Үндсэн хуулийн дурсгалын баганат хана босгоно
2011.11.12

Үндсэн хуулийн дурсгалын баганат хана босгоно

1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ой ирэх оны эхээр тохионо. Энэхүү түүхэн, тэгш ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссыг УИХ-аас Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулсан бөгөөд тус комиссын гишүүд өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээллээ.

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Б.Мижид, дэд тэргүүн Л.Дашням, АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 2-р чуулганы орлогч дарга асан Д.Моондой нарын мэдээлснээр бол эн түрүүнд 1990 оны ардчилсан хувьсгалын ноён оргил болсон шинэ Үндсэн хуулийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулж, түүний мөн чанар, хэрэгжилт, он цагийн эрхээр орж буй нэмэлт өөрчлөлтийн талаар үнэн зөв ойлголт өгөхийг чухалчилж байгаа аж.

Мөн “Үндсэн хууль бол хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлсон хөтөлбөр, программ бус, тулгуур хууль” гэдгийг ойлгуулж, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх, Үндсэн хуулийг батлах адармаатай, бэрх боловч нэр хүндтэй ажлыг нугалж, төр түмнийхээ итгэлийг хүлээж явсан хүмүүсийн алдар гавьяаг мөнхжүүлэх дурсгалын багана босгохоор төлөвлөж байгаа гэнэ. “Энэ бол ардчилсан хувьсгалын гол үр дүнг баталгаажуулж, өнөө цагийн эхлэл суурийг тавьсан анхдагчиддаа үзүүлэх бидний хүндэтгэл, Үндсэн хуулиндаа хэрхэн хандаж буйн илрэл болно” гэж Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Б.Мижид тэмлэглэн хэлсэн юм.

Үндсэн хуулийг батлахаар АИХ-ын танхимд 76 хоног хуралдсан АИХ-ын 430 гишүүнээс өдгөө 313 нь амьд сэрүүн байгаа бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулах, шинэ, ардчилсан нийгмийг томьёолон төрийн эрх мэдлийг хуваарилах талаар тэдний хэлэлцэж ярьсан бүхнийг бичсэн кассет, гар бичмэл бүхий 40-өөд товхимол байгаа аж. “Энэ бол зөвхөн дээрх 430 хүний бүтээл биш, Монголын нийт ард түмний оюун санааны өв, баялаг бөгөөд тэдгээрийг олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байсан сэтгүүлчдийн гавьяаг ч тодруулж, Үндсэн хуулийг сурталчлах зорилгоор хэвлэл мэдээллийнхний дунд уралдаан зарлана” гэж тэд ой тэмдэглэх ажил зохион байгуулах комиссын гишүүд мэдэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.