Ж.Энхбаяр: Төрийн алба бол хөрөнгөжих суурь биш
2011.03.23

Ж.Энхбаяр: Төрийн алба бол хөрөнгөжих суурь биш

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Монгол цэргийн өдрөөр  Монголын Зэвсэгт хүчний 90 жилийн ойд зориулж бүтээсэн хоёр ангит баримтат кино гарсан нь олны талархал хүлээж байна.  Та баримтат киноны ерөнхий продюсерээр ажилласан. Танд баяр хүргэе. Кино бүтээх болсон талаараа ярихгүй юу?


-Монгол Улсын түүх ардын армийн түүхтэй холбоотой. Улс орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг хангасан гол хүч нь өнгөрсөн XX дугаар зуунд Монгол Улсын зэвсэгт хүчин байсан. XX зуунд хоёр том хүйтэн дайн,капиталист социалист гэсэн хоёр том системийн сөргөлдөөний үед Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан. Энэ үед Монгол Улсын арми бүс нутагтаа буюу Ази тивд нэлээд хүчирхэгжсэн. Армийн үүрэг нь зөвхөн зэвсэг агсах биш байсан. Харин гол үүрэг нь ард түмнээ боловсролтой, эх оронч хүн болгон хүмүүжүүлэхэд оршиж байсан. Монголын Зэвсэгт хүчнээр дамжуулж залуучуудад арав гаруй мэргэжил эзэмшүүлж байлаа. Улс орны гол бүтээн байгуулалтыг ардын армийн барилгын цэргийн ангийн албан хаагчид гүйцэтгэсэн. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд бэлтгэл офицерууд л явж байсан. Гэтэл энэ түүхээ бид өнөөдөр мартаад байна. Монголчууд1990-ээд оны өөрчлөлтийг тайван замаар хийсэн байдаг. Учир нь тухайн үеийн 20-40 насны эрчүүд цэргийн алба хааж, эх оронч хүмүүжил, дэг журам, сахилга бат олсон байдаг. Өөрөөр хэлбэл, төлөвшсөн иргэдтэй байлаа. Тиймээс 1990 оны өөрчлөлтийг тайван замаар хийж чадсан. Гэтэл өнөөдөр 1990-ээд оных шиг дэлгүүрийн лангуу хоосорч, цахилгаан эрчим хүч нь тасалдвал иргэд тайван хүлээж чадах уу. Энэ үүднээс л хүнд үеийг давсан гол ач холбогдлыг нь армитай холбон тайлбарлаж байгаа юм. Тухайн үед арми ард түмний талд хатуу зогссон. Тодруулбал, улс төрийн шийдвэр гаргалгүй тогтвортой байлгаж чадсан. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд армийг зургаан батлан хамгаалахын сайд удирдсан байдаг. Эндээс тэр үеийн улс орны бодлого  тодорхой  боловсон хүчний шалгуур өндөр байсны хэрээр тухайн салбар тогтвортой байсан нь харагддаг. Дурсмаар сайхан энэ түүхийг хойч үедээ мартахгүйгээр үлдээхийн тулд кино хийх санаа төрсөн. Дээр нь Монгол Улсын батлан хамгаалах үйлсэд зориулсан генерал, офицерууд, байлдагч нарынхаа дурсгалд зориуллаа.  

-Аавыг тань Жадамбаа генерал гэдгээр нь хүмүүс андахгүй. Энэ хүний Монголын Зэвсэгт хүчинд оруулсан хувь нэмрийг ард түмэн үнэлдэг. Мэдээж хэрэг кино бүтээхэд аавын нөлөө их байсан уу?

-Хувь хүний гэхээсээ илүү тухайн нийгмийн гадаад болон дотоод улстөрийн нөхцөл байдал, батлан хамгаалах салбарын зорилтыг л харуулахыг хичээсэн түүхэн кино. Түүхийн тэрхүү цаг үед аавын маань үүрэг ч тодорхой хэмжээгээр байсан. Аав минь батлан хамгаалахын сайд, дэд сайдаар 12 жил гаруй ажилласан. Ер нь өөрийнхөө ухамсарт  амьдралыг энэ салбарт л зарцуулсан хүн дээ.

-Авлигын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Та энэ ажилд гар бие оролцож байгаа юм билээ?

- Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар гишүүн гээд бидний байгуулсан Авлигын эсрэг бүлэг УИХ-д бий. Бид нийгмийг хэрхэн эрүүлжүүлэх ялангуяа нийгмийн хавдар болоод байгаа авлигыг арилгах, төрийн албыг авилгаас ангид байлгах талаар ярилцсан юм. Ингээд нэгдүгээрт, хөрөнгө орлогын мэдүүлэг тодорхой болгох нь чухал гэдэгт санал нэгдсэн. Энэ дагуу Авлигын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад өргөн бариад байна. Хоёрдугаарт, төрд алба хашиж байгаа хүмүүсийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах хэрэгтэй гэж үзэж байна.  Тодруулбал,тэдний гаргаж байгаа шийдвэрт хувийн эрх ашгийг нь тусгахгүй байлгах эрх зүйн зохицуулалт хийхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албанд хөрөнгөжиж, давуу байдал эдлэх гэж ордог байдлыг таслах хэрэгтэй болжээ.  Хуулийн төслийн гол зорилго ч энэ юм. Гуравдугаарт, төсвийн ил тод байдлыг авч үзэж байна. Төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтмол өгч эхэлснээр тухайн хүний хөрөнгийн ерөнхий дүр зураг нь гарч ирдэг. Үүнийг дагаад ашиг сонирхлын зөрчил нь тодорхой болно. Ингэснээр тухайн хүний хувийн сонирхол төрийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь тодорхой болж, аливаа муу үйлдлээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Төсвийн ил тод байдлын тухай хуулийн дагуу бол төсвийн зарцуулалт их ил байх учиртай. Эдгээр гурван шатны системийн эрх зүйн орчин бүрдвэл авлигын нөхцөл байдал өөрчлөгдөх болов уу.

-Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн дагуу бол албан тушаалтнуудад нэлээд хязгаарлалт тавьж өгч байгаа юм билээ. Энэ  хуулийн төслийн зарим заалт хэлэлцүүлгийн шатанд дэмжлэг авахгүй саадтай тулгарах болов уу гэж бодож байна. Та ямар саналтай байна вэ?

-Надад нэг сонин зүйл тохиолдсон юм. Манай нутгийн нэлээн гайгүй бизнес хийдэг залуу надтай уулзахаар ирлээ. Эрхэлж байгаа үйлдвэрлэл нь нэлээн гайгүй ажил үйлс нь цэгцэрсэн залуу юм. Гэтэл тэр залуу, та намайг гаалийн байгууллагад ажилд оруулж өгөөч гэсэн.  Би чиний ажил төрөл сайн байхад яагаад гаальд орох гээд байна гэдгийг нь асуусан. Гэтэл тэр залуу одоо эрхэлж байгаа ажлаас минь арай давуу талтай юм гэсэн зүйлийг хэлж байсан. Энэ хуулийн төсөл боловсруулахаас өмнө тохиолдсон юм. Санаа авууштай байгаа биз дээ. Энэ жишээ бол бид буруу замаар яваад байгаагийн шинж юм. Төрийн албаар дамжуулж бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа дарамт их байна. Нөгөө талаас төрд тодорхой алба хашиж байгаа хүн өөртөө давуу тал их бий болгож байгаа юм гэнэ гэсэн ойлголтод хүргэж байна. Ингэснээр шударга бус хуваарилалт нийгэмд бий болж байгаа нь харагдаж байна.
Төрийн алба бол хөрөнгөжих баяжих суурь дэвсгэр биш. Монгол Улс хүн ам цөөтэй. Хүн амын 80 хувь нь залуучууд. Залуучуудынхаа  хөгжих шударгаар хөдөлмөрлөх бололцоог нь бүрдүүлэх хэрэгтэй. Гэтэл төрөөс эдийн засагт үзүүлэх оролцоог өнөөдрийнх шиг ингэж өөгшүүлж, дэвэргэвэл нийгэмд тогтворгүй байдлыг шууд бий болгоно. Тиймээс хүн бүхэнд аль болох бизнес эрхлэх бололцоог нь олгож, төрөөс хамаарах хамаарлыг багасгах хэрэгтэй. Ингэж байж улс орны хөгжил урагшилна. Өнгөрсөн ээлжит чуулганаар баталсан тэмдэгтийн хураамжийн тухай хууль бий. Энэ хууль маш сөрөг үр дагавар авчирсан шийдвэр болсон. Сумын төвд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулах, цайны газар нээх болгонд төр оролцох болсон. Хураамжийг нь хэдэн зуу дахин нэмсэн. Энэ хуулийг явцуу эрх ашгийн хүрээнд цөөн хэдэн хүн, тодорхой бүлэглэлийн захиалгаар хийсэн хуулийн нэг хэлбэр гэж ойлгож болно.Тиймээс энэ хуулиа яаралтай засварлах хэрэгтэй.

- Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож зарласан. Хураамж ингэж нэмснээр бизнес эрхлэх хүн нэмэгдэх биш хасагдах болов уу?

-Тиймээ ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд гоё гоё нэр өгөөд яваад л байна. Гэтэл гарч байгаа шийдвэр нь хариуцлагагүй гарч байна. Харамсаж байна.

-Таны хувьд хуулийн төслийг батлахад гар өргөн дэмжээгүй гэж ойлголоо?

-Би дэмжээгүй. Харин яаралтай засаж, залруулах хэрэгтэй гэж ойлгож байна. Ердөө цөөн хэдэн хүний бизнесийг дэмжсэн эрх зүйн зохицуулалт болсон нь хэрэгжээд эхэллээ. Цаашид Монгол Улс нь жижиг дунд үйлдвэрлэл ер нь бизнесийг татвараас бүрэн чөлөөлсөн орон болох учиртай гэж боддог. Магадгүй намайг ингэж хэлэхээр галзуурсан гэж бодож мэдэх юм. Зөвхөн архи, тамхи, газрын тосны бүтээгдэхүүн, уул уурхай салбараасаа л төр татвар авах хэрэгтэй. Харин бусад бүх салбар татвар төлдөггүй байх орон болох саналтай байна.

-Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст таатай сонсогдох байх. Ингэснээр гарах үр дүн юу болохыг тайлбарлахгүй юу?

-Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэлд оролцох төрийн оролцоо байхгүй болно. Төрөөс нөлөөлөөд байгаа дарамт саад үгүй болох юм. Өнөөдөр иргэддээ чөлөөтэй бизнес эрхлэх бололцоог нь олгож өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрх чөлөө олгох шаардлагатай байна. Бидний хоёрхон сая хүнд өнөөдрийн энэ уул уурхайн баялагаас олох орлого хангалттай хүрэлцэнэ. Мөн газрын тос, архи тамхинаас авах татвар хангалттай. Харин бусад татвараа чөлөөлье. Ингэснээр төрийн албанд тэмүүлэх хүмүүсийн бодол өөрчлөгдөж, чөлөөтэй бизнесээ эрхлэх бололцоо нь нэмэгдэж, төрөөс хөрөнгөө нуух шаардлагагүй болно. Харин ч олсон орлогоороо ажлын байр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бололцоотой болж, хувь хүний бие даасан байдал сайжирна. Төр өнөөдөр татвар нэрээр баахан хөрөнгө хурааж аваад, түүгээрээ эргүүлээд ажлын байр нэмэгдүүлэх гэсэн үр дүн муутай оролдлого хийгээд байна. Татварын мөнгийг үр дүнгүй зарцуулж байгаа олон мянган жишээ бий.

-Та уул уурхайн баялгаас олох орлого цөөн хэдэн монголчуудад хангалттай хүрэлцэнэ гэлээ. Гэтэл нийгэм дэх шударга бус хуваарилалтаас болж энэ ойлголт талаар болно гэсэн хардлага байна. Ерөөсөө цөөн тооны эрх мэдэлтнүүд л хуваагаад авчихдаг гэсэн зарим хүний бухимдалтай Та санал нийлдэг үү?

-Хардсан хардаагүй аль хэдийн хуваачихаад байна. Цаашид ч  байгалийн баялгийг цөөн хэдэн хүн хуваах болно. Өнөөдрийн манай эдийн засгийн бүтэц согогтой байна. Цөөнх улам баяжиж, эдийн засгийн асар хуримтлалтай болсон. Уул уурхайгаас олсон энэхүү хуримтлал эргээд жижиг, дунд салбар руу орж эхэлж байна. Үүнийг хязгаарлах учиртай. Эдийн засгийн цэвэр өрсөлдөөн байхгүй болж байна гэсэн үг. Харин цөөн хүрээнийхэн олсон хуримтлалаараа бусад салбарыг өөрийн эдийн засгийн эрхшээлд оруулах гэсэн увайгүй үйлдэл эхэлж байна. Өнөөдөр дундаж орлоготой иргэдийн тоо багасаж эхэлсэн нь аймшигтай. Өөрөөр хэлбэл, дундаж орлоготой иргэдийн тоо цөөрч, цөөхөн хэдэн хүний амьдрал суга дээшилж байна. Дундаж амьдралтай иргэний шалгуур бол цалингаараа орон сууцны зээл авах бүрэн эрхтэй. Дээр нь боломжийн үнэтэй автомашин унаж, өмсөж зүүх, идэхээ боломжийн хэрээр хангадаг байх учиртай. Гэтэл өнөөдөр манай дундаж иргэн ямар байдалтай байна. Өнөөдөр орон сууц нь хангалттай байна. Гэтэл зээлийн хүүд нь багаар бодоход сард 400-800 мянган төгрөг өгөх хэрэгтэй. Энэ мөнгө дундаж иргэний  цалингаас хол давж байна. Автомашин авах хүсэлтэй хүн ч ялгаагүй бэрхшээлтэй учирна. Тиймээс зах зээл, эрдэс баялаг нь цөөн хүрээнийхэнд л зориулагдаад байна. Дундаж иргэдээ устгаж байна гэдэг нь нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэж байна гэсэн үг. Тиймээс монголынхоо эдийн засгийн загварыг цоо шинээр харах цаг болжээ. Бодлогын хувьд зохицуулалт хийж зогсоохгүй бол хэт төвлөрсөн цөөнхийн капитал хуримтлал, тэднийг үзэн ядсан нийгмийн бухимдал бий болж байна. Үүний жишээг дэлхийн хоёрдугаар дайны өмнөх Итали, Герман Улсаас харж болно. Эдгээр улсад цөөнхийг дагасан олигархижсан эдийн засаг бий болсноос болж фашизмд хүрэх гол нөхцөл бүрдсэн шүү дээ. Монголд яг энэ байдал бий болж байна.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэрэгжүүлж чадвал нийгмийг эрүүлжүүлэх зам нэг алхмаар урагшилж чадна гэж бодож байна уу. Х.Тэмүүжин гишүүн Тавантолгой төсөл хэрэгжихээс өмнө хуулийн төслөө батлуулахын төлөө ажиллана гэж байсан?

-Хэлэлцүүлж, хэрэгжүүлж чадвал нийгэмд маш сайн урьдчилан сэргийлэх тарилга болно. Үүний төлөө шахаж, шаардаж ажиллана. Мэдээж хуулийг хэрэгжүүлэхгүй гэсэн эсрэг сонирхол бүхий улс төрчид бий. Тэд ч тухайн үед ил харагдах болно. Ганцхан Тавантолгой биш ээ. Өнөөдөр Монгол Улс жижиг монгол биш бүс нутагт хамааралтай, тоглогч болж гарч ирлээ. Монголын нүүрс, зэс, уран, төмрөөс бүс нутгийн эдийн засаг хамаарах нөхцөл бүрэлдэж байна. Гол нь баялаг нийгэмд зөв хуваарилагдаж байна уу гэдэг чухал байна.

-Яам тамгын газрын түшмэдийн дунд хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил байдгийг дээр дооргүй шүүмжилдэг. Тендерийн 10 хувь гэсэн ойлголт эдний дундаас гарсан. Та нарын санаачилсан хуулийн дагуу энэ бүхнийг зохицуулах боломжтой. Дээр нь Х.Тэмүүжин гишүүний хэлснээр бол манай төрийн нэлээн чухал албан тушаалтан гаднын байгууллагын зөвлөхийн ажил давхар хашдаг гэсэн. Энэ бүхэнд ч зохицуулалт хийхээр төсөлд тусгасан байсан?

-Тиймээ энэ бүх асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд нарийн тусгасан. Монголд авлига байхгүй гэж хэн ч хэлэхгүй. Авлигатай тэмцэхийн тулд авлигатай тэмцэх газрыг байгуулсан. Гэхдээ байгуулсан болж харагдаад байх хэрэггүй шүү дээ. Төрийн албаны өндөр шалгуур байхгүй болж байна. Хамгийн гол нь төрдөө итгэх олон түмний итгэл алдарч байна. Энэ нь Монгол Улсын бүх салбарт хамаатай. Өнөөдөр төрийн албаны олон ажилтан төрийн өмчит болон төрийн өмчит бус газрын төлөөлөн удирдах зөвлөл энэ тэр гээд бүр үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх үүрэг гүйцэтгэж байгаа түмэн жишээ байна. Үнэхээр замбараагүй байна. Өнөөдөр төрийн албыг нэг сайн сэгсрээд, нэг сайн журамлах цаг болсон. Оройтвол хүндрэл үүснэ. Албан тушаалаар дамжуулж эрх мэдэл эд баялагт хүрээд байж болох юм гэсэн ойлголттой хүмүүс байна. Энэ бол том эндүүрэл. Ингээд яваад байвал ард түмэн тэсэхгүй. Яаралтай эмчилгээ, залруулга хийхгүй бол буруу замаар орсон хөрөнгө нь ч, ажил ч нь байхгүй болно. Ард түмэн бүгдийг мэддэг. Тэд бас бүгдийг мартдаггүй.

-Сонгуулиа буруу явуулж, зөв тогтолцоо ашиглаагүйгээс төрд буруу хүмүүс гарч, нийгэмд шударга бус явдал үүсдэг гэдэг. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Хоёр талтай юм. Аливаа сонгуулийн тогтолцоо сайн, муу хоёр талтай. Өнөөдөр улс төрчдөөс илүү намын нэрээр халхавч хийсэн төрийн албан хаагчид ихийг самарч байна. Үүнээс болж төрийн алба чадваргүйжиж, ноён нуруу нь хугарсан. Өнөөдөр нам гэдэг том юмны ард суучихаад сонгуульд нэр дэвшээд байна. Гэтэл энэ хувилбараа ч яриад эхэллээ. Хэрвээ энэ хувилбарыг сонговол бүс нутаг болон нийгмийн шинж чанартай олон  чухал асуудлыг шийдэж чадахгүйд л хүрнэ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.