2025.05.29

Д.Үүрийнтуяа: ОУ-ын хэлэлцээрт "Дундговь аймгийн Чойрт орших мөн нэртэй дэд станц" гээд харьяаллын том алдаа гаргажээ

УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Энэ хэлэлцээрт 2025 оны 5-р сарын 5-ны өдөр Сангийн сайд гарын үсэг зурсан байна. Хэлэлцээртэй холбоотой дараах асуултуудыг тавья.

Нэгдүгээрт, Гэрээний ерөнхий нөхцөл хаана байна? Зээлийн хэлэлцээрийн зүйл 1-ийн 01-т энэхүү хэлэлцээрийн хавсралтад тодорхойлсон ерөнхий нөхцөл нь энэ хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг байна гэж заасан. Ерөнхий нөхцөлийн өөрчлөлт нь байдаг. Гэтэл ерөнхий нөхцөлийн өөрчлөлт нь хавсралтаараа байхгүй байна. Гишүүдэд тараагдсан материалд ч тэр, d.parliament-д ч тэр. Үүнийг тодруулаач.

Хоёрдугаарт, Зээлдэгч энэхүү хэлэлцээрээр хүлээсэн үүрэг дуусгавар болох огноо гээд хэлэлцээрийн зүйл 4-ийн 4.3-т байна. Гарын үсэг зурсан өдрөөс хойш 20 жил. Гэтэл үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацаа 2030 оноос хойш 25 жил. Сангийн сайд таны танилцуулж буй танилцуулгаар 30 жил. Санхүүжилт хаагдах хугацаа 2029 оны 12-р сарын 31. Энэ ямар учиртай, цаг хугацааны хувьд зөрүүтэй асуудлууд яваад байна вэ?

Гуравдугаарт, Төсөл хэрэгжүүлэх нэгжийг Эрчим хүчний яамны дэргэд байгуулах юм байна. "Эрчис Монгол" гээд компани байгуулагдсан. Эрчим хүчний бүх төслүүдийг хариуцаж байгаа гэж ойлгосон. Тусдаа нэгж дахин байгуулагдаад явах юмуу? "Эрчис Монгол"-тойгоо яаж уялдах вэ? Төрийн өмчит компаниуд, төслүүд хоорондоо яаж уялдах вэ?

Дөрөвдүгээрт, Та тодорхойлолт хэсгийнхээ 4-ийг хараад өгөөрэй. Байнгын хорооны дарга тодруулаад өгнө биз. Чойрын дэд станц гэж зээлдэгчийн Дундговь аймгийн Чойрт орших мөн нэртэй дэд станц байна гэсэн. Чойр ямар үндэслэлээр Дундговь аймгийн харьяанд оччихов?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн