Умард Африкийн “Клаудия Шиффер” Ливийн босогчдын эсрэг тэмцэлд татагдан орлоо
2011.04.01

Умард Африкийн “Клаудия Шиффер” Ливийн босогчдын эсрэг тэмцэлд татагдан орлоо

Ливийн тэргүүн Муаммар Каддафи гадаадын орнуудын нисэх хүчний бөмбөгдөлтийг үл харгалзан, босогчдыг хотуудаас ээлж дараалан хөөн гаргасаар байна. Үүний зэрэгцээ тэр бослого дэгдээгчдийн эсрэг ер бусын зэвсэг ашиглах боллоо. Тэр зэвсэг нь Каддафийн цорын ганц охин Аиша юм. 34 настай бүсгүй фронт руу явж байгаа цэргүүдээ дэмжихийн тулд Триполь хотод үндэсний хувцсаа өмсч, Жамахирийн туг далбаа намируулан иржээ. Уг нь Аиша тэр бүр лалын даруу бүсгүйн дүр үзүүлж, толгойдоо уламжлалт алчуур нөмөрдөггүй байсан. Зарим нь Аишаг дүү Хамисийнхаа өшөөг авах гэж босогчидтой хийж байгаа тэмцэлд татагдан орсон гэдэг. Энэ нь юу л бол. Яагаад гэвэл Каддафийн хүү Хамисийг амиа золиослогч нисгэгч устгасан гэсэн мэдээллийг Ливийн төрийн телевиз няцааж, шууд нэвтрүүлэг хийн, түүнийг амьд, эрүүл гэдгийг баталсан.


Ер нь бол эх орон руу нь дайрсан өрнөдийнхөнд дургүй байх шалтгаан Аишад бий. 1986 онд америкчууд Триполь дахь Каддафийн өргөөг бөмбөгдөх үеэр түүний охин дүү Ханан алагдсан юм. Аиша тэр үед дэргэд нь байжээ. “Би бөмбөг дэлбэрч, Дүүг хашгирахад л сэрсэн. Бүх бие маань цусанд будагдсан байсан юм” гэж Каддафийн охин хожим нь дурсчээ.


Өмнө нь Аиша хөмсөгний хэлбэрээс өөр юманд санаа зовохгүй амьдарч байсансан.  Бослого дэгдсэнээс хойш түүний ах Саиф ганган, дэгжин харагдахаа больж, эцэг шигээ галзуу авирлах болсон. Гэвч Аиша нөгөөх л Клаудиа Шиффер шиг сайхан хэвээрээ. Иймээс Каддафи цорын ганц хайртай охиноо ашиглан, дэлхий дахинд өөрийн дэглэмийн талаар аятайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байгаа бололтой. Аиша бол Арабын ертөнцөд төдийгүй дэлхий дахинд Иорданийн хатан хаан Раниягаас дутуугүй алдартай нэгэн.


Каддафийн охиноо дизайнерын хувцас өмсч, гоо сайхны будаг шунхыг хэрэглэхийг хориглодоггүй. Иймээс нүд гялбам шаргал үстэй, гоё тансаг хувцасладаг Аишийг Умард Африкийн “Клаудия Шиффер гэж хэвлэл мэдээллийнхэн хочилдог. Гэвч цаг өөрчлөгдөж, одоо Аиша шаргал өнгөөр үсээ будахаа больж, толгойдоо алчуур нөмөрч эхэлжээ. Ямар ч гэсэн одоо түүнд Умард Африкийн Беназир Бхутто болох ирээдүй байна. Өөрөөр хэлбэл улс оронд нь хүнд хэцүү үе тулгарсан цагт гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалахыг оролдож байгаа эмэгтэй гэсэн үг.

 

Аиша Каддафи нэг бус удаа дэлхийн алдартай гяланцаг сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан. Тунисын зохиолч түүний 92 хуудастай намтрыг бичиж,  “Дэлхийн гүнж” нэртэйгээр Ливид хэвлэгдсэн билээ.
Аиша 2006 онд өөрийн садан, армийн хурандаа Ахмед аль Каддафи аль Кахситэй гэрлэжээ. Одоо гурван хүүхэдтэй. Энэ оны 1-р сард Аишаг Италийн хүүхэмсэг Ерөнхий сайд Сильвио Берлусконитой амрагийн харилцаатай гэсэн мэдээлэл тарсан ч батлагдаагүй.



Авлигад идэгдсэн, ааш авираараа цуутай 7 ах, дүү нарынхаа дэргэд Аиша харьцангуй гайгүй. “Wikileaks” сайтад бичсэнээр нөгөө хэдийгээ хянадаг гэнэ. Ширүүн дориун ах, дүү нарынхаа дэргэд аядуу, зөөлөн Аиша зөрчилдөж тэмцэлдсэн төрөл төрөгсдөө эвлэрүүлэх үүрэгтэй гэнэ.
Аиша Каддафи хуульч мэргэжилтэй бөгөөд 2004 онд Иракийн тэргүүн Саддам Хусейнийг өмгөөлсөн. ГэвЧ бүтэлтэй юм болсонгүй, Хусейнийг цаазаар авсан билээ. Ливийн тэргүүний охин буяны үйлс хийдэг. Тэрбээр гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө эх оронд нь хүний эрх зөрчигддөгийг үгүйсгэн, эцэгтээ их хайртайгаа ярьдаг. Аиша гэхдээ эцгээсээ дутуугүй этгээд алхам хийдэг. 2000 онд буюу Умард Ирланд ба Англи энхийн гэрээ хийсний дараахан тэрбээр Англид айлчилсан. Энэ үед Аиша дипломат бус алхам хийж, террорист “ИРА”-г дэмжсэн үг хэлсэн юм.

 

Аиша “Wa’tassimu” хэмээх Ливийн томоохон буяны байгууллагыг тэргүүлдэг. 2009 оноос ДОХ болон эмэгтэйчүүдэд харгис хандахын эсрэг тэмцэхэд чиглэсэн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож эхэлсэн юм. Гэвч Ливид бослого эхэлсний дараа Аишагаас НҮБ-ын сайн дурын элч гэсэн цолыг хураан авчээ. Бослогыг нухчин дарсан эцгээ дэмжлээ гэж тэр. Каддафи хайртай охиноо 2-р сарын сүүлээр гадаад руу илгээсэн. Гэтэл Аишагийн сууж явсан онгоцыг Мальт хүлээж авахыг татгалзсан учраас Ливид буцаад ирсэн аж. Өмнө нь байдал тэс өөр байсансан. Тэр үед өрнөдийн ертөнц тэр чигээрээ түүний эцгийн өмнө бөхөлзөж, гарыг нь үнсэж байсан билээ. Тэгээд одоогийнх шиг эвсэл байгуулан бөмбөгдөнө гэж зүүдэнд ч орохгүй байсан биз. Тэр явдлыг Аиша өөрт ашигтайгаар эргүүлж, “Би энд, нутагтаа үлдлээ” хэмээн ливичүүдэд хандан мэдэгдсэн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.