Өргөн, нарийн, хос царигтай 19,5 км төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025.05.15

Өргөн, нарийн, хос царигтай 19,5 км төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна

УИХ-ын гишүүн, Сангийд сайд Б.Жавхлан өчигдөр /2025.05.14/ болсон Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт болж буй нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүд, ӨМӨЗО-ны удирдлагууд, Хятадын талаас төмөр зам барих компанийн төлөөлөл оролцож байна.

Тэртээ 1955 онд манай улс өмнөд хөрштэй холбогдох 700 км төмөр замыг барьж байгуулж байсан түүхтэй. Өнөөдөр 70 жилийн дараа БНХАУ-тай холбогдох 2 дахь төмөр замыг байгуулах түүхэн бүтээн байгуулалт эхэллээ.

Өргөн, нарийн, хос царигтай 19,5 км төмөр замыг 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Ингэснээр Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, улмаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, бусад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. 

Үүний үр дүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ.