлөгчид оролцдог. Энэ өдөр иргэд онцгойлон баярладаггүй. Гэхдээ зарим газар тоглолт, зугаалга зохиогддог аж.

 

Япончуудын хувьд улс байгуулагдсан өдрөө жил бүрийн хоёрдугаар сарын 11-нд тэмдэглэж, улс даяар амардаг. Тус улсын Үндэсний баярын тухай хуульд Кенкоку Киненно Хи буюу улс байгуулагдсан өдрийн уриаг «Улс   байгуулагдсан өдрөө санаж, улс орноо хайрлах зүрхтэй хүмүүсийг хүмүүжүүлэх» хэмээн заасан байдаг.

 

Нарагийн эриний (710-794) үеэс хойших төрийн судар бичгүүд, Японы түүхийн номонд тус улс байгуулагдсан өдрийг Японы анхны хаан Жимму ширээндээ заларсан үе хэмээн үздэг. Григорийн хуанлигаар үүнийг тооцож үзвэл манай тооллын өмнөх 660 оны хоёрдугаар сарын 11 болж таарч байна. Жимму хэмээх хаан үнэхээр байсан талаар түүхийн бодит баримт байхгүй ч энэ үйл явдлыг япончууд төдийгүй гадныханд хүртэл тухайн үед хааны төвтэй хууль ёсны төр засаг байсан гэдгийг тодотгохын тулд сонгожээ.

 

Улс байгуулагдсан өдрийг 1966 онд Японы үндэсний баяр хэмээн албан ёсоор баталсан. Харин 1967 оноос эхлэн хүчин төгөлдөр болж, тэмдэглэж эхэлсэн байна. Хятадын төрийн хамгийн чухал баярын нэг бол БНХАУ үүсэн байгуулагдсаны ой. Энэ өдрийг тэд аравдугаар сарын нэгэнд албан ёсоор тэмдэглэдэг.

 

Өмнө нь буюу 1950-иад онд баярын энэ өдөр Тяньаньмэний талбайд цэргийн парад зохиогддог байжээ. 1959 оноос хойш парадыг зөвхөн томоохон ойн жилүүдэд явуулахаар болсон ч соёлын хувьсгал эхэлж, үүнийг бүр мөсөн хоригложээ. Харин 1984 онд БНХАУ-ын 35 жилийн ойгоор цэрэг техникээ талбай дээгүүрээ явуулсан байна.

 

Баярын өдөр нийслэл Бээжингийн төв талбайг луу, тогос, зааны хэлбэртэй амьд цэцгийн мандлаар чимдэг. БНХАУ үүсэн байгуулагдсаны ой тав хоног үргэлжилдэг бөгөөд долоо хоног шахам амардаг. Тиймээс энэ өдрүүдийг Хятадын гурван «алтан долоо хоног»-ийн нэг хэмээн нэрлэж болно. Аравдугаар сарын нэгэнд төв цэцэрлэгт хүрээлэнгээр иргэд зугаалж, орой нь тоглолт үздэг байна

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.