Дайныг роботжуулах зургаан технологи
Дэлхийн цэргийн аварга том үйлдвэрүүд болон улс орнуудын Батлан хамгаалах яамны захиалгыг гүйцэтгэгчдийн зуучлалын дүнд дайны талбар удахгүй алдарт “Skynet” системийг санагдуулах байх. Тэгэхээр бид шинэ ирээдүйд шилжин орж байна. Алс ирээдүйд хүний нөлөө аажмаар алга болох ба түүнчлэн нэг л мэдэхэд үйлдвэрлэлийн угсрах шугамнаас хүн өөрөө зайлуулагдах нь гарцаагүй.
1. Нисгэгчгүй онгоцууд
Тагнуулын болон цэргийн нисгэгчгүй онгоцууд ирээдүйн дайнд голлох байр суурийг эзлэх бололтой. Тэднийг зайны удирдлагын тусламжтайгаар алс холоос, бүр хэдэн мянган километрийн цаанаас жолоодож, үхлийг түгээх болно. Видео тоглоомын үйлдвэрлэл мэдээж товчлуур дарах ба бодит амьдрал дээр хүний амь насыг хөнөөхийн хооронд хаалт, бамбай үүсэхэд гар бие оролцсон. Энэ салбарын хамгийн сүүлийн үеийн шинэ технологи гэвэл аяны үүргэвчид багтдаг нисгэгчгүй-камикадзе. Тэдгээр нь нэг бол автономи ажиллагаатай эсвэл зайны удирдлагатай.
2. Роботууд ба газраар явагч, жолоочгүй тээврийн хэрэгслүүд
Хөгжингүй орнуудын цэргүүд өнөөдөр аль хэдийн роботуудтай нягт хамтран ажиллаж байна. Роботууд замын дэргэд булсан бөмбөг, миныг аюулгүй болгохын зэрэгцээ тагнах ажиллагаа явуулан, бие даасан болон туслах туршуулуудын үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн цэргийн анги нэгтгэлүүд дээр автономи ажиллагаатай тулааны системүүдийг нэвтрүүлснээр дайсны байрлал руу галан шуурга буулгах чадалтай болжээ. Түүнээс гадна цэрэг, дайны зориулалттай газраар явагч төрөл бүрийн тээврийн хэрэгслүүд нь ямар ч цэрэг, механикгүйгээр ажиллаж байна. Тэр бүү хэл хүний оролцоогүйгээр хүссэн газар нутагт очиж, эргүүл хийх боломжтой тэнгисийн хөлөг онгоцууд ч бий болжээ.
3. Ачаа хүргэлт
“Lockheed Martin” дөнгөж сая өөрсдийн маш том амжилтын тухай мэдээллээ. Тэдний “K-MAX” систем-вертолётууд бие дааж буюу зайнаас удирдуулан сум, зэр зэвсэг гээд хэрэгцээтэй бүхнээр анги нэгтгэлүүдийг хангаж эхэлжээ. Ачаа хүргэлтийн энэ системийг тухайн газар нутагт байршисан роботжуулсан цэргийн анги нэгтгэлүүдтэй харилцан үйлчлэхээр тохируулж болох бөгөөд ингэснээр хүн тэнд байх хэрэгцээ бүрмөсөн алга болох юм.
4. Нанотехнологи
Нисгэгчгүй нисдэг онгоцуудыг авсаархан, бүр жижигрүүлэн бичил болгох явц эцэс төгсгөлгүй үргэлжлэх бололтой. Өнөөдөр шавьжин роботууд хүн хүршгүй тийм газар нутгийг судалж байгаа. 2001 оны Нанотехнологийн санаачилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бүрэн санхүүжүүлжээ. Тус төсөл нь ирээдүйд хүний оролцоогүйгээр хийх дайнд бэлдэх гол суурь дэвсгэр болж байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны судалгааны шилдэг төслүүдийн агентлаг өнөөдөр хүний бие ба тээврийн хэрэгслүүдийн хуягт хамгаалалтыг бүтээхээр гибрид нанотехнологийг боловсруулжээ. Энэ нь байгаль ба машиныг бүрэн хэмжээгээр уусан нэгдэх замыг нээж өгч буй бололтой.
5. Киборгууд
Орчин үеийн шинжлэх ухаан өнөөдөр ёроолгүй мэт ундрах цэргийн төсөвтэй нэгджээ. Тэд ойрын хугацаанд киборгуудыг бүтээн, шинжлэх ухааны уран зөгнөлийн ертөнцөөс бодит ертөнцөд авч ирэх гэж байна. Шавьжин киборгуудыг дайн тулааны нөхцөлд тагнуулын арга хэрэгсэл болгон ашиглах боломжтой нь тогтоогдсон. Харин сум үл нэвтрэх арьс нь хүний амь нас үрэгдэж болзошгүй газарт өөрийн давуу талаа батлан харуулж байна. Шинэ экзо араг ясыг ашиглан хүний боломжийг улам ихээр нэмэгдүүллээ. “Тэлсэн ухамсрын технологи” хөтөлбөрүүд бол Батлан хамгаалах яамны захиалгыг гүйцэтгэдэг, аварга том Honeywell компанийн тэргүүлэх бодлого юм. Энэ компани компьютерийн тусламжтайгаар цэргүүдийн бие, сэтгэцийн байдлыг шинжлэн, программчлахыг санал болгож байна.
6. Компьютерүүд ба кибер дайнууд
Виртуаль /интернэт ертөнц/ болон бодитоор оршин буй газар нутгийг нэгтгэн нийлүүлснээр ирээдүйд хүмүүс хэрэггүй болоход хүрнэ. АНУ-ын Батлан хамгаалах яам ба Үндэсний аюулгүй байдлын агентлаг “Ирээдүйн хамгийн том аюул бол кибер терроризм” гэж мэдэгдсэн билээ. Тэр бүү хэл тэд компьютерийн халдлагын дараа бодит цохилт өгөхөд бэлэн байгаагаа зарласнаар кибер орон зайн дайн нь жинхэнэ дайны талбарын үргэлжлэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь компьютерүүд ба ажлын сүлжээнүүд халдлагын ба хариу цохилт өгөхөөр асар том нэгдсэн сүлжээ болох сүүлчийн алхам ч байж магадгүй. Тэр үед хүн төрөлхтөн нөхцөл байдал яаж ингэж хяналтаас гарсныг гайхахаас өөр арга үлдэхгүй байх.
Өнөөдөр манай бодит ертөнц улам бүр компьютерийн тоглоомыг санагдуулж байгаа нь үнэхээр аймшигтай. Яагаад гэвэл дайн дажин, цэргийн ажиллагаанд оролцогчид /тоглогчид/ нь тухайн дайн, тулааны талбайтай холбоогүй байж байдаг. Цэргийн нууцлаг, олон судалгаа хэнд ч тайлангаа тавьдаггүй төсвүүдээс санхүүжиж байгаа нь олон нийт, нийгэм тэдгээр технологийн тухай олж мэдэх явцыг олон арван жилээр хойшлуулж байна. Тэгэхээр одоо хүний оролцоогүйгээр дайн дэгдэж болзошгүй бодит нөхцөл байдал үүссэнийг бид мэдэж авлаа. Гэхдээ одоо өөр ямар арга, технологийн тухай бид мэдэхгүй байгаагаа таах л үлдлээ.