Улаанбаатар-Архангай чиглэлийн 129,6 км зам ашиглалтад орлоо
-Ирэх онд Баянхонгор-Өвөрхангай,Говь-Алтай-Баянхонгор,Хэнтий-Дорнодын замыг ашиглалтад оруулна-
Зам дагаж хөгжил гэдэг. Нийслэлийн хувьд энэ жил урьд өмнө байгаагүй 60гаруй км замыг ашиглалтад оруулсан. Замын засвар шинэчлэлтийн ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлснээр өнөөдрийн байдлаар нийслэлчүүд засварлаж, шинэчилсэн замаар зорчиж байна. Тэгвэл орон нутагт .зорчих замын ажил дуусаж улсын комисст хүлээлгэн өгч байна. Хөдөө явна гэхээр л манай иргэдийн толгойд шороо тоос бужигнасан энхэл донхол замаар яаж явна даа гэж боддог. Тэгвэл энэ бодол аль хэдийнэ ард хоцорсон байна. Манай сурвалжлах хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон Улаанбаатар-Архангай чиглэлийн хатуу хучилттай замын нээлтэд оролцсон юм. 510 км замыг яаж туулна даа гэсэн бодол толгойд орж ирж байсан ч нэг ч км шороон дээр явалгүй хатуу хучилттай замаар хурдалсаар Архангайд хүрлээ.
Бид энэ өдөр дөрвөн замын нээлтийг сурвалжлах үүрэгтэй байсан юм. Бид өглөө эртлэн Архангай аймгаас гарч 100 гаруй км мөн л хатуу хучилттай замаар давхисаар хүрэх газраа очсон юм. Биднийг очиход "Монроуд" компанийн хамт олон замаа хүлээлгэн өгөхөд бэлдэж бүр зам дээр улаан туузаа уячихсан байлаа. Замын нээлтэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Батбаяр болон Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг нарын албаны хүмүүс оролцсон юм. Энэ өдөр дөрвөн замын нээлт болсны эхнийх нь Хануйн гүүр- Халзан бүргэдэй чиглэлийн 59.9 км хатуу хучилттай зам байлаа. Уг замын ажлыг "Монроуд" компани хийж гүйцэтгэсэн бөгөөд 2009 онд замын ажлыг эхлүүлж байжээ. Их ажлын ард гарч чанартай, стандартын дагуу барьж гүйцэтгэсэн автозамыг ийнхүү улсын комисс хүлээн авч, замчид төдийгүй, зорчигчдын магнайг тэнийлгэсэн юм.
Үүний дараа Цэцэрлэг-Их тамир-Тосонцэнгэл чиглэлийн 37.6 км замын нээлт Их тамир суманд боллоо. Энэхүү замын ажлыг "Хурдны зам" компани гүйцэтгэсэн байна. Дээрх хоёр замын нээлт аймгийн төвөөс цааш болсон бол дараагийн хоёр зам нийслэлээс Архангай орох чиглэлд болсон юм. Өөрөөр хэлбэл Цэцэрлэг-Цэцүүх чиглэлийн асфальт, бетонон хучилттай 2.2 км болон Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 29.9 км хатуу хучилттай замыг ашиглалтад хүлээлгэн өглөө. Ийнхүү нийт 129.6 км хатуу хучилттай замыг улсын төсвийн 35 орчим тэрбум төгрөгөөр барьсан байна. Ингэснээр зорчигчид Улаан-баатар хотоос Архангай аймаг хүртэл шороон замаар бус хатуу хучилттай замаар зорчиж эхэллээ. Манай улсын хувьд Засгийн газраас Монгол Улсын 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор болсон. Энэ ажлын хүрээнд аймгийн төвүүдийг холбох хатуу хучилттай замын ажлыг хийсээр байгаа нь энэ юм. Замын нээлтийн үеэр
ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: Замтай холбоотой тооцоолоогүй зүйл их гарч ирсэн
-Энэ жил хэчнээн км автозам ашиглалтад ороод байна вэ?
-Манай улсын хэмжээнд 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 3000 гаруй км авто зам байгаа. Харин энэ жилийн хувьд 1100-1200 км авто зам ашиглалтад орж байна. Үүний нэг нь Архангай руу чиглэсэн автозам болж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо. Цаашид үргэлжлүүлээд баруун аймгуудыг холбох ажил үргэлжилнэ. 2008 онд Засгийн газар байгуулагдаж 2010 онд бүх аймгуудыг автозамаар холбох ажлыг идэвхжүүлсэн. Үүний өмнө Мянганы зам буюу хэвтээ чиглэлийн замын ажил амжилттай явагдаж байна. Түүний үргэлжлэл л энэ болж байна.
-Замын ажил үнийн зөрүүнээс болж зарим зам ашиглалтад орох хугацаа удааширч байх шиг байна?
-Үнийн зөрүү асар их гарч байна. 2012 онд нэг км хот хоорондын замын өртгийг 420-460 сая төгрөгөөр тооцож байна. 2007, 2008 онд нэг км замын өртөг 120, 130, 140 сая төгрөгийн өртөгтэй байсан. Гэтэл өнөөдөр дээрх үнэд хүрээд байна. Яагаад замын өртөг өсөөд байна гэхээр зам тавьж байгаа бүтээгдэхүүний 80-90 хувийг импортоор авч байна. Гаднаас хараат бензиний үнийн өсөлт үнэ өсөх нөлөөлөл болж байна. Энэ үнийн өсөлтийг үндсээр нь цэгцэлж барахгүй. Харин замын битум, цемент, арматур гэх мэтийг дотооддоо үйлдвэрлэж байж үнийн өсөлтийг төсөөлөх боломжтой болно. Үнийн зөрүүний дутуу мөнгийг улсын төсөвт суулгаж өгөх ёстой. Одоогоор нийт 35 тэрбум төгрөгийн 14.5 тэрбумыг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг улсын төсөвт суулгаж чадахгүй л явна.
-Зам барьсан ч стандартын дагуу бариагүйгээс амархан эвдрэх асуудал гарсаар бай-гаа. Үүн дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Замтай холбоотой тооцоолоогүй зүйл их гарч ирсэн. Үүний нэг нь уул уурхай. Уул уурхайг зах зээлд эргэлтэд оруулна гэснээс үүдэн үүнтэй холбоотой тээвэр гарч ирсэн. Уул уурхайд 50-60 тонн, бүр 100-120 тоннын даацтай машинууд явж байна. Үүнээс гадна машин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ингэхээр хуучны замын стандартыг мөрдөж болохгүй болоод байна. Бидний хувьд Засгийн газраас үүрэг өгсний дагуу ажлын хэсэг байгуулж, хот хоорондын зам, хот доторх зам, уурхайн зам, уурхайгаас хил рүү чиглэсэн зам гэсэн энэ стандартуудыг шинэчлэхээр ажиллаж байна.
-Ирэх жил аль аймгуудыг хатуу хучилттай замаар холбох вэ?
-Ирэх жилийн хувьд Баян-хонгор-Өвөрхангай чиглэлийн 107 км автозам ашиглалтад орно. Мөн Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн зам ашиглалтад орно. Харин зүүн чиглэлд Хэнтий-Дорнодын замыг ашиглалтад оруулах болно. Салбарын сайд бидэнд ийм мэдээлэл өгсөн юм. Харин ажлын хүндийг үүрч байдаг замчдын төлөөлөлтэй уулзлаа.
"Монроуд" компанийн захирал Б.Гарамгайбаатар:
-Бидний барьсан энэ 59.9 км зам их урт түүхтэй. 2007 онд анх замын тендер зарлагдсан бол 2008 онд тендерийг шалгаруулсан. Харин 2009 онд замын ажил эхэлж байсан. Энэ замын санхүүгийн гол эх үүсвэрийн хувьд Катар улсаас Монгол Улсад энэ замыг бариарай гэж 10 сая ам.долларыг өгсөн байдаг. Харамсалтай нь 10 сая ам.долларыг өмнөх Засгийн газрын буянаар алга болгосон. Харин 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр барьж эхэлсэн. Энэ замыг барьж байгуулахад саад бэрхшээл, хямрал гарсан. Гэсэн ч бид хийж гүйцэтгээд ашиглалтад хүлээлгэн өгч байна. Энэ замыг улсын төсвийн 10 гаруй тэрбум төгрөгөөр барьсан. Энэ бол хуучин үнэ. Үүнээс цааш их үнэ байгаа.
"Хурдны зам" компанийн инженер С.Нэргүй:
-Манай компани энэ замыг ЗТБХБЯ-ны захиалгаар хийж гүйцэтгээд өнөөдөр ашиглалтад өглөө. Энэ зам маань техникийн шалгалтаар онц дүн авсан. Замын ажил анх 2008 онд эхэлж байсан. Нийт 5.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй зам. Бидний хувьд чанарын өндөр төвшинд барьж ашиглалтад өгч байна. Ингэснээр баруун аймгийг зорих иргэдийн цаг мөнгийг хэмнэсэн их ажлын ард гараад байна.
"Алтайн зам" компанийн үйлдвэрлэлийн инженер Б.Бат-Эрдэнэ:
-Архангай аймгийн иргэд 20 жил хүлээсний эцэст бүрэн хатуу хучилттай замтай болж байна. Бидний хувьд энэ замыг гурван жилийн дотор барьж байгууллаа. 80 орчим км хатуу хучилттай замыг ашиглалтад өгч байна. Өөрөөр хэлбэл, замчдын нөр их хөдөлмөрийн хүчинд баруун аймгууд хар замаар холбогдох эхний шат тавигдаж байна. Дараа жилээс бусад баруун аймгууд бүрэн хатуу хучилттай замаар холбогдоно гэдэгт итгэлтэй байна.