Нийслэлийн зам, гүүрний 70 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрчээ
2011.10.20

Нийслэлийн зам, гүүрний 70 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрчээ

Нийслэлийн өдрийг угтсан бүтээн байгуулалт, зам засварын ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар УИХ-ын гишүүн Р.Буд, З.Алтай, Р.Раш, Д.Тэрбишдагва нар танилцав. УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо ирэх сарын 10-н гэхэд улсын хэмжээнд хийгдсэн замын ажлын дүгнэлтийг гаргах болсонтой холбогдуулан ийнхүү гишүүд газар дээр нь очиж, нийслэлийн замын ажилтай танилцах ажлын хэсэг гарч ажиллалаа. Тэд мөн ирэх сард улсын чанартай замын ажилтай танилцах гэнэ. Гишүүд нийслэлд засвар шинэчлэлийн ажил хийгдэж байгаа нийт 18 газрын замын ажлын явц гүйцэтгэлтэй танилцан, гүйцэтгэгч компанийхантай уулзлаа.

Энэ жил нийслэлд Цайз захаас-Шар хадны эцэс хүртэлх 3.7 км авто замын өргөтгөл, Сансрын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км автозамын өргөтгөл шинэчлэлт, Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртэлх 6.0 км авто зам, Гоодой зуслангийн 3.3 км авто зам, Баруун дөрвөн замаас  Баянбүрдийн уулзвар хүртэлх 2.2 км зам, Самбуугийн гудамжны өргөтгөл шинэчлэлт, Залуучуудын өргөн чөлөөний 0.9 км авто замын шинэчлэлт, Замчдын гудамжны уулзвараас Арслантай гүүр хүртэлх 0.5 км авто замын барилгын ажил хийгдэж байна. Мөн Чингисийн өргөн чөлөөний Төв шуудангаас Энхтайвны гүүр хүртэлх 0.9 км зам,  Ажилчны гудамжны 3.5 км авто зам, км авто зам, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл ,Таван шараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлх км авто замын өргөтгөл, Улаанбаатар хотын хуурай хог хаягдлын мастер төлөвлөгөө боловсруулах төсөл, нарангийн энгэрийн хогийн цэг хүртэлх авто замын ажил, Цагдаагийн академиас хойш Шархадны зам хүртэлх 1.5 км авто зам, Багануур дүүрэг, IV хороо, Жаргалант төв гудамжны 1.5 км авто замын ажлууд өрнөж байгаа юм.


Улаанбаатар хотын хувьд, нийт 430 км хатуу хучилт бүхий авто замтай, том жижиг нийлсэн 64 гүүртэй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт авто замын 70 орчим хувь нь эвдэрч хуучирсан, ашиглалтын хугацаа дууссан байдгийг албаныхан танилцууллаа. Нийслэлд бүрт-гэлтэй 64 гүүрний дийлэнх нь 1947-1960 оны үед баригдсан байдаг аж. Эндээс үзэхэд замын ажлын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийх зайлшгүй шаардлага байгаа болохыг Нийслэлийн авто замын газрынхан онцлов.

Энэ жил  "Хариуцлага, хяналтыг өндөржүүлж, авто замын барилга, засварын ажлын чанарыг дээшлүүлэх жил" болгон зарлаж, 350 км авто замыг бүрэн шинэчлэн, 212 км авто замыг шинээр барьж, долоон гүүрэн гарцыг барьж байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр ажил өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж байгаа юм. 2012 оныг дуустал нийт 150 км авто замыг  өргөтгөн шинэчилж, 139 км замыг шинээр барих, гурван гүүрэн гарцыг бий болгох ажил хийгдэх гэнэ. Дунд хугацаанд буюу 2016 он хүртэл 200 км авто замын шинэчлэлтийн ажлыг хэрэгжүүлж, 73 км шинэ авто зам, дөрвөн гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. 2011 онд Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулахаар Улсын төсөв, Нийслэлийн төсөв, Нийслэлийн замын сан, өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэй эх үүсвэрүүдээс 73.6 тэрбум төгрөгийн 17.9 км авто зам шинээр барих болон 52.08 км авто зам шинэчлэх нийт 69.98 км авто зам, 185 у/м гүүрний  барилга засварын 86 төсөл ажил хийхээр эхэлжээ.

Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2010-2011 он дамжин хэрэгжүүлж байгаа 49.9 сая төгрөгийн өртөг бүхий 12.5 км авто зам шинээр барих болон 36.9 км авто зам шинэчлэх 12 төсөл арга хэмжээ хэрэгжиж дуусна. Улсын  төсвийн  хөрөнгө оруулалтаар 6.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 2.3 км авто зам шинээр барих болон 0.3 км авто зам шинэчлэх, 48 метр урт гүүр барих, явган хүний нэг нүхэн гарц барих зэрэг дөрвөн төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 2.9 км авто зам шинээр барих болон 1.2 км авто зам шинэчлэх, 137 метр урт гүүр барих зэрэг таван төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.


Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 9.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 0.2 км авто зам шинээр барих болон 13.68 км авто зам шинэчлэх, 59 гудамж замд 28098 шоо метр нөхөөс, 131500 метр урт хагарал засварын ажил хийх болон замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэгээ, борооны усны шугам сүлжээнд засвар арчлалт хийх зэрэг 65 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгааг энэ үеэр дуулгалаа.

Энэ сарын 18-ны байдлаар зам барилга, засварын нийт ажлын явц 85 хувьтай байгааг замынхан мэдээлэв. Гишүүд энэ үеэр замын гүйцэтгэгч компаниудад "Замын чанар стандартад анхаарах хэрэгтэй"-г хэлж байв. Жишээ нь, Цайз захаас-Шар хадны эцэс хүртэлх 3.7 км авто замын өргөтгөлтэй танилцах үеэр, гүйцэтгэгч "Ялгуусан" компанийн удирдлага замын ажлыг хийхдээ Герман-АНУ-ын шинэ технологийг  ашигласнаа танилцуулав. Гадаадын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь сайшаалтай боловч эргээд замын дэргэдэх явган хүний зам болон үерийн далан хамгаалалтыг ч замтайгаа уялдуулан хийх ёстойг тус компанийханд сануулав. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийгдсэн замын ажлуудын хувьд, төсвөөс замын ажилд төсөвлөсөн хөрөнгөө аваагүй байгаа, иймээс банкнаас зээл авсан компаниуд алдагдалд ороход хүрч байгааг хэлж байв. УИХ-ын гишүүн Р.Будаар ахлуулсан ажлын хэсэг замын компанийн удирдлагуудын тавьсан санал, хүсэлтийг сонсож, замын ажлын гүйцэтгэл 100 хувьтай байгаа компанид олгох хөрөнгийг энэ жилийн төсвийн тодотголд суулгах, үлдсэн хэсгийг ирэх оны төсөвт суулгах боломж бийг судлахаар боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.