Пентагон дайнд бэлдэх захирамж гаргажээ
2011.07.22

Пентагон дайнд бэлдэх захирамж гаргажээ

Манай гараг геополитик, санхүү, эдийн засгийн сүйрлээс ганцхан алхмын наахан амьсгаа даран зогсч байна. АНУ-ын өрийн дээд хязгаар, эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүдийн талаарх шуугианы улмаас Ойрхи Дорнодын зөрчлүүд, цэрэг дайны ажиллагаанаас хийж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сурвалжлагын өнгө аяс жаахан намдуу болсон билээ. Гэвч америкчууд Иранд халдах төлөвлөгөөнөөсөө огт татгалзаагүй байгааг дараах баримт харуулж байна.


АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Роберт Байер ноцтой мэдэгдэл хийжээ. Тэр бол маш чухал албан тушаал хашиж явсан. Байер 1990-ээд онд Иракт очиж, тэнд тус улсын төрийн тэргүүн Саддам Хусейний эсрэг сөрөг хүчнийг зохион байгуулахад гар бие оролцож байжээ. Гэвч дараа нь түүнийг Саддамыг алах ажиллагаанд бэлдэж байна хэмээн буруутгасан учраас буцаан татахаас өөр аргагүй болсон аж. Гэхдээ Байер бол Холбооны мөрдөх товчооны жирийн нэг ажилтан биш. Тэр бол тагнуулчийн тухай киноны эх дүр. Холливудын од Джордж Клуни түүнээс сэдэвлэн бүтээсэн Сирианы киноны гол дүрд тоглосныхоо төлөө Оскарын шагнал авсан билээ.

 

Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху

Мэдээж Байер Израиль, АНУ болон бусад улс орон дахь өөрийн эх сурвалжийг бүгдийг нэрлээгүй. Гэхдээ түүний мэдэгдэлд Израилийн тусгай албадын том хүмүүсийн нэр бий. Тэдний баталж буйгаар Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Батлан хамгаалахын сайд Эхуд Барак нар дайны жинхэнэ хэнээтэн гэнэ. Тусгай албадынхан энэ талаар сэрэмжлүүлжээ. Байер “KPFK” радиод ярилцлага өгөхдөө “Ойрын ирээдүйд Биньямин Нетаньяху Иран улс руу халдан дайн дэгдээх байх” хэмээн мэдэгдэв. Түүнээс “АНУ-ын цэргийнхэн энэ дайныг эсэргүүцэхгүй гэж үү?” хэмээн асуухад Байер үгүйсгэсэн хариулт өгчээ. “Уг нь АНУ-ын цэргийнхэн энэ дайныг эсэргүүцэж байсан. Жорж Буш болон Барак Обама нарын үед Батлан хамгаалахын сайд байсан Роберт Гейтс өмнө нь өөрийн нэр хүнд, нөлөөгөө ашиглан, Израиль улсыг дайн дэгдээхгүй байх талаар арга хэмжээ авч байсан юм. Харин одоо тэр огцорсон. Иймээс Пентагонд сая дайнд бэлдэх урьдчилсан захирамж гарлаа. Иймээс Нетаньяху Иран улс руу халдах нь бараг тодорхой болсон. Палестины улс байгуулах талаар санал хураахаас өмнө буюу есдүгээр сард тэр дайныг дэгдээх байх. Ингэснээр Израиль улс нь АНУ-ыг ч дайнд татан оролцуулж мэднэ” гэж Байер үзэж байна.

 

Ираны удирдагч Ахмаденижад
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израилийг нэг их дэмждэггүй. Ямар ч гэсэн ил тод дэмжиж байгаа нь харагддаггүй. Хэрэв израильчууд Иран руу дайрвал иранчууд тэднийг АНУ-ын дэмжлэгтэйгээр үүнийг хийсэн гэж үзэх нь мэдээж. Энэ тохиолдолд Иран бүс нутаг дахь АНУ-ын цэргийн ангиудын эсрэг хариу цохилт өгөх байх. Ийм асуудал үүсмэгц юуны өмнө Иракт байгаа анги нэгтгэлүүд рүү дайрах биз. АНУ харин Ираны хариу цохилтод өртөхгүйн тулд асар хүчтэй гал нээж, бүр цөмийн зэвсэг ч ашиглаж магадгүй юм.

 

Дэлхийн бусад улс орон энэ үед яах бол? Хятад улс ямар алхам хийхийг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ бол үл мэдэгдэх хувьсагч. Гэхдээ АНУ ба Хятад улс нь далдуурхандаа эдийн засгийн төдийгүй санхүү, кибер дайнд живчихсэн байгаа билээ. Саяхны Ливийн үйл явдлыг эргэн саная. НҮБ-ын үйлдэл нь Ливид энхийг сахиулахад тустай гэж олон нийтэд итгүүлсэн байж болох талтай ч энд “но” бий. Үнэндээ энэ зөрчлийн дүнд Хятөд улс Ливийн нефтийн объектуудаас өөрийн 30 мянган ажилтнаа нүүлгэн шилжүүлсэн. Тэгэхээр НҮБ-ын ажиллагаа нь Хойд Африк дахь нефтийн салбарыг хянах гэсэн нууц оролдлого байсан юм биш биз гэсэн асуулт урган гарч ирж байна. Хятадууд өөрсдийн нь ашиг сонирхолд хор хөнөөл учруулсан гэж үзээд хариу цэргийн цохилт өгтөл хичнээн хугацаа өнгөрөх бол?


Иран улс нь Хятадыг “тоглоомд оруулах” хурдасгагч болж ч магадгүй. Ямар ч гэсэн Ойрхи Дорнодод 2002 оноос хойш өрнөж байгаа үйл явдлууд, түүний дотор бүс нутгийн Засгийн газруудын сүүлийн 12 сард тогтворгүйжсэн нь айсуй дайны дохио байж мэднэ. Энэ дайн эцсийн бүлэгт дэлхийг тэр чигт нь хамарч ч магадгүй юм.
Нөхцөл байдал есдүгээр сард эгзэгтэй цэгт хүрч буцлах уу эсвэл түүнээс арай хойно уу гэдэг нь нэг их ач холбогдолгүй. Тэртэй тэргүй дэлхий даяар дайн болсоор байна. Эзэнт гүрнүүдийн эдийн засаг нуран унах үед, мөн байгалийн баялаг, нөөцийн төлөө янз бүрийн улс орнуудын ашиг сонирхол мөргөлдөх цагт дайн дажин дэгддэг нь хууль юм даа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.