Мэдээллийн дайны араас мэдээллийн терроризм айсуй
Өнөөдөр мэдээллийн дайнд орчин үеийн мэдээллийн төрөл бүрийн технологийг улам ихээр ашигладаг болжээ- Мэдээж “мэдээллийн терроризм” ба “мэдээллийн дайн” гэдэг нэр томьёо мөн чанартаа адил утгатай
-Олон улсын тоймч В.Денисенкогийн материалаас-
20 жилийн өмнөөс л мэдээллийн дайны тухай их ярих болсон. Харин өнөөдөр мэдээллийн түрэмгийлэл бодит байдал болон хувирчээ. Энэ нь янз бүрийн хэлбэрээр илэрч байгаа бөгөөд хамгийн гол нь түрэмгийлэл үйлдэгч өөрийгөө нууцлах боломжтой. Хэдий тийм ч тухайн мэдээллийн халдлага, дайралтын цаана хэн байгааг тааварлаж болно.
Мэдээллийн дайн гэдэг нь олон талт ойлголт. Үүний уламжлалт бүтцийн нэг нь суртал ухуулга юм. Суртал ухуулга нь мэдээллийн дайны гол жанжин шугам, бодлогыг тодорхойлон гаргахаас ч өмнө оршин байсан. Дашрамд дурдахад суртал ухуулгын үр ашгийг фашист Герман болон Сталины ЗХУ онцгой үнэлж ирсэн билээ.
Суртал ухуулгын дайралт мөн эсэхийг оношлох маш хялбар. Яагаад гэвэл үүнийг явуулахад голдуу олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашигладаг. Мэдээллийн дайны энэ хэлбэрийг тухайн салбарын нэрт шинжээч Г.Почепцов “Хүний оюун ухааны төлөөх дайн” хэмээжээ.
Өнөөдөр мэдээллийн дайнд орчин үеийн мэдээллийн төрөл бүрийн технологийг улам ихээр ашигладаг болжээ. Кибернетикийн халдлагуудыг өмнө нь уран зөгнөл гэж үзэж байсан бол одоо энэ нь аюулгүй байдал, хүний амьдралын бодит аюул болон хувирсан гэхэд хилсдэхгүй. Тэдгээр халдлага өөрсдийн далд зорилготой бөгөөд тодорхой мэдээллийг эсвэл холбооны системийг устгах /жишээлбэл цэргийн анги нэгтгэлүүдийн хооронд/, үгүй бол түүнийг хувийн ашиг сонирхолдоо ашиглахыг хүсдэг.
Мэдээллийн терроризмын жишээ хаа сайгүй. Жишээлбэл 2008 оны зун Литовын Сейм /хууль тогтоох дээд байгууллага/ Зөвлөлтийн үеийн билэгдлийг фашистынхтай адилтгаж, түүнийг улс даяар хэрэглэхийг хориглосон юм. Энэ үед Литовын “lt” рүү хакерууд довтолгоо хийж эхэлсэн. Литовын 300 орчим сайт дээр ЗХУ-ын туг тэмдэг зэрэг билэгдлийг тавьж, орос хэл дээр доромжилсон, хараалын үгс оруулжээ. Энэ халдлагын цаана Оросын хакерууд байсныг олж тогтоосон юм. Тэр бүү хэл зарим нь бүр цаашилж, “Эдгээр хакерын цаана ОХУ-ын тусгай албад байгаа “гэж байсан ч үүнийг батлах боломжгүй. Яагаад гэвэл дээрх халдлагуудыг Франц, Шведэд байршдаг серверүүдээс хийсэн байсан. Энэ талаар “Ил /биш/ дайн” номондоо М. Мартишюс бичжээ.
Энд мөн 2007 оны хавар өрнөсөн Эстоний Хүрэл цэргийн хөшөөтэй холбоотой дуулианыг дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайн үед энэ улсын удирдлага Таллин хотын төвөөс Оросын цэрэгт зориулсан энэ хөшөөг цэргийн оршуулгын газарт аваачиж байрлуулах шийдвэр гаргасан юм. Үүний дүнд Эстон улс суртал ухуулгын болон виртуаль халдлагад өртөж эхэлжээ. Эстоны төр засгийн янз бүрийн шатны байгууллагын асар олон сайт руу халдаж, эвдэн сүйтгэж, мөн гудамжинд эмх замбараагүй байдал дэгдэх болсон юм. Кибер халдлагыг зохион байгуулагчид нь Оросын хакерууд байсан. Гэхдээ тэд тусгай албадын туршуулууд байсан уу эсвэл хувь хүмүүс өөрсдөө “эх оронч санаачилга” гаргасан уу гэдгийг тодорхойлох амаргүй байжээ.
Дээрх тохиолдлууд үнэндээ ямар нэг системийн дайн гэхээсээ тодорхой байг онилсон, цэгэн террорист актууд байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл өнөөдөр мэдээллийн терроризм нь удаан хугацааны мэдээллийн дайнаас илүү өргөн хүрээнд тарж байна. Мэдээж “мэдээллийн терроризм” ба “мэдээллийн дайн” гэдэг нэр томьёо мөн чанартаа адил утгатай. Гэхдээ тэдгээрийг салган тусгаарласан нь дээр. Энэ нь аюулыг тодорхой таньж мэдэхэд тусалж, терроризм (хэдийгээр мэдэээллийн ч гэсэн) ямар нэг орны аюулгүй байдалд бодит өдөөн хатгалга болж байгааг ухаарахад хэрэгтэй.
Мэдээллийн ба виртуаль орон зайд иймэрхүү халдлага ирээдүйд улам бүр өсөн нэмэгдэх нь ойлгомжтой. Тэдгээрийг маш ноцтой хор хохирол авч ирж байгаа гэдгийг зөвшөөрсөн чухал алхмыг АНУ хийж байгаа. Тус улсын Конгресс кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг авч хэлэлцэж байна. Үүний дагуу хэрэв АНУ руу аливаа нэг улс орон, хүмүүс кибернетикийн халдлагууд хийвэл цэрэг дайны үйл ажиллагаа хэмээн авч үзэн, хариу нь виртуаль төдийгүй бодитоор байх магадлалтай. Өөрөөр хэлбэл арми, цэргийн хүчээ ашиглана гэсэн үг.
Өнөөдөөр мэдээллийн дайн болон мэдэээллийн терроризмыг хүний амийг устгах арга хэрэгсэл биш гэж үзэж байгаа ч ирээдүйд тиймэрхүү халдлага цус урсгахгүй өнгөрнө гэж урьдчилан тааварлах аргагүй. Өнөөдөр хакеруудын халдлага онгоцны буудлын болон атомын цахилгаан станцын удирдлагын систем гээд амин чухал объектуудад нэвтэрч болзошгүй талаар сэрэмжлүүлэх болсон. Маргааш эдгээр аюул бодит үнэн болон хувирч магадгүй юм.