Үндсэн хуулийн 20 жилийн ойн ажлыг зохион байгуулах комисс хуралдав
2011.11.07

Үндсэн хуулийн 20 жилийн ойн ажлыг зохион байгуулах комисс хуралдав

Ирэх оны нэгдүгээр сарын 13 ний өдөр Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой тохиох гэж байна. Үндсэн хуулийн 20 жилийн ойн ажлыг зохион байгуулах комисс байгуулагдан, УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Ж.Сүхбаатар даргалан ажиллаж байгаа. Үндсэн хуулийн 20 жилийн ойн ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Н.Ганбямба, Д.Балдан-Очир, З.Алтай болон ‘’Ардчилсан үндсэн хууль тогтоогдын холбоо’’-ны тэргүүн Б.Мижид, дэд тэргүүн Л.Дашням нар багтсан байна.

 

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэн тэр цаг үед Үндсэн хуулийг батлах хүндтэй үүргийг хүлээж байсан 430 депутатаас өнөөдөр 117 нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Харин тухайн үед Ардын Их Хурлын депутат байсан гишүүдийн 193 нь Улаанбаатар хотод, 120 гаруй нь хөдөө орон нутагт аж төрж байгаа гэсэн судалгааг ‘’Ардчилсан үндсэн хууль тогтоогдын холбоо’’-ны тэргүүн Б.Мижид хэлж байв. Цаашид Үндсэн хуулийг батлахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн депутатуудын өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх, тухайн асуудалд дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа болохыг комиссын гишүүд хэлж байв.

 

Ирэх жилийн нэгдүгээр сарын 13 ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх Ардчилсан Үндсэн хууль баталсны 20 жилийн ойн хүрээнд хийх ажлуудын төлөвлөгөөг зохион байгуулах комисс батлан гаргажээ. Үндсэн хууль батлах гэдэг хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж байсан депутатуудын нийгэмд гүйцэтгэсэн үүргийг мөнхжүүлэх ажлыг хийхийн зэрэгцээ, Ардчилсан хувьсгалын хамгийн оргил нь эрхзүйн талаасаа Үндсэн хууль баталсан үйл хэрэг байсныг УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Ж.Сүхбаатар хэлж байв. Өнөөдрөөс 20 жилийн өмнө Үндсэн хуулийг батлахад Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног хуралдсаны эцэст Үндсэн Хуулийг батлаж байсан болохыг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.