Төрийн албан хаагчид сонирхлын зөрчлөө мэдүүлнэ
2012.01.24

Төрийн албан хаагчид сонирхлын зөрчлөө мэдүүлнэ

УИХ-аас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан санаачилсан гишүүд нь өчигдөр мэдээлэл хийлээ. Ж.Энхбаяр гишүүн "Гурван жилийн өмнө төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбогдуулан УИХ-аас нээлттэй сонсгол зохион явуулсан.

Тэндээс харсан ч, өнөөгийн  нөхцөл байдлаас бодсон ч авилгын асуудлыг таслан зогсоох ёстой гэдэг үүднээс УИХ-д Авилгын эсрэг бүлэг байгуулсан юм. Бүлэгт орсон гишүүдээс уг төслийг өргөн барьж УИХ-аар батлууллаа.

Энэ бол УИХ-ын дөрвөн жилийн хугацаанд хийсэн томоохон ажлын нэг нь. Монгол Улсын өрсөлдөх чадварт авилга л сөргөөр нөлөөлж байгаа. Авилгын төсөөллийн индексээр манай улс дэлхийн 186 улсаас 120-д явж байна. Долдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэ хуулиар нөхцөл байдал сайжирна гэдэгт итгэлтэй байгаа" гэж мэдэгдсэн юм. Харин Х.Тэмүүжин гишүүн хуулийн талаарх ерөнхий мэдээллийг өгөв. Нэрээсээ л содон уг хуулийг батлахад оролцсон бүх хүнд талархсанаа тэрээр илэрхийлсэн. Төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн зан авирыг нэлээд өөрчлөх хууль болсныг онцолж байлаа. Тэрээр "Энэ хуулийг шинээр батлахаас гадна гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр албан тушаалтнуудын ажлыг дөрвөн фронтоор шахах юм. Авилгатай дөрвөн фронтоор тэмцэнэ гэсэн уг Сонирхлын зөрчлийн хууль нь авилгын хөрсийг задалж, албан тушаалтанд биш ард түмэнд ашигтай болгох юм" гэлээ.

 

Хуульд оруулсан зарим зохицуулалтаас дурдья. Аливаа мөнгөн дүнтэй асуудлыг нийтийн албанд ажиллаж байгаа хүн шийдсэн тохиолдолд өмнө нь заавал сонирхлын зөрчлийн мэдүүлэг бөглөж, гарын үсэг зурсан байхаар хуульчилжээ. Жишээ нь, тендерийн комисст орсон хүн энэхүү тендерт өөрийн танил, ах дүү, хамаатан садан оролцоогүй болохыг баталж гарын үсгээ зурах юм байна. Хэрэв энэ тендерт танил тал нь оролцсон болох нь нотлогдвол гарын үсэг нь хариуцлага хүлээх үндэслэл нь болох ажээ. Өөрөөр хэлбэл, танил тал нь тендерт оролцсон бол Сонирхлын зөрчлийн хуулиар, ялсан бол Авилгын эсрэг хуулиар шийтгэгдээд явах ажээ. Сонирхлын зөрчилтэй холбоотой найман төрлийн хэргийг Авилгын эсрэг хуульд нэмэлтэд оруулж өгсөн нь бас нэгэн онцлог гэдгийг санаачлагчид нь хэлж байв. Аливаа асуудалд  албан тушаалтан сонирхлын зөрчлийн үүднээс хандвал албан тушаал бууруулах, давтан тийм байдал гаргавал ажлаас чөлөөлөх хүртэл хариуцлага тооцохоор хуульчилсан байна.

 

Ингэснээр төрийн албан хаагчид жил бүр Авилгатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж өгөхөөс гадна сонирхлын зөрчлийн мэдүүлэг давхар гаргахаар болжээ. Энд өөрийнхөө сонирхлын зөрчилтэй холбоотой бүхий л асуудлыг тусгаж байх юм байна. Эрүүгийн хуульд ч үндэслэлгүйгээр хөрөнгөжвөл гэмт хэрэгтэн болдог заалтыг тусгаж өгсөн нь цоо шинэ зүйл болсныг хурал зохион байгуулагчид ярьж байв. Авилгатай тэмцэх газар жараахайтай биш, тултай, акултай тэмцэх үндэс суурийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон түүнийг дагалдуулан өөрчилсөн гурван хуулиар би болгосон гэв. Хуулийн нэрэнд төрийн алба биш, нийтийн алба гэж оруулсан шалтгааныг Х.Тэмүүжин гишүүн тайлбарласан юм. Тэрээр "Нийтийн алба гэдэг цоо шинэ ойлголт. Өмнө нь төрийн албан хаагч гэсэн явцуу хүрээгээр ажилладаг байлаа. Гэтэл нийтийн өмнөөс томоохон шийдвэр гаргадаг байсан хүмүүс ямар хариуцлага хүлээдэггүй байв.

 

Жишээ нь, Оюутолгой компанийн ТУЗ, Тавантолгойн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж орох  хүмүүс ямар ч хариуцлага хүлээдэггүй. Манайд хэрэгжүүлж байгаа Мянганы сорилтын сан гээд олон улсын сангуудад алба эрхэлж байг хүмүүс ч хариуцлага хүлээдэггүй. Харин энэ хууль гарснаар "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын төлөөлөгч хариуцлага хүлээдэг болох эрхзүйн орчин бүрдлээ. Хөрөнгийн биржийн менежментийг Лондоны хөрөнгийн биржийнхэн Хөгжлийн банкны ТУЗ-д гаднынхан байгаа. Тэднийг хянана. Өөрөөр   хэлбэл Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө гаднын төлөөлөгчийг ч хянах эрхтэй болсон гэсэн үг" гэсэн юм. Я.Батсуурь гишүүн авилгатай тэмцэхийн тулд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж ажлын талаар танилцуулсан Эрүүгийн хуульд заасан авилга өгсөн, авсан хоёрыг адил: шийтгэдэг тогтолцоог өөрчилж өгснийг нь өршөөдөг зарчим оруулах ёстой гэв. Мөн Засгийн газарт хяналт тавих ёстой төрийн аудитын байгууллагыг сөрөг хүчнээс, эсвэл хөндлөнгийн  байгууллагаас томилдог  байх ёстой гэж байлаа. Үүнээс гадна улс төрийн намуудын санхүүжилтийг хуульчлах  хэрэгтэй гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.