2016.10.20

“Нууц ноёнтон” болохыг дэмжсэн хууль гэж бодож байна

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан экспертүүд байр сууриа илэрхийлж байна. Тэдний нэг нь ЭмДиЭс Хаан Лекс ХХН-ийн партнер Д.Дүгэржав юм.

Тэрээр уг хуулийн төсөлд зааснаар, “Нэр дэвшигч гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдээлэх ба томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор зохих арга хэмжээ авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдэгдэнэ” гэсэн заалтыг онцлон өөрийн саналыг илэрхийлж байна.

ЭмДиЭс Хаан Лекс ХХН-ийн партнер Д.Дүгэржав

Оффшор данстай байхыг хориглож болох байх. Оффшор данс гэдгийг олон улсад маш өргөн ашигладаг. Ашигтай талыг нь түлхүү ярих болсон. Тийм ч буруу зүйл биш байх. Гол нь авлигын мөнгө, хууль бус мөнгөө оффшор бүсэд байршуулж, мөнгө угаадаг төрийн албан хаагчид байдаг учраас асуудал үүсээд байна. Бизнес эрхлэгчдийн татварын таатай орчинд мөнгөө хадгалуулж, өсгөх сонирхлыг буруутгаж болохгүй. Энэ бол байдаг л зүйл.

Гурван сарын хугацаа өглөө гэж бодъё. Би төрийн албан хаагч, оффшор данстай, мөн тэндэхийн компанийн хувьцаа эзэмшдэг гэж бодъё. Сонгуульд нэр дэвших гэхээр гурван сарын хугацаанд энэ асуудлаа цэгцэл гэж байгаа бол яаж цэгцлэхийг уг хуулийн төсөлд  тусгаагүй байна.

Тэгэхээр  тухайн албан хаагч хүргэнийхээ нэр дээр оффшор дансаа шилжүүлж болно. Ингээд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогоо мэдүүллээ. Тухайн төрийн албан хаагч оффшор дансаа өөр хүний нэр дээр шилжүүлсэн учраас төрийн өндөр албан тушаалд томилогдлоо.

Үнэндээ тэр хүргэндээ оффшор дансан дахь мөнгөө бэлэглээгүй л байхгүй юу. Хүргэн бол түүний амаар хөдөлнө. Данс өөр хүний нэр дээр боловч бүх шийдвэрийг тухайн төрийн албан хаагч өөрөө л гаргана. Нууц ноёнтон болно л гэсэн үг.

Тиймээс “Нууц ноёнтон” болохыг дэмжсэн хуулийн төсөл өргөн барьчихаад байна. Бусад орнуудад “Нууц ноёнтон” болгодоггүй нэг хууль байна. Энэ бол зөвхөн авлигатай тэмцэхэд төдийгүй санхүүгийн салбарын хяналтыг сайжруулах, санхүүгийн мэдээлэл үнэн зөв байх шаардлагыг тогтоосон  хууль юм.

 Англиар “Act on Real Name transactions and guarantee of secrecy” буюу “Санхүүгийн хэлцлийг бодит/жинхэнэ нэрээрээ хийх тухай” хууль. Өөрөөр хэлбэл тухайн хэлцлийн үр дүнг хэн хүссэн бэ, тэр хүн өөрийн нэр дээр хэлцэл хийх (мөнгөө хүлээн авах гм)-ийг шаардсан хууль байгаа юм.

Энэ төрлийн хууль БНСУ-д ч тэр, ОХУ-д ч тэр хэрэгжиж байна. Та өөрийн хүсэл зоригоор нээсэн дансаа өөр хүний нэр дээр шилжүүлэх ёсгүй гэсэн санаа. Хамгийн түрүүнд ийм хууль Монголд хэрэгтэй байна. Ингэснээр авлигаас урьдчилан сэргийлнэ, санхүүгийн зах зээлийн мэдээлэл үнэн зөв, бүртгэлтэй болно.

Хэрэв жинхэнэ нэр дээрээ биш өөр нэр дээр данс нээсэн, өөр нэр дээр хөрөнгөө шилжүүлсэн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалтыг тэдгээр улс баталж хэрэгжүүлж байна.

Би өөрөө Санхүүгийн Зохицуулах хороонд ажиллаж байх үедээ БНСУ-ын санхүүгийн салбарт мөрдөгддөг хэд хэдэн хуулийг судалж байсан. Тэдэн дундаас энэ хууль миний сонирхлыг хамгийн их татсан. Авлигатай тэмцэх газар хэргийг шалгалаа.

Нууц амрагийнх нэр дээр 17 тэрбум төгрөг илэрлээ. 60 настай ээжийнх нь нэр дээр 30 гаруй лиценз байсныг илрүүллээ гэдэг. Үүнийгээ хууль зөрчсөн ноцтой тохиолдлыг илрүүллээ гэдэг. Гэтэл энэ бол хуулийг зөрчсөн тохиолдол мөн гэж баталгаажуулах суурь зохицуулалтаа хийж өгөөгүй байна.

Тиймээс гурван сарын боломж олгоно гэдэг нь өөрийн нэр дээр байгаа данс, хувьцаагаа өөр хүндийн нэр дээр шилжүүлчи гэсэн санаа гэж ойлгогдоод байна. Энэ бол асуудлыг ул сууриар нь шийдэж, өөрчилж байгаа хэрэг биш.  Ямар ч ач холбогдолгүй, зорилгодоо үл хүрэх нэмэлт, өөрчлөлт болчихоод байна.

Хэрэв Монгол Улс “Санхүүгийн хэлцлийг жинхэнэ нэрээрээ хийх тухай” хууль баталчихвал “нууц ноёнтонгүй” болж,  Авлигатай тэмцэх газар, мөрдөн байцаах, санхүүгийн хяналтын байгууллагууд ажлаа хийхэд нь бүх зүйл тодорхой болно.

Хэрэв жинхэнэ нэрээрээ хэлцэл хийнэ гэж заасаар байтал үүнийг зөрчсөн бол гэмт хэрэг, авлигаас олсон орлогоо тэр дансандаа байршуулсан бол гэмт хэрэг гээд зохицуулалт тодорхой, хариуцлага өндөр болох юм.

Тэгэхээр одоо өргөн бариад буй хуулийн төсөл бол асуудлыг шийдэж байгаа биш зүгээр л нүд хуурах төдий зүйл болоод байна.

Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газарт “Санхүүгийн хэлцлийг жинхэнэ нэрээрээ хийх тухай” хуулийн төслийг боловсруулж гаргах нь зүйтэй гэдэг саналаа хуульчийн хувьд удаа дараа уламжилж байсан.