Атлантын далайд орших өчүүхэн РОКОЛЛ арлыг ДӨРВӨН УЛС булаацалдаж байна
Роколл бол сөнөсөн галт уулын усан дээр ил харагдах хэсэг юм. Энд цэнгэг ус огт байхгүй, хүмүүс хэзээ ч амьдарч байгаагүй. Энэ арлын цорын ганц оршин суугчид нь зөвхөн шувууд. Нүүдлийн шувууд энд амарч, хүчээ сэлбэдэг. Роколл орчмын усанд олон төрлийн загас, нялцгай биетүүд бий. Тиймээс далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг эзэмшихийн төлөө улс орнууд бас тэмцэлдэж болох юм.
Дундад зууны үеийн Ирландын аман ярианд Роколл арлын тухай өгүүлжээ. Түүнийг ид шидийн "Рокабарра" чулуу хэмээн нэрлээд ертөнцийн сүйрлийн өмнөхөн гарч ирдэг гэсэн байна. Харин шинжлэх ухааны үндэслэлтэйгээр анх 1703 онд Шотландын Мартин гэгч эрдэмтэн арлыг судалж, тодорхойлжээ. Зуун зуун өнгөрсөөр, сүүлдээ Роколлыг үхлийн аюултай газар гэх боллоо. 1686 онд энэ хавьд загас агнуурын хөлөг хайргадсан бол 1812 онд "Леонидас" судалгааны хөлөг, 12 жилийн дараа "Елена Данди" живжээ. Харин 1904 онд "Норвег" пароход сүйрч, 635 хүн амь үрэгдэн, 150 нь аврагдсан байна.
Муу ёрын хадыг энэ хадыг аль ч улс орон өөрийн болгох гэж яарсангүй. Тэгээд ч далай тэнгист хаанчилж байсан Их Британийг хэн ч эсэргүүцэж чадахгүй байсан биз. Тэр тусмаа Роколл арал Их Британий эргээс холгүйхэн оршдог юм чинь. Харин англичууд бүр 1955 онд л ийм алхам хийжээ. Их Британий офицерууд энд төрийн далбаагаа хатгаж, чиглэл заах маякуудыг босгов. Дараа нь буюу 1972 онд Роколлыг Шотландын Харрис нийгэмлэгт хамааруулах болжээ.
Түүнээс хойш олон цаг хугацаа өнгөрч, тэдгээр маяк хэдийн эвдэрчээ. Гэвч хэн ч Английн төрийн далбааг сугалж авч хаясангүй. Тэгсэн хэрнээ англичууд өөрсдөө Роколл арлыг эзэмших эрхийг НҮБ-аар дамжуулан албан ёсоор баталгаажуулсангүй. Тэд өөрсдийн эзэмшил газарт эрхээ тун өвөрмөцөөр эдэлж байсан гэж хэлж болно.
1975 онд Тэнгисийн цэргийн хоёр явган цэрэг нисэн ирж, 2 цаг гэрэл зургаа авахуулсан байна. 10 жилийн дараа Их Британий чөлөөнд суусан нэг цэрэг сар гаруй Роколл арлын хаданд хадсан цаасан хайрцаг дотор амьдарчээ.
Их Британий энэ арлыг эзэмших эрхэд хамгийн анх “Гринпис” хөдөлгөөний идэвхтнүүд халдав. Гурван экологич 42 өдрийн турш энэ арлыг эзэлж, англичуудын явуулж байгаа нефть хайгуулын ажлыг эсэргүүцсэн байна. "Гринпис" хөдөлгөөний төлөөлөгчид энэ арлыг “даяаршсан шинэ Вейвлэнд улс” хэмээн зарлалаа. Өөрөөр хэлбэл давалгааны орон гэжээ. Тэдний үзэж буйгаар хүссэн хүн болгон энэ улсын иргэн болж болох гэнэ. Гэвч экологи-улстөрийн энэ цирк удаан үргэлжилсэнгүй.
Роколл арал ийнхүү Их Британий ч юм шиг, эсвэл хэний ч биш юм шиг хэвээр яваад л байх байсан биз. Гэтэл эрдэмтэд Роколл арлын ойролцоо асар их хэмжээний нефть олчихжээ. 100 тэрбум фунтын “хар алт” Их Британий төрийн сан хөмрөгийг баяжуулна гэж шинжээчид тогтоов. Мөн энд байгалийн хийн орд газар ч байгаа аж. Ийм баялаг зам дээр, далайд ч зүгээр хэвтэхгүй нь ойлгомжтой. Тэгээд л бусад улс орон хөдөлж эхэллээ.
Ирланд, Исланд, Дани улсууд англичуудаас Роколл арлыг болон тус арлын ойролцоо загас агнуур хийх эрхийг булаацалдаж гарчээ. Исландчууд, ирландчууд энэ талаар зохих бичиг баримтыг бүрдүүлж, НҮБ-ын комисст өгчээ. Их Британи ч мөн ийм алхам хийсэн байна. Дараа нь Дани улс ч өргөдлөө өгөхөө мэдэгдлээ.
Улс орон бүр өөрийн гэсэн үндэслэл, нотолгоо дэвшүүлжээ. Англичууд Роколлд хамгийн ойр газар нутаг нь Хирта арал гэдгийг онцолж байна. Хирта нь Шотландын баруун хойд эрэгт оршдог бөгөөд Роколлоос 300 км зайд байрлажээ. Иймээс англичууд “Ирланд, Исланд болон Данийн Фарерын арлууд эндээс илүү хол оршдог. Роколл бол арал. Иймээс түүний эргэн тойрны далай нь Их Британий эдийн засгийн онцгой бүс болно” гэж мэдэгдлээ.
Харин Ирланд “Роколл бол арал биш, ердөө асга хад. Иймээс олон улсын эрхийн дагуу асга хадны ойролцоох далай ямар ч улсын мэдлийнх биш. Тэгэхээр энэ хад дэлхийн аль улсын эргээс хэр хол оршиж байгааг тооцон хувааж авах ёстой” гэжээ. Түүнчлэн ирландчууд “Роколл бидэнд хамгийн ойр оршдог. Гэтэл Их Британий эргүүд илүү хол. Харин Хирт арал нь Шотландад албан ёсоор харъяалагддаг тул энд тооцож үзэх хэрэггүй” гэж мэдэгдсэн байна.
Энэ маргаанд Данийн байр суурь хамгийн сул. Энэ улсын үндсэн газар нутаг хол оршдог. Гэхдээ даничууд ч арга олжээ. Роколлын хойд хэсэгт Фарерын арлууд үргэлжилдэг юм байна. Дани “Энэ хавьд усанд доор бичил тив бий. Фарерын арлууд болон Роколлын хавтан гэсэн үг. Ийм учраас манай улс Фарерын ойролцоох далайн гүний уул толгод төдийгүй Роколлын хавийг ч эзэмших эрхтэй” хэмээжээ.
Харин Исланд улсын хувьд Роколл аль улсад хамаарагдах нь чухал биш. Тэд юуны өмнө далайн ёроол, усан доорх уул толгодыг нарийн хувааж, хил хязгаараа тогтоохыг эрмэлзэж байна. Ингэж байж л Исланд өөрөө “амттайхан бялууны хэсэг”-ийг авч чадах гэнэ. Исландчууд бүр 2001 онд НҮБ-д өргөдлөө өгөхөөр ажиллаж, улмаар хамгийн түрүүнд өгсөн юм. Түүнээс гадна Исланд улс л маргаантай асуудлаар хэлэлцээр хийхийг анх санаачилсан учраас НҮБ өөрийн нь энх тайванч бодлогыг үнэлнэ гэж найдаж байна.
Хэлэлцээр 5 жил үргэлжилж байгаа ч зөвшилцөлд хүрч чадаагүй л байна. Дани, Исланд, Ирланд улсууд энэ асуудлыг үе үе хамтран хэлэлцдэг. Тэд Их Британигүйгээр шийдэхийг хүсдэг ч нэгдмэл байр сууринд хүрэхгүй байна.
Өчүүхэн арлаас болоод дайн дэгдэх нь юу л бол. Гэхдээ аль ч орон нь нефть болон далай тэнгисийн хишгийг бусадтайгаа хуваалцахыг хүсэхгүй байна. Иймээс л Роколл хад олон улсын зөрчлийн шинэ тавцан болох төлөвтэй. Үүнийг НҮБ-ын оролцоогүй шийдэж чадахгүй л болов уу.