Энэтхэг улс Хятадын хилийн ойролцоо цэргийн хүчээ хуримтлуулж байна
Энэтхэгийн цэргийнхэн 2 фронтоор зэрэг дайтна гэж тооцоолон, Зэвсэгт хүчнээ шинэчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл Пакистан, Хятадтай. Энэтхэг ийнхүү Ази, Номхон далайн бүс нутагт зэвсэглэлээр хамгийн их хөөцөлдөж байгаа улсуудын нэг болжээ. Энэтхэгчүүд Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, Хуурай замын анги нэгтгэлдээ шинэ зэр зэвсэг, техникийг худалдаж авч байгаа ба Агаараас хамгаалах системээ сайжруулж, цэргийн анги нэгтгэлүүдийг удирдах системтэй болжээ. Түүнчлэн Пуужингийн эсрэг Үндэсний хамгаалах систем байгуулах, Орос-Энэтхэгийн 5 дахь үеийн сөнөөгч онгоцуудтай болох зэрэг олон ажлыг төлөвлөж байна.
Энэтхэгийн цөмийн цэргийн хүчин ч шинэ түвшинд гарсан. Энэтхэгийн “Pioneer” сонин 10-р сард “Москва манайд 10 000 км-ын алсын тусгалтай тив алгасдаг балластик пуужингийн цоо шинэ технологио өгөхөөр боллоо” хэмээн мэдээлж байсан. “Бидний хамгийн магадлалтай дайснууд бол Пакистан, Хятадын арми” гэж Энэтхэгийн элитүүд үздэг. Тэгээд ч тус улсын эдгээр оронтой хиллэдэг нутаг дээр нэг бус удаа зэвсэгт мөргөлдөөн гарч байсан.
Хятадын хүчин чадал маш хурдан өсч байгаад Дели санаа зовж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх 2011 оны 7-р сард “Хятад улс Энэтхэгээс түрүүлж явна. Хятадууд Дэлхийн далай руу гарахыг тэмүүлсээр байна. Тэд анхны нисэх онгоц зөөвөрлөгчөө бариад бараг дууслаа. Үүний хариуд Энэтхэг улс шаардлагатай арга хэмжээ авах болно. Манай нөөц бололцоо хязгаарлагдмал боловч бид Зэвсэгт хүчнээ сайжруулж, шинэчлэхээ үргэлжлүүлнэ. Энд Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчин ч хамаатай” гэж мэдэгдсэн юм. Түүнээс гадна Энэтхэг улс олон жилийн туршид анх удаа Хятадтай хиллэсэн мужуудад дэд бүтцээ сайжруулах том арга хэмжээ авч байгаа. Тэр бүү хэл “Хэрэв цэргийнхэн хүсвэл Энэтхэгийн Засгийн газар батлан хамгаалахын зардлаа дахиад ч нэмнэ” гэж Сингх онцлон тэмдэглэв.
10-р сарын 5-нд Энэтхэгийн Хуурай замын нэгтгэлийн штабын дарга, генерал Виджай Кумар Сингх “Пакистаны Кашмир мужид (энэ нутгийг Дели бусдад эзлэгдсэн өөрийн нутаг гэж үздэг) 4000 орчим хятадууд, түүний дотор Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд байна. Эзлэгдсэн нутаг дээр Хятадын Ардын чөлөөлөх армийн инженерийн анги, их хэмжээний барилгын техник байгаад энэтхэгчүүд түгшиж байна” хэмээн мэдэгдсэн. Үүний дараахан Энэтхэгийн хэвлэлээр нэг мэдээ гарсан нь ихэд анхаарал татаж байна. Түүнд өгүүлснээр Энэтхэгийн Хуурай замын анги нэгтгэлүүд Зөвлөлтийн үйлдвэрлэлийн “Т-72” танкуудаа Хятад болон Пакистаны хилийн ойролцоох уулын нутагт байрлуулахаар болжээ. Мөн 10-р сарын 17-нд Хятадтай хиллэдэг Аруначал Прадеш мужид анх удаа “БраМос” далавчит пуужингийн дивиз байрлуулна гэсэн мэдээлэл ч түглээ. Дашрамд сонордуулахад яг ийм 3 дивиз аль хэдийн Пакистаны хилийн орчимд байрласан билээ. “БраМос” пуужингууд нь Хятадын Төвдөд оршиж буй байг ч онох чадвартайг сануулахад илүүдэхгүй байх.
Шинжээчдийн үзэж буйгаар Энэтхэг ийнхүү Зэвсэгт хүчнээ зузаатгаж, идэвхжүүлсэн нь далд шалтгаантай гэнэ. Тухайлбал Хятад улс Энэтхэгтэй хил залгаа нутагт цэргийн дэд бүтцээ хөгжүүлж байгаа төдийгүй Хятад, Пакистаны цэрэг-техникийн хамтын ажиллагаа улам эрчимжиж байгаа билээ.
Одоогоор дэлхийн хоёр том гүрэн /Хятад, Энэтхэг/ хоорондоо дайтахгүй байх. Том дайн дэгдээх шалтгаан ч алга. Гэхдээ аль аль нь зэвсэглэлээр хөөцөлдсөөр байгаа нь олны анхаарлыг таатж байна. Өнөөдөр Бээжин, Дели хоёрт маргаантай 2 ч газар нутаг бий. Энэтхэгийн Аруначал-Прадеш мужийг Хятад өөрийн газар нутгийн хэсэг, Төвдийн бүрэлдэхүүнд байх ёстой гэж үздэг. Гэтэл энэтхэгчүүд “Энэтхэгийн өндөр уулын Аксайчины цөл, Транс-Каракорумского замыг (Кашмирын хэсэг) хятадууд эзэлсэн” гэж мэдэгддэг.
Гэхдээ иймэрхүү нөхцөл байдал ОХУ, АНУ-д ашигтай. Яагаад гэвэл Дели дээрх шалтгааны улмаас Орос болон өрнөдийн орнуудаас их хэмжээний зэр зэвсэг, техникийг худалдан авсаар байгаа, цаашид ч авах байх. Харин Хятадын хувьд өөрийн баруун хилээ хамгаалахын тулд хойд хөрш Оросоос анхаарлаа хөндийрүүлэх шаардлага гарч байгаа нь Москвад ашигтай. Учир нь Энэтхэг цэргийн импортын 60% хүртэл (фрегат хөлгүүд, байлдааны онгоцууд, вертолётууд, нисэх онгоц зөөвөрлөгч, танкууд гэх мэт) ОХУ-аас авдаг. Иймээс оросууд жилд Энэтхэгийн захиалгаас 5-6 тэрбум доллар олж байна.
Эцэст нь өгүүлэхэд Хятад, Энэтхэг хоёр өөрсдийн Зэвсэгт хүчнээ сайжруулж, шинэ түвшинд гаргасаар байгаа нь газар нутгийн маргаанаа шийдэхтэй холбоотой ч байж мэднэ.