УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.01.27

Х.Нямбаатар: Гадаад улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэсэн бол АТГ-д мэдэгдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. 

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн УИХ-д өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хийж, хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг УИХ-ын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 5 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, бүрэлдэхүүнд Н.Оюундарь, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллаж байна. 

Хууль зүйн байнгын хороо Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүнээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргалаа.

Төсөлд, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг албна үүргээ гүйцэтгэх хугацаанд гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор заасан байсныг өөрчилж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10,2-т заасан албан туштаалнуудад хамрааруулахаар төсөлд тусгах

Төсөлд, дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч өмнө нь гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон эсвэл сонгогдсон өдрөөс гурван сарын дотор “зохих арга хэмжээ авна” гэж тодорхой бус заасны өөрчилж, гадаад улсын банкинд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах асуудлыг хуулийн төсөлд тусгах

Дээр дурдсан албан тушаалтан гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолт хамааарахгүй бөгөөд энэ тохиолдолд уг албан тушаалтан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан талаар АТГ-т мэдэгдэл гаргах асуудлыг төсөлд тусгах

Хуулийн үйлчлэлд тухайн албан хаан тушаалтнаас гадна хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийг хамруулах зэрэг болно.