Бусад соёл иргэншлийг хамгаалахын тулд хүн төрөлхтнийг устгаж болзошгүй
2011.08.24

Бусад соёл иргэншлийг хамгаалахын тулд хүн төрөлхтнийг устгаж болзошгүй

 
  • Өөр ертөнцийн төлөөлөгчид ноцтой аюултай болгохгүйн тулд шийдвэртэй арга хэмжээ авч болох ажээ
  • Ялангуяа хүний генийн бүтцийн талаарх мэдээллийн чанад нууцлах хэрэгтэй. Учир нь харийнхан...
Хүлэмжийн хий их хэмжээгээр хаягдаж байгаа нь манай соёл иргэншил ноцтой аюул учруулж болзошгүй гэсэн бодлыг харь гарагийнханд төрүүлж болох юм гэж НАСА агентлагийн илтгэлд дурджээ.

Асуудлыг ингэж тавих нь энэ салбарын байдлыг сайжруулахад хүргэх гол шалтгаан болох нь юу л бол. Гэхдээ хүлэмжийн хийн хаягдлыг багасгах нь хүн төрөлхтнийг харь гарагийнхны сэрэмжлүүлэх цохилтоос хамгаалахад тусалж болох юм гэж эрдэмтэд үзэж байна.

Илтгэл зохиогчдын тэмдэглэснээр, өөр ертөнцийн төлөөлөгчид алс холоос биднийг ажиглан дэлхийн агаар мандалд гарч байгаа өөрчлөлтийг манай соёл иргэншил жолоодлогоо алдаж байгаагийн шинж тэмдэг гэж үзэн улам ноцтой аюултай болгохгүйн тулд шийдвэртэй арга хэмжээ авч болох ажээ. Энэхүү тун бодууштай хувилбар бол АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах үндэсний төв /НАСА/ болон Пенсильваны улсын их сургуулийн ажилтнуудын илтгэлдээ санал болгож байгаа олон хувилбарын нэг нь юм. Үйл явдал ийм хувилбараар өрнөх нь магадлал багатай хэдий ч ирээдүйд хүмүүс болон өөр ертөнцийн соёл иргэншлийн төлөөлөгчид хоорондоо хэлхээ холбоо тогтоох үед ямар ч гэсэн тохиолдож болох зүйл гэж тэд үзэж байна.

НАСА агентлагийн өөр гараг судалдаг салбарын ажилтан Шон Домагал-Голдман болон түүний мэргэжил нэгт нөхөд “тийнхүү хэлхээ холбоо барихад хүн төрөлхтөн зохих ёсоор бэлтгэхийн тулд” харь гарагийнхантай уулзсанаар гарч болзошгүй үр дүнгийн жагсаалтыг гаргажээ.

Өөр ертөнцийн төлөөлөгчидтэй холбоо тогтоох нь төгсгөлөөсөө шалтгаалан сайн, дунд зэргийн, муу гэсэн гурван үр дагаварт хүргэж болно гэж судлаачид “Харь гарагийнхантай холбоо тогтоох нь хүн төрөлхтөнд тус болох уу, хор хүргэх үү? Болзошгүй хувилбаруудад хийсэн дүн шинжилгээ” (Would Contact with Extraterrestrials Benefit or Harm Humanity? A Scenario Analysis) гэдэг гарчигтай илтгэлдээ тэмдэглэсэн байна.

Сайн үр дүнд өөр ертөнцийн янз бүрийн дохиог замаас нь барих замаар, мөн мэдлэгээ өргөжүүлж, өлсгөлөн, ядуурал, өвчин гэх зэрэг дэлхий нийтийг хамарсан асуудлуудыг шийдвэрлэхэд бидэнд туслах, бидэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэгч өөр гарагийн оюун ухаантнуудтай /гуманоид/ холбоо тогтоосноор харь гарагийн соёл иргэншлийг олж илрүүлэх явдал хамаарна.
Илтгэл зохиогчдын үзэж байгаагаар, хар гарагийнхантай холбоо тогтоосноор гарах бас нэгэн сайн үр дүн бол манай гарагийнхан өөрсдийг нь бас нэгэн өөр соёл иргэншил илүү хүчирхэг түрэмгийлэгчдээс аврах байлаа ч тийм түрэмгийлэгчийг өөрсдөө ялж чадах явдал юм. “Ийм тохиолдолд хүн төрөлхтөн аюултай өрсөлдөгчийг ялан дийлснээр, сэтгэл хангалуун болоод зогсохгүй бас харь гарагийнхны технологийн тусламжтайгаар инженерийн зорилтуудыг шийдвэрлэх бололцоотой болох юм” гэж судлаачид нотолжээ.
Харийнхантай холбоо тогтоосноос гарах тийм ч хожоотой биш, дунд зэргийн үр дүнд хүн төрөлхтнийг хайхрамжгүй болгож болзошгүй уулзалт хамаарна. Хэрвээ харь гарагийнхан дэлхийн хүмүүсийн ямар ч сонирхлыг татахгүй бол ийм үйл явдал болно. Хэргийн учир нь харийнхан биднээс асар их ялгаатай байж магадгүй бөгөөд энэ нь тэдэнтэй ашигтай харилцаа тогтоох боломжгүй болгох юм.

Энэ хувилбарт өөр ертөнцийн соёл иргэншил хүн төрөлхтнийг «галактикийн клуб»-т элсэхийг санал болгоно. Гэхдээ энэ клубт элсэх журам нь ажиллагаа их, хүнд сурталтай байх тул хүн төрөлхтөн түүнтэй орооцолдох хэрэггүй гэнэ. Бас харийнхан бидний хувьд зүгээр л түгшүүр төрүүлэхүйц зүйл болж магадгүй ажээ. Энэ нь 2009 онд дэлгэцнээ гарсан «Есдүгээр гудамж» (District 9) гэдэг киноны үйл явдалтай тун адил өрнөж болзошгүй юм. Уг кинон дээр асар том сам хорхойг санагдуулам төрхтэй азгүй харийнхныг дүрвэгсдийн хуаранд байлгадаг билээ.

Хэрвээ харийнхан хүн төрөлхтөнтэй холбоо тогтоохдоо санамсаргүй эсвэл болгоомжгүй хандсанаас хор хүргэвэл бидэнд учруулах хохирлын уршиг нь маш тааламжгүй байх болно.

Илтгэлд тэмдэглэснээр, харь гарагийнхан Дэлхий дээр бууж бүрэн чадах бөгөөд дэлхийн хүмүүсийг боолчлох эсвэл хоол хүнсэндээ хэрэглэх зорилгоор бидэн рүү халдах гэнэ. Эсвэл бид өт хорхойг санамсаргүй гишгэдэгтэй адил өөр соёл иргэншлийн төлөөлөгчид хүн төрөлхтнийг дарах болно үгүй бол манай гарагийг мөхөлд хүргэх өвчин илгээж магадгүй гэнэ. Үйл явдал ингэж өрнөсөн тохиолдолд илүү өндөр хөгжсөн соёл иргэншилтэй харийнхан дайсагнасан хиймэл оюун бүтээх, эсвэл үр дүнд нь галактикийн бүхэл бүтэн хэсгийг амьдрал байх нөхцөлгүй болгож чадах физикийн ямар нэгэн хортой туршилт явуулсны улмаас хүн төрөлхтөн мөхнө гэж эрдэмтэд таамаглаж байна.

Хүн төрөлхтнийг амьд үлдэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд сансраас илгээж байгаа янз бүрийн дохиог маш хянамгай ажиглах хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөжээ. Ялангуяа хүний генийн бүтцийн талаарх мэдээллийн чанад нууцлах хэрэгтэй. Учир нь харийнхан энэ мэдээллийг зөвхөн дэлхийн хүмүүсийг бөөнөөр нь устгах чадалтай зэвсэг бүтээхэд ашиглаж болзошгүй юм.

Тэд хурдан хөгжиж байгаа соёл иргэншил хөгжлийнхөө явцад ойр тойрныхоо амьдралын бусад хэв маягийг устгаж болзошгүй хэмээн ийм соёл иргэншилд маш болгоомжтой хандаж байж магадгүй болохыг эрдэмтэд анхааруулж байна. Хамгийн муу үр дүнд хүргэх хувилбар бол тэд бусад соёл иргэншлийг хамгаалахын тулд хүн төрөлхтнийг эргэлт буцалтгүй устгахаар шийдэх гэнэ.

«Харийнхан хүн төрөлхтнийг улам ноцтой аюул учруулахаас өмнө цохилт өгч болзошгүй. Өнөөдөр хүн төрөлхтний хөгжлийн үе шат харийн соёл иргэншлийн төлөөлөгчдийн анхаарлыг татахуйц тийм шатандаа орсон байж магадгүй. Учир нь хүний буруутай үйл ажиллагаа, хүлэмжийн хийн хаягдлын улмаас Дэлхийн агаар мандлын бүтэц өөрчлөгдөж байгаа билээ» гэж илтгэлд дурджээ.

Хэрвээ харийнхан «ногоон» үзэл санааг баримталдаг бол хүмүүсийн байгаль орчиндоо учруулж буй тэр хор хөнөөл таалагдахгүй байх нь мэдээжийн хэрэг. Ийм учраас тэд өөрсдийн гарагаа аврахын тулд дэлхийгээс нүүрээ буруулах бүрэн боломжтой.

«Энэ хувилбар нь эдийн засгийн өсөлт, хөгжилд хязгаар тогтоох, мөн дэлхийн экосистемд хүн төрөлхтний үзүүлж байгаа нөлөөг багасгах үндэслэл болж болох бөгөөд өөр гарагаас Дэлхийн агаар мандлыг тодорхойлох боломжтой учраас ялангуяа хүлэмжийн хийн хаягдлыг багасгах нь чухал юм» гэж судлаачид илтгэлдээ бичжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.