Хятад улс задарвал манайд аюултай
2011.08.03

Хятад улс задарвал манайд аюултай

Хятадын эдийн засаг өсөж, тус улсын Коммунист нам яруу алдарт 90 жилийнхээ ойг энэ онд нүсэр тэмдэглэж, Ху дарга индэр дээрээс ард түмэндээ хандан улсаа үсрэнгүй хөгжлийн замд орсон хэмээн илтгэж байсан нь саяхан билээ.

Гэтэл намын ойтой давхцаж, өвөрмонголчууд жагсаал зохион байгуулав. Учир нь нүүрсний компанийн хятад жолооч өвөрмонгол залууг санаатайгаар дайрч амийг нь хөнөөчихсөн. Түүнд Хятадын хатуу хууль зөөлөн хандаж хоёр жил хорих ял ногдуулсан нь өвөрмонголчуудын ундууцлыг төрүүлснээр жагсаал эхэлсэн юм.

 

 

Тухайн үед Хөх хот болон өвөрмонгол хүн олноороо амьдардаг суурин газруудыг Хятадын армийн албан хаагчид хяналтдаа авч, ёстой л Коммунист нам хатуу хандсан. Хөх хотод байрладаг Өвөрмонголын Багшийн дээд сургуульд сурдаг монгол оюутны ярьснаар тэдний сургуулийг буугаар зэвсэглэсэн 300 гаруй цэрэг хяналтад авч байсан аж.

 

 

Учир нь тус сургуульд Өвөрмонголын хамгийн их оюутан суралцдаг аж. Гэхдээ өвөрмонголчууд зорьсондоо хүрч, хятад жолоочийг цаазаар авах шийдвэрийг гаргуулж дөнгөв. Байдал үүгээр дууссангүй.

 

Тэдний жагсаал салан тусгаарлах үзлийг дэврээсэн гэлтэй Өвөрмонголын хэд хэдэн районд бүлэглэл үүссэн гэж "Чайна дэйли" сонинд өгүүлсэн байна. Өнгөрсөн сарын 29-нд Хятадын тусгай албаныхан Хөх хотод тусгай ажиллагаа явуулсны дүнд 10 орчим "эсэргүү"-г баривчилжээ. Тэдний ойрноос халдлага үйлдэх гэж бэлтгэж байсан хэмээн Коммунист намын "матаач" нар мэдэгдсэн аж.

 

Хамгийн сүүлд Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах районы Кашгар хотын нэгэн зоогийн газарт салан тусгаарлах үзэлтэй лалын шашинтнууд халдлага үйлдэж, зур-гаан хүний амийг хөнөөжээ.

 

Алан хядагчид "Зүүн Туркестаны лалын хөдөлгөөн" хэт даврагч бүлэглэлийн нэгэн баазад бэлтгэгдсэн аж. Хятадын хууль сахиулагчид Кашгарт халдлага үйлдсэн есөн хүний нэгийг баривчилсан байна. "Чайна дэйли" сонинд бичсэнээр баривчлагдсан этгээд Шинжааны Уйгарыг тусгаар улс болгох гэж халдлага үйлдсээр байх болно хэмээн цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ дурьдсан гэнэ.

 

2009 оны долоодугаар сард тус районы Урумч хотын гудамжинд олон  мянган уйгар  хүн  жагсаал зохион байгуулж байв. Тухайн үед иргэд зургаадугаар сарын 25-нд тоглоомын үйлдвэрийн хятад ажилчид, уйгар иргэдийн хооронд болсон зодооны хэргийг мөрдөн байцаахыг шаардаж байжээ. Зодооны үеэр хоёр хүн амиа алдаж, 200 орчим хүн бэртсэн аж.

 

Харин албаны ёсны баримтад өгүүлснээр тухайн үед энэ зодоон хэд хоног үргэлжилсэн төдийгүй 197 хүн амиа алдаж, 2000 орчим хүн бэртсэн байна. Ер нь урд хөршийн хойд нутгийн районуудад хятад иргэд гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн аж. Хятад иргэдтэй холбоотой хэрэг замхардаг, шийдвэрлэгдэхгүй удах, бүр цаашлаад онц ноцтойд тооцогдох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөнгөн ял ногдуулах нь ихэсжээ. Энэ нь нутгийн оршин суугчдын ундууцлыг  төрүүлж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

 

Үүний сацуу, Түвдийг тусгаар улс болгохын төлөө Дээрхийн гэгээн XIV далай лам нэлээд зүйлийг хийж байгаа аж. Олон улсын хамтын нийгэмлэгт АНУ-аар жуулчлуулан Түвдийг Бээжингээс аврах төлөвлөгөөг батлуулахын хүсэж байна хэмээн Хятадын эрх баригчид зэмлэж байсан удаатай.

 

Мөн Хятадын буддын шашинтнуудыг Лхасын эрх чөлөөний төлөө нэгдэхийг уриалж байв. Хятад улсад сүүлийн үед өдөр алгасалгүй үндэстэн хоорондын мөргөлдөөн, салан тусгаарлах үзэл дэвэрч байгаа бүс нутгийн улсуудад хамгийн аюултай гэж барууны шинжээчид онцолсныг "Вашингтон пост" сонинд бичжээ. Тэнд өгүүлснээр их Хятадын задрал Монгол Улсад хамгийн их нөлөөлөх аж.

 

Учир нь үндэстэн хоорондын мөргөлдөөнөөс дүрвэсэн иргэд тайван улсад цагаачлах нь гарцаагүй. Бүр цаашлаад үндэстэн хоорондын тэмцэл хөрш улсуудын аюулгүй байдалд заналхийлэл учруулж, хилийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүйг шинжээчид анхааруулав. Өөрөөр хэлбэл, хяналтгүй болсон олон сая хятад иргэн Монгол руу дүрвэж болзошгүй. Энэ байдал ч Казахстан, Түвд, Энэтхэгт нөлөөлөхийг судлаачид үгүйсгэхгүй байна.

 

Тэгвэл Хятадын эрх баригчид задралынхаа эсрэг өргөн хэмжээтэй ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал, Кашгарт болсон халдлагын дараа тус бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж сэжиг бүхий хоёр этгээдийг хөнөөсөн байна. Армийнхан тус хотын аюулгүй байдлыг хангаж байгаа гэж "Синьхуа" агентлаг уламжлав.

Харин эрх баригчид цагдаа нарын цалин, нийгмийн хангамжийг сайжруулахад анхаарлаа хандуулж магадгүй. Мөн Кашгарт байрлах цэргийн анги нэгтгэлийнхээ тоог ч нэмэгдүүлэх болов уу гэж барууны дорно дахин судлаачид таамагласан юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.