Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой наадам
2011.08.12

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой наадам

Тус аймагт суугаа манай сурвалжлагч Б.Норовсамбуу нь Дархан - Уул аймаг 50 жилийнхээ ойг тэмдэглэх үеэр дараах сурвалжлагыг бичсэн бөгөөд техникийн саатлаас болж уг нийтлэл ирээгүй хэд хоног саатсан учраас хожуу ч гэсэн энэ том хотын ой хэрхэн болж өнгөрсөн тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байна.  Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойгоороо Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Бороо хур асгарч, байгаль дэлхий дэлгэрч, номин ногоон өнгөөр эх газрыг чимж зон олны сэтгэл тэнийсэн зуны дэлгэр сайхан өдрүүдэд шинэ зууны, шинэ Монголын хөгжил цэцэглэлтийн нүүр царай болсон Дархан хот Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаа Дархан хотын 50 жилийн ойтой хамтатган тэмдэглэсэн юм.

 Ойн баярын хуралд Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Баттулга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ж.Сүхбаатар, УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, ЗГХЭГ-ын дарга Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд УИХ -ын гишүүн Л.Гансүх, БСШУ-ны сайд С.Отгонбаяр нар болон ХХААХҮ- ийн дэд сайд Х.Золжаргал, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга Г.А.Айдиев, БНБУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд К.Кольве, ОХУ-аас Дархан хотод суугаа ерөнхий консул И.С.Мостика, ХБНГУ-ын Цайц хотын дарга Вольфин, Дархан хотын даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нар хүндэт зочноор оролцлоо.

Баярын хурлыг аймгийн ИТХТ-дийн дарга Л.Гүнчин нээж аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат “Дархан-50 жилд” сэдэвт илтгэл тавилаа. Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Дархан-Уул аймгийг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баттулга нар аймгийн удирдлагуудад гардуулав. Мөн Шарын голын уурхайн ерөнхий технологич Эрдэнэбат “Гавьяат уурхайчин”, Дархан хүнс ХК-ийн зөвлөх Т.Цэвэгмид “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан”, Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх Анигар “Гавьяат эмч”, МХХ - ийн хойт бүсийн төвийн дарга Ө.Рагчаасүрэн “Соёлын гавьяат зүтгэлтэн“ цолоор тус тус шагнууллаа. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар олон арван хүн шагнуулав. 


Ойн хүрээнд болсон үйл явдлууд

Ойн өмнөх өдрүүдэд олон үйл явдал болж өнгөрөв. Тэдгээрийн дотор “Дархан - Миний хот” фото зургийн үзэсгэлэн тус аймгийн “Тэнгэр өөдөө” уран зургийн галерейд нээгдсэн бол Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийдэд суваргын  нээлт боллоо. Мөн Дархан хотод анх удаа хэвлэгдэж байгаа “Дарханы ирээдүй - Шилдэг хүүхдүүд” номын нээлт болж уг номд орсон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурлага, урлаг, спортын төрлөөр тив, дэлхийн болон улсын уралдаан олимпиадад эхний байр эзэлсэн шилдэг хүүхдүүд оролцож аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн зөвлөлийн дарга Г.Эрдэнэбат оролцож баяр хүргэн үг хэлж номын дээжийг хүүхдүүдэд гардуулав. Залуучууд театрын их танхимд тус хотын 50 жилийн түүхийг харуулсан “Хамгийн сайхан хот” баримтат киноны нээлт болж аймгийн удирдлагууд болон иргэдэд үзүүлж мөн үеэр ойд зориулсан үзэсгэлэн худалдааны нээлт Найрамдал талбайд боллоо. Дархан хотын 50 жилийн ойд зориулж тус хотод 1961 оноос хойш ажиллаж амьдарч байсан болон одоо амьдарч байгаа 300 зохиолчдын зохиолоор бүтээлээр “Яруу эгшигийн чуулган” нэртэй бүрэн эмхэтгэлийг аймгийн Засаг даргын ивээлээр хэвлүүлсэн бол Дархан хотын 50 жилийн түүхийг багтаасан “Дархан-50” нэртэй түүхийн ном, мөн хотын танилцуулга бүхий гэрэл зургийн цомог хэвлэгдэж олны хүртээл боллоо.

Ойгоо угтаж юу хийж бүтээв

Аймгийн Засаг дарга хотын 50 жилийн ойгоо угтаж хоёр жилийн дотор юу хийж бүтээснээ олон түмэнд мэдээлэв. Ойгоо угтаж 4.2 га талбай бүхий ногоон байгууламж, усан оргилуур бүхий “Дархан 50 цогцолбор” ашиглалтад орж нээлтээ хийв. Уг цогцолборыг улсын төсвөөс 160.0 сая, Япон улсын «Өвсний үндэс» хөтөлбөрөөс 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн 394,4 сая төгрөгийн хандив тусламжаар барьж байгуулсан юм. Тус цогцолбор нь найман хэсгээс бүрдэж төв талбайн хэсгийг боржин хавтанцраар хийж хоймор хэсэгт нь шат бүхий цайз хэлбэрийн өндөрлөгийг байгуулсан. Уг цайзын дээрээс цогцолборыг бүхэлд нь харах боломжтой юм. Төв хэсэгт хөгжмийн хэмнэлээр оргилох усан оргилуур, гэр хэлбэрийн хоёр том усан оргилуур, найман сонгодог барималтай, амралт чөлөөт цагийн орчныг бий болгож ойдоо бэлэг барилаа. Өмнө нь Монгол Улсын шилдэг бүтээн байгуулалтаар шалгарч байсан “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хотын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах үүднээс аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын хэлтсийн хамт олон ногоон төгөл байгуулснаа баярын өмнө хотын НААҮГ-т хүлээлгэн өгч нээлтээ хийлээ.

Тэрчлэн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын доторх болон хорооллын дундах замын гэрэлтүүлгийг засварлаж байнгын гэрэлтэй болгож аюулгүй орчинг бүрдүүлсэн байна. Ой угтаж аймгийн ЗДТГ төдийгүй байгууллагууд олон ажил хийж бэлэг барьсан юм. Дархан хотод анх удаа зорчигч үйлчилгээний төв, авто вокзалыг 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан бол хууль хяналтын байгууллагуудын ажилтнуудын орон сууцны нөхцөлийг сайжруулж 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон сууц засварлаж тохижуулан ашиглалтад оруулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус аймагт бэлчээрийн зориулалтаар 45 худаг шинээр гаргаж 90 гаруй худаг, уст цэгийн засвар шинэчлэлтийн ажил хийж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлсэн. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж цөлжилтийг сааруулах зорилгоор 51059 ширхэг мод тарьж 9368 мкв талбайг зүлэгжүүлэхэд 16.6 сая төгрөг зарцуулсан. Дархан хотын орон сууцны гудамж талбайг хаягжуулахад 10 сая төгрөг, боловсролын салбарт энэ онд 520 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж ерөнхий боловсролын бүх сургуулиуд цахим хичээлийн самбар, багшийн болон сурагчийн зөөврийн комьютертэй болсон зэрэг олон арван ажлыг амжуулж ойн баяртайгаа золгосон юм.

Арслантай наадам


Дарханчууд Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойгоо Ардын хувьсгалын 90 жилийн ойтойгоо хамтатгаж өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэлээ. Баяр наадмын ажиллагаа Дархан хотын төв цэнгэлдэх хүрээлэнд тус аймгийн төрийн болон аж ахуйн нэгж 50 томоохон байгууллагын баярын жагсаалаар эхэлсэн юм. Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд болон Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баттулга нар болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, гадаадын зочид, Дархан хотоос төрсөн алдартнууд хүндэтгэлийн индэрт морилж наадамчин олон төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал дүүрэн сууж үзэж сонирхов. Наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдсаны дотор улсын заан долоо, улсын харцага 13, улсын начин арав, аймаг, сумын цолтон зуу гаруй барилдлаа. Барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Рагчаа, улсын харцага Даваабаатар, аймгийн харцага цолны болзол хангасан аймгийн начин Н.Батсуурь, З.Соёмбо нар шалгаран барилдсанаас улсын харцага Даваабаатар, аймгийн начин Н.Батсуурь нар үзүүр түрүүнд барилдаж аймгийн начин Н.Батсуурь түрүүлж аймгийн арслан цол хүртэж улсын харцага Даваабаатар үзүүрлэв. Сурын харваанд нийт 120 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Эрэгтэйчүүдийн харваанд Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн харваач улсын мэргэн Б.Баярсайхан түрүүлж, Төв аймгийн харваач С.Энхбаяр, Улаанбаатар хотын «Монбэт» компаний харваач Ж.Мягмар нар удааллаа.

Эмэгтэйчүүдийн харваанд Говь-Алтай аймгийн уугуул ЭМШУИС - ийн С. Цэрэнбуу түрүүлж аймгийн мэргэн цол хүртсэн бол «Бурхан Халдун» группийн харваач, даяар дуурсагдах дархан мэргэн Х.Даваажаргал, Орхон аймгийн Хангарьд спорт хорооны харваач Э.Заяа нар удаалав. Хүүхдийн эрэгтэй харваанд Сэлэнгэ аймгийн харваач Э.Ууганбаяр, эмэгтэй харваанд Төв аймгийн харваач Н.Энэрэл нар эхний байранд шалгарав. Хурдан морьдын их насны морьдын уралдаанд 240 хурдан хүлэг уралдсанаас уяач Ө.Эрдэнэбилэгийн төгөлдөр хүрэн түрүүлж Дархан -Уул аймгийн Орхон сумын уяач Лхагвасүрэнгийн сартай хүрэн айрагдаж Төв аймгийн Цээл сумын уяач Ган-Эрдэнийн хамар цагаан, Дархан сумын уяач Саранжавын сартай хүрэн, Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ганхуягийн хээр удаалав.

Азарганы уралдаанд 132 хурдан хүлэг уралдсанаас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач Энхбатын сартай хул түрүүлж Дархан - Уул аймгийн уяач Баясаагийн буурал айрагдсан ба, соёолон 135 уралдсанаас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Цэвээнжавын хүрэн түрүүлж , Дархан сумын Баясах гүүд компанийн уяач Алтанхуягийн зээрд айрагдав. 136 хязаалан уралдсанаас Архангай аймгийн уяач Хүдэрбатын бор түрүүлж Сүхбаатар аймгийн уяач Төмөрсүхийн хар удаалаа. Мөн 122 шүдлэн уралдсанаас Дархан - Уул аймгийн уяач Энхжавхлангийн бор түрүүлж Сүхбаатар аймгийн уяач Мөнхбатын буурал аман хүзүүдэв. 138 даага уралдсанаас Сүхбаатар аймгийн уяач Эрдэнэбилэгийн зээрд түрүүлж Төв аймгийн Бор нуур сумын уяач Нямдоржийн сартай бор аман хүзүүдлээ. Ийнхүү Дарханчууд хотынхоо 50 жилийн ойн баяр наадмаа сайхан хийж наадлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.