Итгэмээргүй бөгөөд этгээд хэрнээ нотлогдсон хачирхалтай нууц хуйвалдаанууд-3
Засгийн газар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хяналтдаа байлгадаг
“Засгийн газар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг /ОНМХ/ хяналтдаа байлгадаг. Иймээс тэд хэзээ ч эрх баригчдын хуйвалдаан, нууц явуулгын талаар бичдэггүй, үзүүлдэггүй” гэсэн яриаг сонсоогүй хүн бараг байхгүй биз ээ. Харин АНУ-ын зарим судлаач иймэрхүү ярианд нухацтай хандан, гүнзгийрүүлэн судалж үзжээ. Эцэст нь тэд “АНУ-ын Холбооны Засгийн газар биднийг үргэлж тагнан ажиглаж, нууцаар чагнаж хяна байдаг” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэдний баталж буйгаар АНУ-ын эрх баригчид нууц туршуулуудаа ОНМХ-д шургуулан, тэдэнд татаас мөнгө хуваарилах, тэр бүү хэл цэргийн сурвалжлагчдад шууд дарамт, шахалт үзүүлэх зэргээр ажилладаг гэнэ. Түүнчлэн дэндүү сэжигч зарим нь “АНУ-ын төрийн тэргүүн болон эрх баригчид Цагаан ордны явуулж буй бодлогоос ард иргэдийнхээ анхаарлыг хөндийрүүлэхийн тулд хилийн чанадад үе үе элдэв дайн дэгдээдэг. Мэдээллийн сувгууд, хэвлэл мэдээллийнхэн дуулгавартайгаар тэдэнд захирагдаж, эх оронч суртал ухуулга хийн, элдэв хуурамч ярилцлага зохиож ард түмнийг хуурдаг” хэмээжээ.
НОТОЛГОО:
АНУ-ын Төрийн департамент 1948 онд байгууллагынхаа хүрээнд Улстөрийн зохицуулалт, удирдлагын газрыг байгуулжээ. Тус газрын дарга Фрэнк Виснер бол АНУ-ын үзэл суртлын шинэ бодлогыг тодорхойлох зэрэг маш өргөн эрх мэдэлтэй нэгэн байв. Фрэнк Виснер энэ үеэс “mockingbird” хэмээх кампанит ажлаа эхэлсэн юм. Тэр өөрийн хяналтад байдаг сэтгүүлчид, редакторуудын тусламжтайгаар улс орныхоо нөлөө бүхий том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг гартаа оруулж эхэлсэн байна. 1950-аад он гэхэд Америк даяар 400 гаруй сэтгүүлч Тагнуулын төв газрын эрх ашгийн төлөө ажиллах болжээ. Тэд зүгээр нэг эхлэн сурвалжлагчид байгаагүй юм. Харин ч АНУ-ын хамгийн нөлөө бүхий хэвлэлүүд болох “The New York Times”, “Time Inc”, “Associated Press”-д ажилладаг өндөр түвшний мэргэжлийн сэтгүүлчид байсан аж. Тэд өөр өөрийн редакцид Засгийн газрыг дэмжсэн нийтлэл, материалыг бэлдэж, нийтлэхийн зэрэгцээ сөрөг агуулгатай бүхнийг шүүж, цензурддэг байсан юм. Энэ талаар нэгэн тагнуулч “Сэтгүүлч, сурвалжлагчидтай хэл амаа ололцох нь дуудлагын хүүхнүүдийг аргалахаас ч хялбар. Тэд амархан худалдагддаг бөгөөд сарын 200 долларын төлөө юу ч хийхэд бэлэн байдаг” гэж мэдэгджээ.
Хэвлэл мэдээллийнхний хуйвалдааны талаарх сайн мэдээ гэвэл “mockingbird” илэрч, 1970-аад оны дунд үеэр устсан. Мөн муу мэдээ ч бий, АНУ-ын Засгийн газар сүүлийн 10 жилийн туршид л гэхэд дайн дэгдээх болгондоо өөрийн нөлөөний хүмүүсээ авч явдаг бөгөөд сөрөг агуулгатай сурвалжлагыг цензурдаж байгаа билээ. Үүний зэрэгцээ АНУ-ын эрх баригчид даян дэлхийг өөртөө татахын тулд мэдээллийн дайныг ашигладаг.
Хаа сайгүйЗасгийн газрын туршуулууд
Хуйвалдааны элдэв онолыг дэвшүүлэгчдэд ижил төстэй нэг тал бий. Тэд үргэлж л хардаж сэрдэж байдаг. Тусгай албадын туршуулууд өөрсдийг нь үргэлж мөрдөж, мөшгидөг, мөн төрийн дайсны талаарх кинонд гардаг шиг тусгай төхөөрөмжүүдийг оффис, гэр оронд тавьдаг гэж буруутгах нь энүүхэнд.
“Засгийн газар бараг бүх албан байгууллага, хувийн компани, сонирхогчдын бүлгэм, дугуйлан, спортын секц гээд хаа сайгүй туршуулуудаа шургуулж, ард иргэдээ цайны цагаар хүртэл хянадаг. Иймээс татвар төлөгчдийн мөнгийг дэмий урсган, туршуулууддаа цалин олгож, тэтгэврийн даатгалыг нь төлөх, албаны унаа машинаар хангах зэргээр хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарцуулдаг” гэж эдгээр судлаач эрх баригчдаа буруутгаж байна.
НОТОЛГОО:
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тэргүүн Эдгар Гувер 1956 оноос “Cointelpro” (Counter Intelligence Program буюу сөрөг тагнуулын хөтөлбөр) хэмээх нууц төслөө хэрэгжүүлж эхлэв. Тус байгууллага улсынхаа улстөрчдөөс өгсүүлээд нийгмийн янз бүрийн байгууллагыг тагнаж байжээ. Хэт даврагчдын “Хар пантера” бүлэглэлээс эхлээд Өмгөөлөгчдийн үндэсний гильд гээд бараг бүх байгууллага тэдний хяналтад байсан бололтой. Түүнчлэн Засгийн газрын эсрэг арай идэвхтэй байр суурь баримталсан хувь хүмүүс ч гэсэн “Cointelpro”-гийн бай болж байлаа.
Ихэнх хүмүүс 1950-аад оныг рок-н-роллын үүсэл, бөмбөгөр банзал, утасны бүхээг зэргээр төсөөлдөг. Гэвч тэр үед ард иргэдийн амьдрал “баргар” байсан, ялангуяа эрх баригчдыг эсэргүүцэгчдийн хувьд шүү. “Cointelpro” янз бүрийн бохир арга хэрэглэж байжээ. Жишээлбэл “Хар пантера”-г хар арьстнуудын бусад бүлэглэлтэй сөргөлдүүлж, санаснаа гүйцэлдүүлээд дараа нь удирдлагыг дотор нь хагалан бутаргах зэргээр ажиллаж байв. Ганц жишээ дурдахад “Cointelpro” өөрийн хүмүүсээ Мартин Лютер Кингийн ойрын хүрээлэлд нэвтрүүлж, түүний алхам бүрийг хянаж байсан гэдэг. Худал мэдээлэл, өдөөн хатгалга, луйвар зэргээр тэдэнтэй өрсөлдөх хүмүүс байгаагүй. Америкийн ард түмэн ийнхүү Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ юу хийдгийг мэдэж авсан түүхтэй.
1970-аад оны эхээр “Cointelpro”-ыг хаасан ч “цуурай” нь одоо хүртэл сонсогдсоор. ХМТ-ныхон байгаль орчныг хамгаалдаг сайн дурынхны “Greenpeace” байгууллага, мөн амьтадтай зүй бус харьцахыг эсэргүүцэгчдийн нэгдэл болох “PETA”-г хүртэл дотоодын террорист аюул гэж нэрлэдэг. Дашрамд дурдахад Ерөнхийлөгч Обамагийн зөвлөх Касс Санстейн “Нууц агентуудыг хөлсөлж аван, Засгийн газрын нэрийг гутааж, нууц хуйвалдааны талаар бичдэг интернэт форумуудыг мөрдөж, илрүүлэх хэрэгтэй” гэж санал болгосон байна.
Бидний эсрэг биологийн нууц дайн явуулж байна
“Smashing Pumpkins” рок хамтлагийн хөгжимчин Билли Корган зэрэг олон хүн Засгийн газрыгаа буруутгаж, энгийн иргэдийг химийн төрөл бүрийн бодисоор цацаж хордуулдаг тухай нэг бус удаа мэдэгдсэн. Та итгэхгүй бол хайлтын системд “chemtrails” гэсэн үг бичээд үз. Олон зүйлийг мэдэж авна шүү. Үнэндээ “chemtrails” нь онгоцны утаа юм. Жирийн онгоцны утаа урт биш, бас амархан сарнидаг аж. Харин химиотрасс нь тасралтгүй тэлсээр аажмаар олон цагирагаас бүтсэн давхарлаг үүлс болон хувирдаг.
Зарим хэнээтэн “Төрөлтийг зохицуулах, цаг уурыг удирдах гэж химийн бодисыг онгоцоор цацдаг. Үүнээс болоод хүмүүсийн амьсгалын замын систем байнга өвдөн, халзарч эхэллээ” гэж байна. Тэр бүү хэл Тагнуулын төв газрыг /ТТГ/ хар арьстан иргэд, бусад муу залуусыг устгах гэж ДОХ-ыг зохион бүтээсэн гэсэн цуу яриа ч дэгджээ.
Энэ бүхэн бас ч гэж үндэслэлтэй байж мэдэх юм. АНУ-ын Засгийн газар ард иргэдээ туршилтын туулай болгож, биологийн зэвсгийг туршсан тохиолдол бий. Зарим туршилтыг даалгүй хүний амь нас эрсэдсэн байна. Хүйтэн дайны үед шавьжтай холбоотой томоохон хэмжээний судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн. Жишээлбэл Жоржи муж даяар 300 мянган шумуулыг нэгэн зэрэг тавьсан байна. Аз болоход эдгээр шумуул ямар нэг өвчин тээгээгүй байсан. Эрдэмтэд зүгээр л тэдгээр шумуулыг хэрэв хумхаа өвчнөөр халдварлуулсан бол яах бол гэж туршсан хэрэг.
1949-1969 оны хооронд АНУ-ын цэргийнхэн биологийн зэвсгийг 239 удаа задгай агаарт туршжээ. Зөвхөн баримтаар батлагдсан нь энэ. Жишээлбэл Нью-Йоркийн газар доорх байгууламжид шүлхий өвчинтэй төстэй бактери цацсан. Мөн Сан-Францискогийн булан, Вашингтоны Үндэсний онгоцны буудал дээр хүмүүст гэм хоргүй бактериудыг цацсан аж. Гэхдээ гэм хоргүй гэдгийг ямар үндэслэлээр тогтоосныг хэн ч хэлж мэдэхгүй байна.
Онгоцны зорчигчдод юу тохиолдсоныг ойлгомжтой шалтгаанаар бид хэзээ ч олж мэдэхгүй. Харин Сан-Францискогийн туршилтын дараа 11 хүн шээсний замын ховор тохиолдох өвчин тусч авч эмнэлэгт хэвтсэн аж. Тэдний нэг нь тэр дороо нас барсан юм. Эдгээр бактери эрүүл хүнд бараг хор учруулахгүй, бие нь жаахан тавгүйрхээд өнгөрсөн байна. Гэтэл дархлааны систем сул, ямар нэг архаг хууч өвчтэй хүмүүст ноцтой аюул учруулж болохыг туршилт явуулагчид тооцоолоогүй байна.
Дээр өгүүлсэн бүхнээс үзэхэд хамгийн итгэмээргүй, этгээд хуйвалдааныг ч батлагдсан гэж үзэж болох нь. Хэрэв та галзуу, солиотой хүний дэмийрэл мэт гаж онол, таамаглалын талаар олж мэдвэл үндэслэлтэй байх магадлалтай юм шүү.