250 саяар замын түгжрэлийг арилгана
2012.02.02

250 саяар замын түгжрэлийг арилгана

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр үдээс өмнө Азийн Хөгжлийн Банкны “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн тээвэр хариуцсан захирал Тиррел Дункан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, УИХ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар байлцав. 


АХБ-ын төлөөлөгчид УИХ-ын даргатай хэд хэдэн чиглэлээр санал солилцсоны дотор нийслэлийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болох автозамын түгжрэлийг арилгаж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд тээврийн хөдөлгөөнд орчин үеийн, шинэ стандарт нэвтрүүлэх арга замын талаар голчлон ярилцсан юм.

Төлөөлөгчид нийслэлийн төв хэсгийн автозамын түгжрэлийг арилгаж нийтийн тээврийн хөдөлгөөнийг шинэ шатанд гаргахын тулд хэд хэдэн үе шаттай арга механизм боловсруулснаа УИХ-ын даргад танилцуулаад энэ оны эхний улиралд багтаан нийслэлийн төр, захиргааны байгууллага, холбогдох яам, газартай хэлэлцэн тохирсноор АХБ-ны Удирдах зөвлөлийнхний дэмжлэг авахад зохих туслалцаа үзүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ.

2013 онд эхлүүлэхээр төлөвлөж буй энэ төслийн хүрээнд нийслэлд байгаль орчинд ээлтэй автозам, түүний дотор автобусны тусгай зам тавьж, зогсоолуудыг шинэчлэх төдийгүй гэр хорооллын дэд бүтцийг ч сайжруулах аж. Уг төслөөр Улаанбаатар хотод нийт нэг тэрбум долларын хөрөнгө оруулахаар тооцоолж байгаагийн 250 сая нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахад зарцуулагдах аж.

Олон жилийн судалгаа, туршилтын үндсэн дээр дэлхийн олон оронд ашиглаж эхэлсэн үнэ өртөг хямд энэ стандартыг нэвтрүүлэх ажилд хотын төвийн орон сууцны хороолол, худалдаа, бизнесийн төвүүд хамрагдах бөгөөд Монголд урьд өмнө байгаагүй шинэ систем тул УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, олон нийтэд зөв ойлголт өгч, тэдний дэмжлэг авах нь чухал байгааг төслийн багийнхан тэмдэглэж байв.

УИХ-ын дарга “Энэ төсөл 2012 оны сонгууль, улс төрд ямар ч нөлөөгүй, яагаад гэвэл хотын нүүр царайг өөрчилж, автозам, нийтийн тээврийн үйлчилгээг үндсээр нь сайжруулах нь улс төрчдийн гол мөрөөдөл” болохыг тэмдэглээд энэ талаар Ерөнхий сайд, болон холбогдох салбарын шинэ сайд нартай ярьж, дэмжиж туслах бодолтой байгаагаа хэллээ.

Тэрбээр бас монгол орон, нийслэлийн амьдралын онцлогтой холбоотойгоор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил, цаг хугацааны хүчин зүйлийн хувьд юу анхаарвал зохих талаар төлөөлөгчдөд тодорхой зөвлөгөө өгсөн юм. АХБ-ны төлөөлөгчид мөн тус байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх төслийн эхний багц болох Тэмээн хүзүүнээс Бага- Улаандаваа хүртэлх 110,8 км замын ажлын явцын талаар УИХ-ын даргад товч мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Нийгмийн халамжийн хууль батлагдахад АХБ зохих дэмжлэг үзүүлж, уг хууль 7-р сарын нэгнээс хэрэгжихээр болсонд талархаж байгаагаа илэрхийлээд төслийн багийнхны танилцуулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил улс төрийн намууд УИХ-ын сонгуулийн үеэр өгсөн амлалтаа биелүүлж дууссаны дараа, улс төртэй хутгалдахгүйгээр цэвэр эдийн засгийн үйл ажиллагаа болон хэрэгжих учиртай гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.