Ц.Дашдорж: “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээлийг гуравдугаар сараас олгоно
-Сайдаар томилогдоод удаагүй байна. Хамгийн түрүүнд барьж авсан ямар ажил байна вэ?
-Авто замын салбарт анхаарлаа төвлөрүүлж байна. Засгийн газрын уйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аймгуудыг Улаанбаатартай засмал замаар холбохоор тусгасан. Энэ оны хоёрдугаар сард багтаан тендерүүдийг зарлана. Дулааны улиралд амжиж бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. Тиймээс бүх аймгуудаас замын ажил эхлэх боломж бий.
-Шинээр сонгогдсон сайд нар үлдсэнтаван сарын хугацаанд ямар ч ажил амжуулж чадахгүй гэх яриа байна. Үүнд та ямар хариу хэлэхсэн бол?
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хугацаа дөрвөн жил байдаг. Өмнөх сайд нь гурван жил гаруйн хугацаанд ажиллалаа.Төрийн ажил завсардах учиргүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгждэгээрээ хэрэгжээд явна.
-Энэ оны хийгдэх хамгийн том бүтээн байгуулалтыг нэрлээч?
-Гурван гол бүтээн байгуулалтын ажил бий. Шинээр тавигдах замууд байна. Мөн "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг эхлүүлнэ. Мөн шинэ төмөр замын бүтээн байгуулалт байна.
-Эдгээр ажлуудын хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдсэн үү?
-Шийдэх тодорхой асуудал байгаа. Үүнийг Засгийн газрын түвшинд шийдээд явах бүрэн бололцоотой.
-"100 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?
-"Хөгжлийн банк" гурван чиглэлд хөрөнгө оруулна. Нэгдүгээрт, "УИХ-аас баталсан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд замын асуудал орсон. Мөн төмөр зам, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хөрөнгө оруулна. Үүнийг хэрхэн зохион байгуулах талаарх Засгийн газрын тогтоол хүртэл гарсан. "Хөгжлийн банк" хөрөнгө оруулалтыг найдвартай авч явахаа илэрхийлээд байгаа. Тус хөтөлбөрийн санхүүжилт арилжааны банкуудаар дамжин хийгдэх юм. Ирэх гуравдугаар сараас орон сууцны зээл олгогдоно.
-Төмөр зам барихад "Хөгжлийн банк"-наас 55 сая төгрөг гаргах юм билээ. Энэ бол хангалттай хөрөнгө оруулалт биш. Тус салбарт бэрхшээлтэй өөр ямар асуудал байна вэ?
-Сайдын албанд томилогдсоноосоо хойш хийх ажлынхаа чиглэл, тоймыг хэлж байсан. Монгол Улсын эдийн засгийг сайжруулах, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайгаа түшиглэсэн шийдлүүдээ ойрын хугацаанд гаргах ёстой.Ялангуяа төмөр замын асуудал дээр энэ нь хурцаар тавигдаж байна. Бид хэдий болтол уул, уурхайн бүтээгдэхүүнийг машинаар зөөх юм. Хэрвээ шинэ төмөр замуудыг тавьбал тээврийн болон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө. Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын урсгал ч гарцаа байхгүй нэмэгдэнэ.
Тиймээс урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын ажлыг зэрэг эхлүүлэх шаардлага гарч байна.
Мөн Дорноговь аймгийн Сайншандад баригдах "Аж үйлдвэрийн парк" руу төмөр зам тавих ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Бэрхшээлийн тухайд тодорхой түвшинд бий. Ялангуяа уул уурхайн ордуудын бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэхэд төр засгийн бодлогыг илүү тодорхой болгох шаардлага бий. Босоо тэнхлэгийн төмөр замын ачаалал өнөөдөр ямар байгаа билээ. Жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн жилд 18,9 сая тонн ачаа тээвэрлэсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл эхлэхээр уул уурхайн ачаа тээвэрлэлт төмөр замаар явах бол хүчин чадлыг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуудал гарна. Хөрөнгө оруулалтыг "Хөгжлийн банк" шийднэ гэж сууж болохгүй. Уул уурхайн гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцүүлэх, ингэхдээ Монгол Улсын язгуур эрх ашигтай зөв хоршуулах гарц бий. Тавантолгойн ордоос Дорноговийн Сайншанд хот хүрэх төмөр замыг "Эрдэс тавантолгой", "Энержи ресурс", орон нутгийн Тавантолгой компанитай хамтран хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар дөрвөн тусгай зөвшөөрөл.өгөгдсөн байгаа. Төрөөс баримтлах бодлогын хүрээнд төмөр замын цагирагийн асуудлыг мөн шийдсэн. Түүнчлэн УИХ-аар батлагдсан баримт бичгийн хүрээнд зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн. Одоо зохион байгуулалтын асуудлыг ярих ёстой. Техник, эдийн засгийн үндэслэлийг зөв гаргах хэрэгтэй. Ажлын зургууд хийгдэж байгаа. Ер ньСайншанд болон зүүн чиглэлийн төмөр зам тавих ажлыг зэрэг эхлүүлэх боломж бий. Төмөр зам тавигдаж эхлэхээр Монголын эзэмших 51 хувийг хэрхэн зохицуулах зэрэг асуудал гарч ирэх байх.