Сергей Шойгу Оросын дарангуйлагчийн суудлыг 20 жил хүлээж байна
2011.04.26

Сергей Шойгу Оросын дарангуйлагчийн суудлыг 20 жил хүлээж байна

Буддист, цуст генерал Унгернийг шүтэн бишрэгч бөгөөд ОХУ-ын Онцгой байдлын сайд Сергей Шойгу энэ суудалд заларсны 20 жилийн ой 2011 оны 4-р сард тохиож байна. Энэ хугацаанд тэр 3 удаа Оросын дарангуйлагч болох шахсан гэдэг.

Сергей Кожугетович Шойгу 1991 оноос хойш ийнхүү тасралтгүй төрийн өндөр алба хашиж, дээд амжилт тогтоолоо. Ер нь энэ хүний амьдрал тэр чигээрээ онцлог. Түүний эцэг Тувагийн жирийн нэгэн малчин. Сергейгийн эцгийн нэрийг Шойгу, харин овог нь Кожугет билээ. Иймээс түүнийг Сергей Шойгувич Кожугет гэх ёстой. Гэтэл 1971 онд Сергейг паспорт авах үед “андуураад” Кожугетович Шойгу гэж бичжээ. Зөвлөлт засгийн үед ийм том “алдаа” байтугай бүр цэг, таслалыг хүртэл КГБ томруулдаг шил, микроскопоор хардаг байсан даа. Та бодоод үз дээ, Дмитрий Медведевич Анатолиев, Владимир Путинович Владимиров гэвэл ямар вэ дээ. Тэгэхээр энэ “алдаа”-г зориудаар хийсэн байх магадлалтай.

 

Сергейн багын хоч нь “Шайтан”. Тэр 10 настайдаа Тувагийн ламын туслах болж, сүнс дуудахаас өгсүүлээд оршуулгын ажил гээд элдэв нууц ёслол үйлдэхэд нь тусалж байсан аж. Ер нь Шойгу бүр 12 настайгаасаа мөнгөний амтанд оржээ. Тэр Ленинградын их сургуулийн археологийн багтай хамт тувачуудын орхигдсон хаваржаа, өвөлжөөгөөр явж, хайгуул хийх болсон. Тэгээд үүнийхээ төлөө улиралд 1500 рубль авч байсан гэдэг. 1960-аад оны сүүл үеийн мөнгө гээд бод доо.


Сергейн эцэг Кожугет хувиараа хөдөлмөр эрхлэн, ЗХУ-д хамгийн томд тооцогддог скорционерын тариалантай байсан. Кожугет энэ ургамлын үндсээр эм хийж улс даяар зарж, борлуулдаг байв. 2-р ангийн боловсролтой Кожугет удалгүй Тувагийн Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгчийн орлогч болсон юм. ЗХУ-ын Улс төрийн товчооны хэдэн хөгшин гишүүний бэлгийн чалхыг сайжруулсан шидэт эмийнхээ ачаар түүнийг энэ байр сууринд очсон гэх нь бий. Бичиг үсэггүй малчин эр 1990-ээд онд бүр зохиолч болж мандлаа. Түүний “Цаг хугацаа ба хүмүүс”, “Хар грифийн үзэг”, Тувагийн ахмадын бага эх орныхоо тухай өгүүлсэн үнэн бодит түүх”, “Танну-Тыва бол нуур, хөх голуудын орон” зэрэг ном олон мянган хувиар хэвлэгдэн гарч, алдартай зохиолчид өмнөтгөл үгийг нь бичсэн байна. энэ номын нээлтэн дээр тухайн үеийн бүх эрхтэн дархтан хүрэлцэн ирж байжээ.


Сергейн ээжийн талаар Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Александра Яковлевна гэхээс өөр албан мэдээлэл байдаггүй, түүний овгийг ч огт дурсдаггүй. Үнэндээ бол ээжийнх нь овгийг Ривлин гэдэг. Ривлин Яков Васильевич бол 1903 оны РСДРП-ийн гишүүн бөгөөд 1906 оноос меньшевикүүдийн талд оржээ. Тэрээр дараа нь Путиловын заводын ажилчдад суртал ухуулга хийсний төлөө 4 сар хааны шоронд суугаад гарсан ба 1908 онд улстөрөө орхисон гэсэн албан мэдээлэл байдаг. Ривлин шүдний эмч мэргэжилтэй хэрнээ Зөвлөлт засгийн үед номын санчаар ажиллаж байгаад 1942 онд өөрийн үхлээр өөд болсон гэдэг ч үнэн түүхийг хэн ч мэдэхгүй. Зарим нь түүнийг “жижиг” хүн болж жүжиглэн, НКВД-ээс нуугдсан гэжээ. Ривлиний охин буюу Сергейн ээж нь Тувад томилолтоор ирээд эцэгтэй нь танилцсан юм байна.


Сергей Кожугетович азтай гэрлэлтийнхээ ачаар, мөн хожим нь ЗХУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн болсон Шенин гэдэг хүний тусламжтайгаар элит бүлэгт багтжээ. Чухам тэр л малчны хүү, алдарт меньшевикийн хамаатаныг Москвад авч ирсэн аж. Сергей ажлын гараагаа Оросын барилга, архитектурын төрийн зөвлөлийн тэргүүний орлогчоор эхэлсэн.



Харин өөр эх сурвалжийн мэдээгээр Шойгу Москвад яг боевик дайчны дүрээр орж ирсэн аж. Ямар ч гэсэн Сергей Шойгу 1991 онд Шамиль Басаевын чечений отрядтой хамт төрийн эргэлт гарсан тэдгээр өдөр Ельциний Цагаан ордныг хамгаалж байсан юм. Энэ үед Ельцин түүнийг Оросын тусгай албаны тэргүүнээр /тухайн үед Оросын аврагчдын корпус нэртэй байсан/ томилжээ. Ельциний мэдэлд арми байгаагүй, мөн КГБ, Дотоод явдлын яаманд ч бас. Иймээс тэд 1999 оны эхний хагаст аврагчид гэсэн нэрийн дор далд хэлбэрээр өөрсдийн “толгой хэрчигчдийн отряд”-ыг байгуулах ганц боломжийг ашигласан нь тэр аж.


Оросын хуулиар хүнийг энх тунх ахуйд нь хот, гудамжийг нэрээр нь нэрлэдэггүй. Гэтэл Грозный хотод Путиний өргөн чөлөө байдаг. Харин үүнээс ч өмнө Тувагийн Чадан хот Сергей Шойгугийн нэрэмжит болсон юм. Түүнээс гадна Тувад “Сергей Шойгу” нэртэй уулын оргил, бүр сангийн аж ахуй ч байгаа. Түүнчлэн Чадан хотыг Шойгу-град болгохоор төлөвлөжээ.


Оросын бага ястан, үндэстэн Шойгуг Ерөнхийлөгч Медведев, Ерөнхий сайд Путинээс ч илүү хүндэлдэг. Тэдний хувьд Сергей бол агуу билэгдэл. Еврей гаралтай оросууд түүнийг Евразийн Каганат байгуулна гэж найддаг /Шойгу далдуурхан еврейчүүдийн байгууллагыг санхүүжүүлдэг гэнэ/. Харин лалын шашинтнууд Шойгуг оросуудын үндсэрхэг үзлийг эсэргүүцэн, өөрсдийн нь ашиг сонирхлыг хамгаална гэж итгэдэг. Буддаг шүтэгчдийн хувьд бүр ярих ч юм биш, тэд Сергей Шойгуг бараг л Оросын Далай лам гэж бишрэн, асар их хүндэлдэг. Сергей өөрөө улсынхаа янз бүрийн үндэстэн ястан болон улстөрийн төрөл бүрийн урсгалтай зохицож чаддаг авъяастай нэгэн. Эзэн хаант засаглалыг дэмжигчид, поцтреотчүүд, Дугиний гэх евразичууд,бөө шүтлэгтнүүд харин Шойгуг цуст барон Унгерний хойт дүр хэмээдэг аж.


Сергей бүр 1970-аад оноос Унгернийг шүтдэг болсон. Түүний найзууд “Бид орой бүр түүдэг галын дэргэд гитар тоглодог. Харин Серёжа гитараа хойш тавин, барон Унгерний амьдралын тухай хэдэн цагаар ч хамаагүй ярьдаг байсан. Тэр ер нь энэ хүнийг солиотой юм шиг тахин шүтдэг нь ойлгомжтой байсан” гэж ярьжээ. Панмонголизмын үзэл санааны фанат, Азийн морин дивизийн командлагч барон Роман Унгерн фон Штернбергийг манайхан сайн мэднэ дээ. Романтик Унгерн нийслэлийн штабт өндөр албан тушаал хашихаас үргэлж татгалзан, хаана дайн байна тийшээ явдаг нэгэн байсан. Түүний зэрлэг дивизийн тухай яриа одоо ч домог мэт ам дамжсаар, Тувагийн иргэд түүний нэрээр хүүхдээ айлгадаг гэнэ. Гэхдээ л тувачууд Шойгуг Унгерний хойт дүр гэдэг нь хачирхалтай.


Харин Шойгу үүнийг нэг их үгүйсгэдэггүй бололтой. Ельциний үеэс Кремль бөөгийн шашныг бишрэх болсон нь Шойгутай холбоотой гэдэг. Тэгээд ч чухам Шойгу л 1990-ээд оны дундуур Ельцинийг “сэтгэцийн эрчим хүч судлаач”, зөн билэгтэн нартай холбож өгсөн байна. Анагаахын доктор, профессор Георгий Степанов тэр бүү хэл Борис Ельцинийг психотрон малгайгаар эмчилж байжээ.
Шойгу бүр Ельциний үеэс шууд улсын дээд удирдлагад захирагдах тусгай алба байгуулж, улмаар КГБ болон хожуу үеийн Холбооны аюулгүйн албатай /ХАА/ холбож өгсөн аж. Тэрээр 1990-ээд оны сүүлээр Израилийн чөлөөнд гарсан тусгай албадын ажилтнуудыг авч ирэн, Онцгой байдлын яамны ивээл дор “Лидер” хэмээх “үхлийн” эскадронуудыг байгуулсан байна.

 

Төрийн Думын гишүүд 1999 онд тухайн үеийн ХАА-ны захирал В.Путинд хандаж, Шойгугийн байгууллагыг шалгуулах хүсэлт тавьж байсан удаатай. Учир нь аврах албаныхан яагаад ч юм Дотоод хэргийн яам, ХАА зэрэг тусгай албадын гүйцэтгэх ажлыг өөртөө үүрсэн байжээ. “Лидер”-ийн талаар 1500 мэргэжлийн дайчинтай гэхээс өөр мэдээ байдаггүй. Тэгсэн хэрнээ тэдний ард Онцгой байдлын яамны /ОБЯ/ хэдэн арван мянган цэрэг бий. Ер нь ОБЯ нь ОХУ-ын хүчний байгууллагуудаас хамгийн олон генералтай нь. ОБЯ-ны зөвхөн төв аппарат 1215 хүнтэй бөгөөд нийт 26900 ажилтны 19500 нь цэргүүд. ОХУ-ын ОБЯ дэлхийн түүхэд байхгүй дээд амжилт тогтоожээ, энд нэг генералд 160-аас цөөн цэрэг ногддог. 100 цэрэгтэй салааг ахмад, 450 хүнтэй батальоныг дэд хурандаа, 3800 хүнтэй бригадыг хурандаа удирддаг. ОБЯ-ны 19500 цэргийг армийн генерал Шойгу болон 122 генерал удирддаг. Үүнээс 9 хурандаа-генерал, 33 дэслэгч-генерал, 76 хошууч-генерал, 4 контр-адмирал.


Харин ОХУ-ын армийн 1 сая цэрэгт 890 генерал ногддог. Харьцуулахад АНУ-ын армийн 1 сая 371 мянган цэрэгт 879 генерал ногддог. Өөрөөр хэлбэл ОБЯ-ны нэг генерал 159 цэргээ захирдаг бол ОХУ-ын армийн нэг генерал 1100 цэргийг, АНУ-ын армийн нэг генерал 1204 цэргийг удирддаг.


Хамгийн гайхалтай нь Оросын ОБЯ-д цэргийн нисэх хүчин, хуягт танкийн нэгтгэл бий. Ийм ч учраас Шойгуг бүр 1990-ээд оны дунд үеэс Оросын нууц дарангуйлагч хэмээх болсон аж. Тухайн үед генерал Лебедийг биш харин Сергей Шойгуг л Кремль үргэлж Пиночетийн дүрд тохирох хүн гэж харж байсан аж. 1998 оны намар дефолт тохиоход Ельцин Үндсэн хуулийн бус аргаар эрх мэдлээ Шойгуд өгөхийг завдсан гэсэн яриа тарсан. Дараа нь буюу 2002-2003 онд Шойгу 2 дахь удаагаа Оросын удирдагчид “нэр дэвшсэн” байна. Тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан Александр Волошин, Ерөнхий сайд Михаил Касьянов нар төрийн эргэлт хийж, Путинийг Шойгугаар солих гэж байжээ. Харин 2008 оны намар, 2009 оны хавар Шойгу 3 дахь удаагаа Оросын дарангуйлагч болох хүнээр тодорсон байна. Тэр үед нефтийн үнэ нэг баррель нь 36 доллар хүрч буурсан тул элитүүд улсаа удирдах чадваргүй Медведевийг огцруулж, онц байдал зарлахыг хүсэх болсон аж.



Ямар ч гэсэн Шойгу бол Оросын нөөц дарангуйлагч гэж тооцогдож ирсэн, тооцогдож ч байна. Харин одоо Кремлийн элитүүдийн санааг нэг зүйл зовоож байна. Барон Унгерний “хойт дүр” сүүлийн үед Чечений Ерөнхийлөгч Рамзан Кадыровтой их найзлах болжээ. Хоёр генерал өнгөрсөн оны намраас хойш бүр ч дотноссон аж. Тэгэхээр Сергей Шойгович Кожугет хадам шигээ улстөрөөс дуугүйхэн явж, номын санд ажиллах нь юу л бол. Харин ч Шойгу өөрийн хобби болох хар домын туршилтаа Орос орны хэмжээнд хэрэгжүүлж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.