2011.09.13
Халдлагын дараа Кремль, Цагаан ордон хоёр хоорондоо тагнуулын мэдээлэл солилцож эхэлжээ
11/IX-НИЙ ҮЙЛ ЯВДАЛ ХЭНД «АШИГТАЙ» ТУСАВ?
Одоогоос яг 10 жилийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт террорист халдлага болсон билээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уг террорист ажиллагааны улмаас хэн, ямар улс хамгийн ихээр хохирч, харин хэнд хамгийн их «хожоо»-той байсан талаар АНУ-ын «Эрх чөлөө/Чөлөөт Европ» радио станц тодорхой дүгнэлт гаргажээ.11/IX-ний халдлагын дараа АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт оруулах хөрөнгийн хэмжээ огцом нэмэгдсэн байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Вашингтоны засаг захиргаа батлан хамгаалах салбар, тагнуулын албыг бэхжүүлэх, Ирак, Афганистанд явуулсан дайны ажиллагаанд нийтдээ 7 их наяд доллар зарцуулжээ. Жишээ нь, америкийн тагнуулын албадын төсөв сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна. Үндэсний аюулгүй байдлын яам байгуулагдаж, үндэсний тагнуулын албаны захирлын албан тушаалыг шинээр бий болгосон нь Холбооны засгийн газрын бүтцэд Дэлхийн II дайнаас хойшхи хугацаанд хийсэн хамгийн том өөрчлөлт юм.
Гэхдээ албаны нууцыг хадгалах гэдэг нэрийн дор олон баримт олон нийтэд ил болоогүй хэвээр байна. “Вашингтон Пост” сонинд нийтлэгдсэн “Маш нууц Америк орон” гэдэг гарчигтай илчлэх, эрэн сурвалжлах материалд дурдсаныг үзвэл, өнөөдрийн байдлаар, 854 мянган хүн маш нууцын зэрэглэлтэй материалуудыг ашиглах эрхтэй гэнэ. Халдлага болсноос хойшхи хугацаанд Вашингтон хот болон түүний ойр орчмын дүүргүүдэд маш нууц тагнуулын ажиллагааг удирдах зориулалтаар 33 цогцолбор барьжээ. Эдгээр барилгууд нь Пентагоны барилгаас 3 дахин их талбай буюу нийтдээ 158 га газар эзлэн оршдог байна.
Хоёрдугаарт, 9-р сарын11-ний үйл явдлын дараа америкчуудын явуулсан террористуудын эсрэг байлдааны ажиллагаа нь Иран улсад тун «ашигтай» туссан. 1990-ээд оны үед Афганистанд болсон иргэний дайны үеэр суннит шашинт голдуу талибууд шиит шашинтнуудыг хөнөөж байснаас гадна Ираны хэд хэдэн дипломатчдын амийг хороосон юм.
Харин 2001 оны намар америкийн цэргүүд талибуудын засгийн газрыг түлхэн унагасан нь иранчуудыг ихээхэн баярлуулав.Түүнээс гадна, 2003 онд америкчууд Иракт довтолж, Саддам Хусейнийг зайлуулсан явдал нь Ираны эрх баригчдад давхар тус хүргэжээ. Учир нь Саддам бол 1981 онд 8 жил сунжирсан Иран-Иракийн дайныг эхлүүлсэн иранчуудын эртний өст дайсан нь юм. Америкчууд Иракийг эзэлсний дараа БААС намын оронд Ираны дэмжлэгийг хүлээдэг Иракийн шиитүүд засгийн эрхэнд гарчээ.
Энэ бүхэн нь цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж буй Ираны улсын бүс нутаг дахь нэр нөлөөг мэдэгдэхүйц бэхжүүлсэн нь ойлгомжтой.
Халдлагын дараа аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд олноороо байгуулагдаж, энэ төрлийн бизнес нь олон тэрбумын орлоготой салбар болон хувирав. Урьд нь зөвхөн армийн онцгой үүргийг гүйцэтгэж байсан эдгээр компаниуд одоо бие даан үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон нь түгшүүр төрүүлсөөр байна. Тухайлбал, Иракт ажиллаж байсан Blackwater гэдэг компани хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсан нь илэрмэгц нэрээ Хе болгон сольсон жишээ бий. АНУ-ын Төрийн департамент Иракт ажиллаж буй хувийн компаниудын ажилтнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж 5 500-д хүргэхээр төлөвлөж байна.
Өөр нэгэн зүйл гэвэл, “Эрх чөлөө” радиостанцын үзэж байгаагаар, 9-р сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын зүгээс Оросын эрх баригчдыг хүний эрх зөрчиж байна гэсэн ширүүн шүүмжлэлүүд гэнэт “татарчээ”. Хуучин ЗХУ-ын Улсыг Хамгаалах хорооны тагнуулч байсан Владимир Путин Чечений хоёрдахь дайны үеэр Оросын Ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Тухайн үед өрнөдийн олон орны засгийн газар салан тусгаарлагчид руу дайрч байгаа Оросын эрх баригчдыг шүүмжилдэг байлаа. Тухайлбал, энгийн иргэд болон зэвсэгт этгээдүүдийг хооронд нь ялгаж салгахгүйгээр бөмбөгдөж байгаа, мөн олон залуу чечень эрчүүд “сураггүй алга болсон” гэх зэргээр буруутгах жишээтэй. Чечений зарим салан тусгаарлагчид болон “Аль-Каида” бүлэглэлийнхэн хоорондоо хэлхээ холбоотой байсан гэдэг баримтыг тухайн үед төдийлөн ойшоон авч хэлэлцдэггүй байлаа. Харин Нью-Йорк, Вашингтонд болсон халдлагын дараа Кремль, Цагаан ордон хоёр хоорондоо тагнуулын мэдээлэл солилцож эхэлжээ.
ЗХУ задарсны дараахь үеийн дарангуйлагчид, тухайлбал, Афганистантай хил залгаа Дундад Азийн улсуудын удирдагчид АНУ-ын тусламжийг хүртэхийн тулд терроризмтой тэмцэхэд илүүтэй анхаарал хандуулах болж, үүссэн боломжийг ашиглав. Эдгээр орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан Афганистанд ачаа хүргэх маршрут нь хүний эрхийг зөрчиж буй баримтаас илүү чухалд тооцогдох болжээ.
Шашны сэдэлтэй халдлага, түрэмгийлэл нь шашингүй үзэлт¬нүүдийн зүгээс шашин шүтэгчдийн эсрэг дайралт хийх шалтаг болов. Философч Дэниел Деннет, физикч Стивен Хокинг, сэтгүүлч Кристофер Хитченс нар үүнд идэвхийлэн оролцлоо. Шашингүй үзэлтэн Ричард Докинсийн 2006 онд бичсэн “Бурхны талаарх төөрөгдөл” гэдэг ном 2 сая ширхэг борлогдсон байна. “Терроризмын эсрэг дайн”-аас өмнө уг ном ийм олон ширхэгээр зарагдана гэж төсөөлөхөд хэцүү байсан. Гэсэн хэдий ч шашингүй үзэлтнүүдийн хувьд байдал тийм ч сайн сайхан болчихоогүй байна. Исламын шашинтнуудын эгнээ улам өргөжиж байгаагаас гадна америкчуудын олонхи нь Бурханд итгэдэг хэвээрээ.
Халдлагын дараа эхэлсэн терроризмтой хийх дайны үеэр цэргийн роботтехник үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжлөө. Өнгөрсөн зууны сүүлчээр АНУ-ын нисэх хүчин, сансрын аж үйлдвэрийнхэн зайнаас удирддаг нисгэгчгүй онгоц зохион бүтээсэн бөгөөд энэ онгоц нь алсад орших объектуудын талаар тагнуулын мэдээлэл цуглуулах зорилготой байжээ. Хожим нь нисгэгчгүй онгоцонд пуужин байрлуулах санааг сэдсэн байна. Халдлагаас хойшхи 10 жилийн хугацаанд цэргийн роботтехникийн салбар нь дайны мөн чанар, явцыг үндсээр нь өөрчлөх хэмжээнд хүртэл хөгжих төлөвтэй болов. Өнөөдөр АНУ-ын цэргийн нисэх хүчнийхэн «алсын удирдлагатай онгоц»-ны операторуудыг жинхэнэ нисгэгчдээс илүү олноор нь бэлтгэж байна. 9-р сарын 11-ний халдлагын дараа Пакистан, Саудын Аравид зөрчилтэй тогтворгүй байдал үүссэн нөхцөлд Турк улс Исламын ертөнцөд аядуу бодлого хэрэгжүүлэгч “гэрэлт цамхаг” болохын хувьд өөрийн нэр хүндийг ихээхэн дээшлүүлж чаджээ. Аядуу үзэлт Режеп Эрдоганы Засгийн газар 2003 онд байгуулагдаж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үед улс орноо удирдсаар байна. Хөгжил дэвшлийг исламын соёлтой хослуулж чадаж байгаагаа Ойрхи Дорнодод харуулсан цорын ганц орон гэдгээрээ улс орныхоо нэр хүндийг өсгөх боломжийг туркчууд алдсангүй. Хэдийгээр тэд зарим асуудал дээр АНУ-ыг үл тоомсорлох байдал үзүүлж байсан ч /2003 онд америкчууд Иракт довтлох үед тэдэнд газар нутгаа ашиглуулахаас татгалзсан гэх зэрэг/ Ерөнхий сайд Эрдоган Туркийг НАТО-гийн бүрэлдэхүүнд хэвээр байлгаж чадсан. Турк улс Иран, Сиритэй холбоогоо зузаатгахын зэрэгцээ Европын Холбоо болон Орос улстай харилцаагаа улам сайжруулсаар байна. Халдлагын дараа гүйцэтгэх засаглалын эрх мэдэл илт нэмэгджээ. 9-р сарын 11-ний дараах хэдхэн долоо хоногийн дотор Конгресс хоёр ч хуулийн төслийг баталсан бөгөөд энэ нь “Аль-Каида”-тай дайтах хийх бүрэн эрхийг Цагаан ордонд олгосон явдал. “Цэргийн хүч хэрэглэх бүрэн эрхийн” тухай эхний хууль ёсоор террористуудын эсрэг тэмцэхийн тулд шаардлагатай бүх хүч хэрэгслийг дайчлах бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгосон бол “АНУ-д терроризмтой тэмцэх тухай” хуулийн дагуу болзошгүй халдлагыг таслан зогсоохын тулд өөрийн орны иргэдийг мөшгиж мөрдөхийг Холбооны засгийн газарт зөвшөөрчээ.
Харин өнгөрсөн хугацаанд Дээд шүүх болон Конгрессийн зүгээс “терроризмтой хийх дайн”-ы эхний шатанд гүйцэтгэх засаглалд олгосон эрх мэдлийн нэлээд хэсгийг цуцалсан байна. Обамагийн засгийн газар өмнөх эрх баригчдын хэрэглэж байсан зарим арга барил /байцаалтын үеэр эрүү шүүлт тулгах зэрэг/-ыг халсан хэдий ч “Терроризмтой тэмцэх тухай” хуулийн зарим заалтыг улам баяжуулан хэрэглэв. Одоогийн Ерөнхийлөгч улсын нууцыг задруулахыг хориглох тухай ойлголтыг чөлөөтэй, өөрийн үзэмжээр тайлбарлахын зэрэгцээ ТТГ Пакистанд нисгэгчгүй онгоц ашиглаж байгааг дэмжсээр байна.
Эцэст нь өгүүлэхэд, хэрвээ “терроризмын эсрэг дайн” болоогүй бол эдүгээ нууц нь нэгэнт алдагдсан, Ирак, Афганистанд болж буй дайны талаарх цахим хуудсанд байрлуулсан олон зуун мянган баримт сэлтүүд төдийлөн анхаарал татахгүй байсан болов уу. Викиликсийг үндэслэгч Жулиан Ассанж өөрийгөө Дэниел Эллсбергтэй зүйрлэх дуртай нэгэн. Эллсберг бол “Пентагоны баримтууд” гэсэн нийтлэл бичсэнээрээ Вьетнамын дайныг төгсгөл болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.