Оффшор бүстэй холбоотой хуулийн төслийг буцаасангүй
Улсын Их Хурлын нэгдсэн чуулган
2016.12.08

Оффшор бүстэй холбоотой хуулийн төслийг буцаасангүй

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар явуулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Ганболд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн ТАюурсайхан: "Хуулийн төсөлд оффшор бүсийг тодорхойлох, хуулийн үйлчлэлд хамаарал бүхий этгээдийг тодорхой тусгасан бие даасан хуулийн төсөл боловсруулж УИХ-д дахин өргөн мэдүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй" гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар, Т.Аюурсайхан, С.Бямбацогт, Ц.Нямдорж, Х.Болорчулуун нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүдийн олонхи 38 буюу 81 хувиар хуулийн төслийг буцаах тухай Байнгын хорооны шийдвэрийг дэмжээгүй учир дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийн хүрээнд гишүүд ийн хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар: Компанитай байх, компанигүй байх одоогийн хууль тогтоомжийн хүрээнд байхгүй байгаа. Энэ хуулийн төсөлд зарчмын шинжтэй гурван зүйл байна гэж харж байна.  Оффшор бүс гэдгээ хэрхэн яаж тодорхойлох вэ? хамрах хүрээг нь яаж авч үзэх вэ? хуулийн үйлчлэлд ямар албан тушаалтан хамрагдах юм. Нөгөөтэйгүүр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал чухал байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Гаргах шаардлагатай хууль шиг харагдаад байгаа юм. Хууль зүйн байнгын хороон дээр С.Бямбацогт сайд байгаагүй байсан бол ерөнхий агуулга нь гарчихсан байгаа юм. Оффшор бүс гэдгээ тодорхойлчихьё. Оффшор бүс гэдэг гадаадын хөрөнгө оруулалттай холбоогүй гэдгээ ойлголцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хувийн ашиг сонирхолыг зохицуулах, Төрийн албаны тухай хуульд  нэмэлт өөрчлөлт, оруулах ийм хууль орж ирлээ. Тэгэхээр хоёрын хооронд нэмэлт өөрчлөлт, "косметик засвар" хийгээд улстөрчдийн авилга, хээл хахууль булай зүйлийг нь нийтээс нуучих вий, хамгаалчих вий гэсэн хардлага нийгэмд аль хэдийн төрчихөөд байна.