Путин “үхлийн бүс”-ээ улам тэлсээр
Босфорын өндөр эрэгт дуулиан тарьсан гашуудлын ёслол нь терроризмд хамаатай хүмүүсийн оршуулгын хүрээнээс хэдийн хальжээ. Константинополийг байлдан дагуулсан султан Мехметийн босгосон сүмд хэдэн мянган хүмүүс ирж, гурван чечен эрийг сүүлчийн замд нь үдлээ. Оросын Умард Кавказаас ирсэн тэднийг Стамбул хотод гэрээсээ гарч явах үед гар буугаар буудаж хороожээ. Алуурчин гэмт хэргийн газраас хар машинаар зугтааж амжив. Туркийн мөрдөгчид түүнийг мөшгисөөр амьдардаг зочид буудлыг нь олж очсон байна. Гэвч энэ удаа ч алуурчин зугтаачихсан. Гэхдээ тэр өрөөндөө гар буу, шөнийн харааны багаж, паспортаа хаячихжээ. Одоо туркүүд дээрх аллагад сэжиглэн, 55 настай орос эрийг хайж байна. Тэр хүн 9-р сарын эхээр Александр Жирков нэрээр Турк улсад орж ирсэн ажээ.
Анкарагийн Засгийн газар саяхныг хүртэл иймэрхүү аллагыг чимээгүй хараад л суудаг байсан. Учир нь тэд сүүлийн үед өөрсдийн геополитикийн өрсөлдөгч ОХУ-тай харилцаагаа сайжруулж эхэлсэн тул дахин муутгахыг хүсэхгүй байгаа. Харин чеченчүүдийн оршуулгын дараа исламын байгууллагуудын төлөөлөгчид Москваг “төрийн түвшинд террор явуулдаг” хэмээн хурц шүүмжиллээ.
Стамбулын цуст аллагын цаана маш том зөрчил нуугдаж байгаа бөгөөд энэ нь ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путинтэй холбоотой. Тэрбээр хэт даврагчид болон алан хядах ажиллагаа явуулдаг чеченчүүдэд талтай хандаж, тэднийг орогнуулдаг исламын ертөнцөд дайн зарласан. Учир нь Путин Орос орныг цаашид тарж бутрах аюулаас бүхий л аргаар аврахыг оролдож байна.
Оросын тусгай агентууд цаазаар аваачих чеченчүүдийн жагсаалтыг гаргаж, энэ чиглэлд тогтмол ажиллагаа явуулдаг гэж Германы сонинууд бичжээ. Чечений дайны үед Ерөнхийлөгч байсан Путин “үхлийн бүс”-ийг тэлэх тухай шийдвэрийг биечлэн гаргасан билээ. “Террористууд хаа ч явсан бид мөрдөж мөшгисөөр байх болно. Хэрэв бид тэднийг жорлонд барьж авбал тэнд нь хорооно” хэмээн Путин дэлхий даяар мэдэгдсэн. Ингээд Путин өөрийн бүх туршуулыг чечений босогчид болон гадаадад байгаа террористуудтай тэмцэхээр илгээсэн юм.
Дипломат паспорттой Оросын туршуулууд 2004 оны 2-р сард Чечений хээрийн командир Зелимхан Яндарбиевыг өөрийн нь джип машин дотор дэлбэлчихсэн. Яндарбиев тэр үед Катарын эмирийнд зочилж байсан юм. Түүнийг Интерпол эрэн сурвалжилж, нэр нь НҮБ-аас гаргасан террористуудын жагсаалтад дурайж байсан ч Катар улс чечен эрийг Москвад барьж өгөхөөс татгалзсан. Гэсэн ч Москва санасандаа хүрсэн юм. Энэ аллагын дараа төрийн албан хаагчдын дүрээр халхавчилсан Оросын алуурчдыг илрүүлж баривчлав. Гэтэл Путин шууд л тэднийг суллуулах гэж хөөцөлдөн, өөрөө биечлэн Катар руу утастсан байна.Тэр бүү хэл Путин 2006 онд иймэрхүү үйл ажиллагаа явуулахыг хуульчлан баталсан байна. Ингээд Оросын тусгай албад, тусгай анги гадаад орнуудад террористуудыг устгах эрхтэй болжээ. Устгах тушаалыг зөвхөн Ерөнхийлөгч өгдөг юм байна. Дашрамд дурдахад АНУ-ын Ерөнхийлөгч Джорж Буш ч мөн ийм хуулийг хэдэн жилийн өмнө гаргасан билээ.
Оросууд иймэрхүү ажиллагаагаа голдуу Арабын орнууд, Азербайджан, Туркэд явуулдаг. 2008 онд Стамбул хотод гэгээн цагаан өдөр гэмт бүлэглэлийн тэргүүн Гаджи Эдильсултановыг устгасан юм. 3 сарын дараа түүний хамсаатан Ислам Джанибековийг ч мөн цааш харуулсан. Чечен эр тэгэхэд авааль гэргий, хүүхдүүдийнхээ нүдэн дээр толгой руугаа буудуулж үхсэн юм. Ислам Джанибеков маш олон террорист ажиллагаа явуулж, улмаар Оросын тусгай ангийнхны овоо хараанд орсон аж.
Чечений хээрийн командир Муса Атаев Туркэд өөр нэрээр амьдарч байсан юм. Гэтэл 2009 оны 2-р сард түүнийг Стамбул хотод хөнөөсөн байна. Түүнийг цусан цөөрөм дунд хэвтэж байсан хэмээн хөршүүд нь ярьжээ. Атаев бол террористуудын тэргүүн Доку Умаровын Стамбул дахь төлөөлөгч байсан бөгөөд олон террорист ажиллагааны хариуцлагыг өөртөө үүрсэн. Доку Умаров 2010 оны 3-р сард Москвагийн метрод алан хядах ажиллагаа явуулж, 40 хүний аминд хүрсэн. 2011 оны 1-р сард 37 хүний амийг авч одсон Москвагийн “Домодедово” нисэх онгоцны буудлын дэлбэрэлт ч түүнтэй холбоотой. Эдгээр гэмт хэргийн улмаас Умаровыг “Кавказын бин Ладен” гэх болжээ.
2009 оны 2-р сард Атаевыг алагдах үед Александр Жирков мөн л Стамбулд байсныг Туркийн мөрдөгчид олж тогтоожээ. Иймээс орос эрийг Стамбулд сая алагдсан гурван чечен эрийн аллагад сэжиглэх нь аргагүй.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Чечений нууц веб-сайтууд болон ОХУ, Туркийн олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслээр “Берлиний бүлэг”-ийн тухай их шуугисан билээ. Германчуудын үзэж буйгаар дээрх гэмт хэрэгт хамаатай Оросын туршуулуудыг Берлинээс удирддаг гэнэ. Гэхдээ Германы эрх баригчдад одоогоор ямар ч баталгаа, нотолгоо алга. Гэхдээ Берлинд одоо амьдарч байгаа Чечений цагаачид болон ОХУ-ын тусгай албадын туршуулууд гээд 1200 гаруй хүмүүс байнга бие биеэ мөрдөж цагдаж байгааг германчууд сайн мэддэг. Тэгээд ч Германд Умаровыг дэмжигчид нэмэгдсээр байгаа бөгөөд чечен залуус Кавказын “ариун дайн”-д мордохоор Германаас гарч явах нь олширчээ. Түүнчлэн үе е эргэлзээтэй эх үүсвэрээс мөнгө орж ирдэг юм байна.