Хөгжил түгээх зам ашиглалтад орлоо
Зам дагаж хөгжил гэдэг. Тэгвэл Архангай аймгийг хөгжилд хөтлөх алтан шар зам бидний өмнө нээгдлээ. ЗТБХБЯ-ны захиалгаар энэхүү замыг ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Мэдээж архангайчуудын итгэлийг хүлээж, төр түшилцэж буй гурван гишүүний ч хувь нэмэр буй нь дамжиггүй. Өнгөрсөн амралтын өдөр архангайчуудад хөгжлийг түгээх уг замыг нээх ёслолын ажиллагаа болсон юм. Зам нээх ёслолд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Батбаяр, Автозамын газрын дарга Б.Энхтөр болон бусад албаныхан оролцов. Эхний нээсэн зам бол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Хануйн голын гүүрнээс Халзан бүргэдэй уул хүртэлх 59.9 км зам. Энэ зам ашиглалтад орсноор Архангай аймгийнхны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Чулуутын хавцал гэх байгалийн үзэсгэлэнт газрыг үзэх жуулчид энэ л замаар хөвөрч, тус аймгаар зочлох гадаад дотоодын аялагчдын тоо нэмэгдэх нь дамжиггүй юм.
Түүнчлэн дан ганц архангайчууд төдийгүй баруун аймгийн иргэдэд ч хөгжлийг ойртуулж байгаа хэрэг. Ийм буянтай ажлыг "Мон роуд" компани гурван жилийнхээ нөр их хөдөлмөрөөр хийж гүйцэтгэжээ. 1996-1997 онд Дэлхийн банкны төслөөр Монгол Улсын баруун чиглэлд явах гол замын байршлыг баталж, сайжруулсан буюу далантай замыг тусгай технологиор барьж эхэлсэн байна. Ийн эхлэл нь тавигдсан зам барилгын ажлын тендерийг 2007 онд зарлаж, жилийн дараа шалгаруулжээ. Гэтэл барилгын ажил нь 2009 онд эхэлсэн байна. Ийн удсаны учир нь замыг Катар улсын буцалтгүй тусламжаар барьж дуусгах байж. Өөрөөр хэлбэл, тус улс зам барь гэж тухайн үеийн Засгийн газарт 10 сая ам.доллар бэлэглэсэн гэнэ. Гэвч уг мөнгө нь сонгуулийн мөнгө болов уу, аль эсвэл эрх мэдэлтнүүдийн халаасыг түнтийлгэсэн үү, хаашаа ч юм алга болжээ.
Харин энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу тус замын төсөв хөрөнгийг баталж өгснөөр өнөөдөр биеллээ олж, "Мон роуд" компанийн замчид барьж гүйцэтгэснээр архангайчууд болоод баруун аймгийн иргэдэд том буян үйлдэж байгаа юм. Замыг нээх ёслолын ажиллагааны үеэр оролцсон "Мон роуд" компанийн үүсгэн байгуулагч Б.Гарамгайбаатар "Замчид маань хоёр нарны хооронд өдөр шөнөгүй ажилласны эцэст энэ замыг ашиглалтад орууллаа. Зам барина гэдэг буянтай ажил. Цаашид ч үргэлжлүүлэх болно" гэлээ. Замчдын хувьд 2008-2009 онд болсон дэлхийн эдийн засгийн хямрал хамгийн хүндээр тусчээ. Анх замын тендерийг авч байхад нэг км замыг 120-140 сая төгрөгөөр барьдаг байж. Харин эдийн засгийн хямралд орсноор шатахуун түлшний үнэ өсөхөөс эхлээд нэг км замын өртөг нь 460 сая төгрөг болтлоо өсжээ. Үүнээс болоод замын компаниуд санхүүжилтийн хувьд хүнд байдалд орсон байна. Харин энэ бэрхшээлийг хэрхэн давж, замын ажлаа дуусгасан тухайгаа "Зам барихад олон хүчин зүйл нөлөөлдөг. Бид зөвхөн гүйцэтгэгч. Зам барихын тулд зураг төслийн дагуу хийх учиртай. Автозамын хяналтын дор ажлаа гүйцэтгэдэг. Бидний зүгээс хийх ёстой бүхнээ хийсэн.
Хуучин үнээр тооцвол 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс гадна маш их хэмжээний мөнгөний эх үүсвэр гарсан. Гэхдээ үүнийг хэрхэн шийдэхийг би хэлж мэдэхгүй байна. Аж ахуйн нэгж байгууллага ашгийн төлөө ажилладаг. Ашиггүй ажиллана гэж байхгүй. Засгийн газраас зөрүү олгохгүй гэдгээ мэдэгдсэн. Би ч гэсэн зөрүү олгохыг дэмжихгүй байна. Гэхдээ энэ байдал юунаас үүсэв гэдгийг гаргаж ирэх ёстой. Түүнээс хавтгайруулан зөрүү олгоно гэдэг бол байж болохгүй зүйл. Харин Засгийн газар ямар үед энэ замыг яаж барив гэдгийг л бодох хэрэгтэй" хэмээв.
Хануйн гүүрнээс Их тамир сум хоорондох 37.6 км хатуу хучилттай замыг мөн л энэ өдөр ашиглалтад оруулж, хөдөлгөөнийг нь нээв. 2008 онд эхэлж гурван жилийн хугацаанд барьсан энэ замын ажлыг "Хурдны зам" компани гүйцэтгэсэн байна. Энэ замыг техникийн болон улсын комиссынхон хүлээн авч онц дүн тавьжээ. Нийтдээ 5.9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригджээ. Дээрх хоёр хэсэг замын хувьд гурван жил гаруйн хугацаанд баригдаж ашиглалтад орсон бол жил гаруйн хугацаанд гүйцэтгэсэн бас нэгэн замыг нээж ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Батбаяр нар тууз хайчилсан юм.
Энэ бол Хархоринг Цэцэрлэг хоттой холбосон 29.9 км зам юм. "Алтайн зам" компани энэ замыг жил гаруйхан хуга-цаанд барьж дуусгажээ. Улсын төсвөөс 7773.9 сая төгрөг гаргажээ. Энэ замыг хөдөлгөөнийг албан ёсоор нээсэн салбарын сайд Х.Баттулга "Зам дагаж хөгжил гэдэг. Тэгэхээр хөгжлийн замаа дагаж архангайчууд, баруун аймгийнхан маань. Хөгжлийнхөө хурдыг улам эрчимжүүлэх байх гэдэгт итгэж байна. Аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг "ЗТБХБ-ын сайд маань зам дагаж хөгжил ирнэ гэж хэллээ. Энэ замыг дагаж Архангай аймагт хөгжил дэвшил ирж, бүтээн байгуулалт өрнөнө гэдэгт би итгэлтэй байна.
Энэ хөгжлийн замыг барьж байгуулахад бодлогын болон хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн Монгол Улсын Засгийн газар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд талархаж буйгаа уламжилъя" гэснээр Улаанбаатар Архангайг холбосон хатуу хучилттай зам ашиглалтад оров. Монгол Улсын Засгийн газар аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт дэвшүүлсэн аж. Үүний хүрээнд найман аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоод байгаа бол ес дэх нь Архангай аймаг болж байгаа юм. Сайхан замтай болох нэг хэрэг. Харин энэ замыг ариг гамтай хэрэглэж, хайрлаж хамгаалах нь нэн чухал. Жолооч нар, зам дээр шороо чулуу асгах, тос, шатахуун асгахаас эхлээд замыг сүйтгэдэг аж. Түүнчлэн хатуу хучилттай замын хамгийн гол дайсан бол дизель түлш. Дизель түлш асгасан газар химийн урвалд орж амархан эвдэрдэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж, Архангай аймгийн зам арчлалын "АЗЗА" компанийнханд захиж байсан.
Манай замчид хүнд үеэ давсан
ЗТБХБ-ийн сайд Х.Баттулгаас энэ үеэр цөөн асуултад хариу авлаа.
-Энэ жил ашиглалтад орох ёстой замаас хэдэн км-ыг барьсан талаар?
-Манай улсын хэмжээнд 2008 оноос хойш барьж байгуулахаар эхлүүлсэн 3000 гаруй км зам бий. Харин энэ жилийн хувьд 1100-1200 км зам ашиглалтад орлоо. Үүний нэг нь Архангай руу чиглэсэн зам юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо. Баруун аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажил үргэлжилнэ. 2008 онд Засгийн газар байгуулагдаж 2010 онд бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох зорилт тавиад ажиллаж байгаа. Үүний өмнө Мянганы зам буюу хэвтээ чиглэлийн замын ажил хийгдэж байсан. Түүний л үргэлжлэл гэсэн үг.
-Үнийн өсөлтөөс болоод замын компаниудын чадамж муудаж, тавьж байгаа замын ажил удааширч байна гэж замчид ярьж байна?
-Үнийн зөрүү асар их гарч байна. 2012 онд хот хоорондын нэг км замын өртгийг420-460 сая төгрөгөөр тооцож байна. 2007, 2008 онд нэг км замын өртөг 120-140 сая төгрөгийн өртөгтэй байсан. Яагаад замын өртөг өсөөд байна гэхээр зам барилгын бүтээгдэхүүний 80-90 хувийг импортоор авч байна. Өөрөөр хэлбэл, бүх л түүхий эдийн хувьд гадаадаас хараат байгаа юм. Энэ үнийн өсөлтийг үндсээр нь цэгцэлж барахгүй. Харин замын битум, цемент, арматур гэх мэтийг дотооддоо үйлдвэрлэж байж үнийн өсөлтийг хязгаарлах, төсөвлөх боломжтой болно. Гэхдээ замчид маань хүнд үеийг давж гарлаа. Үнийн зөрүүний дутуу мөнгийг улсын төсөвт суулгаж өгөх ёстой. Одоогоор нийт 35 тэрбум төгрөгийн 14.5 тэрбумыг нь өгсөн. Үлдэгдэл мөнгийг улсын төсөвт суулгаж чадахгүй л явна.
-Замын стандартын тухай ярьж байна л даа. Хөрөнгө мөнгө дутуугаас болоод манай дарга өргөнөөс нь, танай дарга зузаанаас нь идсэн гэх мэтээр замаа стандартын дагуу барьж чадахгүй байна гэх юм?
-Замтай холбоотой тооцоолоогүй зүйл их гарч ирсэн. Үүний нэг нь уул уурхайтай холбоотой тээвэр юм. Уул уурхайд 50-60 тонн, бүр 100-120 тоннын даацтай машинууд явж байна. Үүнээс гадна машин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ингэхээр хуучны замын стандартыг мөрдөж болохгүй болоод байна. Бидний хувьд Засгийн газраас үүрэг өгсний дагуу ажлын хэсэг байгуулж, хот хоорондын, хот доторх, уул уурхайн, уурхайгаас хил рүү чиглэсэн зам гэсэн стандартуудыг шинэчлэхээр ажиллаж байна.
-Ирэх жил аль аймгуудыг хатуу хучилттай замаар холбох вэ?
-Ирэх жилийн хувьд Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн 107 км зам бий. Мөн Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн зам ашиглалтад орно. Харин зүүн чиглэлд Хэнтий-Дорнод аймгийг холбосон замыг ашиглалтад оруулах болно.