Төрийн албан хаагчид үндэслэлгүйгээр баяжсан нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээхээр боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл болон үүнтэй холбогдуулан Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нарын есөн гишүүний санаачил-сан Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүн Н.Ганбямба, Ц.Даваасүрэн нар хөрөнгө, орлогын мэдүүлгээ тайлбарлаж чадахгүй, үндэслэлгүйгээр баяжсан нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтын талаар хууль санаачлагчдаас лавлаж байлаа. Тухайлбал, Н.Ганбямба гишүүн "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг маш сайн заалт. Харин энэ заалтыг хэрэгжүүлэхэд тийм ч хялбархан биш" гэж байлаа. Харин Ц.Даваасүрэн гишүүн "Үндэслэлгүйгээр баяжсан тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг заалтыг улс төрийн зорилгоор ашиглаж магадгүй. Хэрүүл хийхээрээ л энэ үндэслэлгүйгээр баяжсан гээд шалгуулаад эрүүгийн хэрэг үүсгээд байх юм биш биз дээ" гэв. Гишүүдийн энэхүү болгоомжлолд хууль санаачлагч гишүүн Х.Тэмүүжин хариулахдаа "УИХ-ын гишүүд өөрсдөө ийм итгэл үнэмшилгүй байгаа нь манай улсад авилга ямар төвшинд хүрчихсэн байгааг харуулж байгаа юм. Энэ хуулийг даган өөрчлөлт орох Авилгын эсрэг хууль болон Эрүүгийн хууль цогцоороо хэрэгжиж эхлэх ёстой. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль бол Авилгын эсрэг хуулийн суурь хууль болох ёстой. Үндэслэлгүйгээр баяжсан нь тогтоогдсон томоохон албан тушаалтнуудын барьж шалгаж чадах эсэх нь АТГ-ын шинэ удирдлагуудын эр зоригоос шууд хамаарна.
Энэ хууль батлагдсан ч томоохон албан тушаалтай хүмүүс авилга авсан нь тогтоогдохгүй гэж болгоомжлох хэрэггүй. Уг хуулийг батлахдаа дээрх заалтыг оруулснаар төрийн албан хаагчид бүгд хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгдөг болно. Түүнчлэн энэ хуулийг баталснаар Монгол Улс авилгын хэргийг багасгахын төлөө ажиллаж байгаа гэдгээ дэлхий нийтэд нотлох юм" гэлээ. Түүнчлэн энэхүү хууль хэрэгжиж эхлэх хугацааг нь 2012 оны долдугаар сарын 15 гэж заасныг Э.Мөнх-Очир гишүүн эсэргүүцэж байв. Тэрээр "Яагаад заавал долдугаар сарын 15-наас гэж хугацаа заагаад байгаа юм бэ. Ядаж гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж болдоггүй юм уу" гэсэн юм. Х.Тэмүүжин гишүүн түүний асуултад хариулахдаа “Бидний хүсч байснаар бол энэ хууль өнгөрсөн онд батлагдах ёстой байсан юм. Өнгөрсөн онд батлагдсан бол энэ оны эхнээс хэрэгжээд эхлэх байлаа. Хуулиа одоо баталлаа гэхэд олон нийтэд сурталчлан таниулахад хугацаа шаардлагатай. Ялангуяа маш өндөр хариуцлага дагуулж байгаа шинэ хууль гэдэг утгаараа хугацаа их шаардана. Харин энэ хуультай холбогдуулан өөрчилж байгаа Авилгын эсрэг хууль, Эрүүгийн хууль болон Төрийн албаны тухай хууль ирэх хоёрдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ. Ингэж хугацаа заасны учир нь жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгдөг. Тийм болохоор Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах,сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай холбогдуулан өөрчлөлт оруулж байгаа дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлнэ гэхээр цаг хугацааны хувьд тохиромжгүй болчихоод байгаа юм. Хамгийн наад зах нь хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг шинээр хэвлэхээс авахуулаад бэлтгэл ажил их шаардана" гэлээ. Эцэст нь хуулийн хэрэгжих хугацааг тодотгосон заалтаар санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг долдугаар сарын 15-наас, дагалдан өөрчлөгдөж байгаа бусад хуулийг нь хоёрдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхийг дэмжсэн юм.
Шинээр баталж байгаа хуулийн заалтуудаас гишүүдийн анхаарлыг татсан нэг заалт нь төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-т хадгалах, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хадгалах, АТГ-ын ажилтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хянаж, хадгалах байв. С.Бямбацогт гишүүн энэ заалтаар санал хураалгахын өмнө "Хууль зүйн байнгын хороо хуулийг хэрэгжүүлэгч болж, хэтэрхий эрх мэдэл эдлэхээр болсон байна. Байнгын хороо журам гаргаж, хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг гаргах нь зөв үү. Засгийн газар хууль хэрэгжүүлдэг. Гэтэл УИХ-ын нэг бүтцийн байгууллага ийм эрх эдлэх нь зөв үү" гэж байлаа. Түүний асуултад Ж.Сүхбаатар гишүүн "Гадаад орнуудад Хууль зүйн байнгын хороо хяналтын ажилд онцгой эрх эдэлдэг. Засгийн газраас хараат бус байгууллага гэдэг утгаар Хууль зүйн байнгын хороо журам гаргах нь зөв. Энэ Байнгын хороонд хамгийн нэр хүндтэй, хамгийн туршлагатай гишүүд ажилладаг. Журам болохгүй байна гэж үзвэл бусад гишүүд засаж залруулж болно" гэж хариуллаа. Х.Тэмүүжин гишүүн нэмж хариулахдаа "Парламент хөгжихийн хэрээр мэргэшиж, мэргэш-сэн хяналт тавьдаг болох учраас Хууль зүйн байнгын хороонд эрх өгөхөд буруудахгүй" гэлээ. Энэхүү заалтаар санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь дэмжсэн юм. Улмаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон түүнийг даган өөрчлөгдөж буй хуулийг баталлаа. Хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга Д .Дэмбэрэл "Маш чухал хууль баталлаа. Төрийн албан хаагчид сайн судлаарай. Амархан батлагдахааргүй,олон жил ярьсан хууль шүү. Уг хуулийг батлах нь энэ удаагийн парламентын нэгэн чухал үүрэг байсан юм” гэв.
Эх сурвалж: Үндэсний шуудан С.Шийлэгтөмөр