Сүүлийн 20 жилд дэгдсэн дайнууд
Францын Ерөнхийлөгч Николя Саркози 2011 оны 3-р сарын 11-нд Ливийн эсрэг дайныг эхлүүллээ. “Одиссейн гэгээ /Odyssey Dawn/” хэмээн нэрлэсэн энэ дайнд Францаас гадна АНУ, Их Британи, Итали, Канад нэгджээ. Мөн АНЭУ, Катар, Турк, Канад, Дани, Норвеги, Бельги, Нидерланд, Испани улсууд оролцох буюу удахгүй нэгдэхээ мэдэгдсэн. Ливан, Их Британи, Франц, АНУ хамгийн анх Ливид цэргийн ажиллагаа явуулах санал гаргахад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн /АЗ/ 15 гишүүн орны 10 нь дэмжив. Есөн улс зөвшөөрөн, ганц нь ч хориг тавиагүй байхад НҮБ-ын тогтоол батлагддаг журамтай.
Одоо дэлхийн улс орнуудын сүүлийн 20 жилд явуулсан цэрэг дайны ажиллагааг танилцуулъя.
Босни ба Герцеговина
1995 оны 8-9-р сард НАТО-гийн цэргийн нисэх хүчин “Зөөлөн хүч” хэмээх ажиллагааг Боснийн сербүүдийн эсрэг явуулсан. Үүний дараа нөхцөл байдал лалын Хорватын хүчинд ашигтай эргэсэн юм. АНУ, ОХУ, Герман, Их Британи, Франц улсууд хамтран Дейтонд хэлэлцээр хийсний эцэст Боснийн нутаг дээр НАТО-гийн 60 мянган цэрэг байрлав. Тэдний тал нь АНУ-ынх байлаа. Хэлэлцээрийн дагуу Босни ба Герцеговина улсыг хоёр хуваав. Лалын Хорватын Холбоо болон Серб гэсэн 2 хэсгээс бүрдсэн ч нийслэл нь Сараево хэвээр үлдэв. Сербүүдэд газар нутгийн 49% ногдож, харин лалын хорватчууд 51%-ийг авчээ.
Югослав
Югославын Холбооны улсын эсрэг явуулсан НАТО-гийн “Шийдмэг хүч” хэмээх цэргийн ажиллагаа 1999 оны 3-р сарын 24-нөөс 6-р сарын 10 хүртэл үргэлжлэв. Энэ удаа НҮБ-ын АЗ биш харин НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Хавьер Солана довтлох шийдвэр гаргажээ. Тэд Сербийн эрх баригчдыг яс үндсээр ялгаварлан цэвэрлэгээ явуулсан гэж буруутгасан юм. Цэрэг дайны ажиллагааг эхлэх албан ёсны шалтаг гэвэл Косово, Метохиягийн нутаг дээр Сербийн цэргүүд байна гэсэн мэдэгдэл байсан. Дайны үндсэн ажиллагаа нь Сербийн стратегийн цэргийн болон иргэний объектуудыг нисэх хүчин ашиглан бөмбөгдөх хэлбэрээр өрнөв. Уг ажиллагаанд оролцсон НАТО-гийн хүчний үндсийг АНУ, Их Британи, Франц, Германы Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргүүд бүрдүүлсэн. Мөн Бельги, Унгар, Дани, Испани, Итали, Канад, Нидерланд, Норвег, Португал, Турк улсууд ч уг ажиллагаанд оролцсон юм. Төвийг сахигч Албани, Болгар, Македони, Румын улсууд хүртэл агаарын орон зай, нутгаа НАТО-д ашиглуулж байлаа.
НАТО-гийн онгоцууд 78 өдрийн турш Серб, Черногорын 900 объектыг бөмбөгдөж, пуужингаар харважээ. Энэ үед тэд дэлхий дахинд хориотой цацраг идэвхт холимогтой байлдааны сум, бөмбөг зэргийг ашигласан мэдээ бий. Жишээлбэл (U-238) баяжуулаагүй урантай.
Югославын нутаг дээр нийт 27000 тонн жинтэй 14000 бөмбөг хаяжээ, пуужинтайгаа нийлээд 23000 болсон гэсэн тоо бий.
1999 оны 6-р сарын 9-нд Югослав, НАТО-гийн армийн төлөөлөгчид Македоны Куманово хотод гэрээ байгуулсны дараа л бөмбөгдөлт зогсов. Ингээд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хавьер Солана агаарын дайралтыг зогсоохыг тушаасан. НҮБ-ын АЗ тэр өдрөө 1244 тоот тогтоолыг баталж, түүний дагуу Косово, Метохид дэлхийн 36 орны армийн 37 000 цэргүүд байршжээ.
Сомали
1991-1992 онд Сомалид иргэний дайн дэгдэж, хэдэн арван мянган хүн амь үрэгдлээ. АНУ бас л хэдэн оронтой эвсэл байгуулан, НҮБ-ын АЗ-өөр Сомалид цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 794 тоот тогтоолыг 1992.12.03-нд гаргуулж чадсан байна. Ийнхүү НҮБ-ын энхийг сахиулагчид АНУ-ын цэргийн командлалд удирдлагаа шилжүүлсэн юм.
Тус тогтоолын хүрээнд "Restore hope" операци эхэлж,1992.12.09-нд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн 15-р дивиз, армийн уулын 10-р дивизээр удирдуулсан хүчин Могадишо районд агаар, далайгаар бүрэн хяналтаа тогтоов.
Уг ажиллагаанд Австрали, Бельги, Ботсван, Канад, Египет, Пакистан, Саудын Араб, Нигер, Марокко, Грек, Норвеги, Шинэ Зеланд, Кувейт, Энэтхэг, Швед, Тунис, Турк, АНЭУ, Их Британи, Испани, Франц, Итали, Герман, Зимбабве улсын армиуд оролцжээ.
Оны сүүлээр гадаадын армийнхны тоо 37000-д хүрч, Сомалийн газар нутгийн 40 хувийг хяналтдаа авав. АНУ-ын Төв командлал ерөнхийд нь удирдаж байсан ч эдгээр орны цэргүүд бие даасан байдлаа хадгалж байлаа. Харин 1994 оны 3-р сард Ерөнхийлөгч Клинтоны шийдвэрээр америкчууд Сомалигаас бүрмөсөн явжээ.
Ирак
1998 оны 12-р сарын 17-20-нд АНУ, Их Британи хамтран Иракт “Элсэн цөлийн үнэг” ажиллагаа явууллаа. Үүний өмнөхөн НҮБ-ын цэргийнхэн (UNSCOM) ба Иракийн эрх баригчид зөрчилдсөн юм. Тэгээд НҮБ-ын ажилтнуудыг Иракаас нүүлгэн шилжүүлсний дараа цэргийн ажиллагаа эхэллээ. 4 шөнийн дотор 650 удаа цохилт өгч, агаарын 90 далавчит пуужин, тэнгисээс 325–ыг харважээ. Тэр бүү хэл Саддам Хусейнийг бөөнөөр устгах зэвсэгтэй гэсэн шалтгаанаар Иракийн 93 объектод пуужингаар цохилт өгсөн. 2003 оны 3-р сарын 20-ноос 5-р сарын 1 хүртэл АНУ болон Иракийн эсрэг эвсэл "Шок ба чичиргээ" операци явуулсан, дараа нь түүнийг "Иракийн эрх чөлөө" гэж өөрчлөн нэрлэсэн юм.
Иракт халдах гол шалтаг нь Саддам Хусейныг олон улсын терроризм, тухайлбал "Аль-Каида" бүлэглэлтэй холбоотой гэж үзжээ. Энэ үндэслэл батлагдаагүй төдийгүй АНУ-ын Тагнуулын төв газрын мэдэгдсэн шиг бөөнөөр устгах зэвсэг ч Иракаас олдсонгүй.
Гэхдээ л дэлхийн 45 улс Ирак руу халдахыг зөвшөөрч, 32 нь цэргээ дайчилсан билээ. Иракт халдсан цэргийн 98% нь АНУ, Их Британийх байсан бөгөөд уг дайн 43 өдөр үргэлжилсэн юм.
"Цөлийн шуурга "
Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейн 1990 оны 7-р сарын 18-нд хөрш Кувейт улсыг хил орчмын өөрийн нь нутгаас нефть хулгайлж байна гэж буруутгав. Кувейтский эмир шейх Джабер аль-Ахмед аль-Джабер хэлэлцээр хийхийг зөвшөөрлөө. Харин Ирак түүнээс өөрийн нь 15 тэрбум долларын өрийг хүчингүй болгохыг шаардаж, мөн ёс суртахууны хохирол учруулсны төлөө 2,5 тэрбум долларыг нэхэв. Гэнэт Иракийн армийн хэдэн зуун мянган цэрэг 8-р сарын 2-нд Кувейтийн хилийг даван орж ирснээр хэлэлцээр төгсгөл боллоо. Үүний зэрэгцээ Иракийн цэргийн нисэх хүчин мөн Кувейтийн хотуудыг бөмбөгдөж эхлэв. Иракийн арми ганцхан өдрийн дотор Кувейтийг эзлэн авч, эмир нь зугтаалаа. Саддам Хусейн ийнхүү Кувейтийг эрхшээлдээ оруулсны дараа дэлхийн нефтийн нийт нөөцийн тавны нэгэнд эзэн суужээ.
НҮБ-ын АЗ 1990 оны 8-р сарын 2-нд 660 тоот тогтоол гаргаж, Кувейтээс цэргээ гаргахыг Иракаас шаардав. Нийт 12 тогтоол энэ асуудлаар гарчээ. Иракийн эсрэг эвсэл байгуулагдахад АНУ, Их Британи, Франц, Австрали зэрэг орнуудаас гадна Арабын Сири, Египет, Саудын Араб зэрэг улсууд багтжээ. Тэрчлэн Дорнод Европын орнууд ч уг эвсэлд орсон. Харин ЗХУ гадна үлдсэн байна.
1991 оны 1-р сарын 17-ны 03.00 цагт /Багдадын цагаар/ “Элсэн цөлийн шуурга” ажиллагаа эхэллээ. Зорилго нь НҮБ-ын 678-р тогтоолыг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл Иракийг Кувейтээс хөөн зайлуулах байлаа.
41 өдөр үргэлжилсэн энэ операцийн дүнд 2-р сарын 27-нд Кувейт бүрэн чөлөөлөгдөв. Ингээд 3-р сарын 6-нд талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Афганистан
2001 оны 10-р сарын 7-нд АНУ-аар тэргүүлүүлсэн НАТО-гийн арми “Бут цохигдошгүй бат эрх чөлөө” хэмээх өшөө авах ажиллагааг Афганистанд эхлэв. Энэ нь есдүгээр сарын 11-ны террорист ажиллагааны хариу байлаа. Ингэж халдах үндэслэлийг НҮБ-ын 2001 оны 9-р сарын 12-ны 1368 тоот тогтоол тавьж өгчээ.
Талибуудын стратегийн чухал ач холбогдолтой Кабул, Кандагар, Герат, Джалалабад, Мазари Шариф болон бусад хотыг бөмбөгдсөнөөр дайн эхлэв. Холбоотнууд энэ дайны үеэр талибуудын цэргийн болон стратегийн чухал объектуудыг устгахад гол анхаарлаа хандуулсаар байгаа. Гэвч Афганистан дахь нөхцөл байдал АНУ-д ашиггүйгээр эргэж байна. Олон улсын хүчний цэргүүд улам олноор амь үрэгдэх боллоо. Иракийн дайнд амь эрсэдсэн америк цэргүүдээс ч олон хүн сар бүр Афганистаны газар шороон дээр амь тавьж байна. Мөн энгийн номхон ард иргэд ч дайнд өртөх нь улам ихэссээр байгаа юм.