Замын түгжрэлийг 30 хувь бууруулах “Нарны гүүр”-ийг угсарч дууслаа
Гаднын жуулчин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож явахдаа "монголчууд хэдийд нь ажлаа амжуулдаг юм бол" гэж дуу алдсан тухай орчуулагч бүсгүй ярьж "замын түгжрэл их байдаг болоод л Монгол Улс ийм удаан хөгждөг байх" хэмээн бодлоо нэмэрлэж байсан нь санаанд оров. Монгол, Японы Засгийн газар хоорондын гэрээний дагуу барьж буй "Нарны гүүр"-ийн угсралтын ажил дуусаж сүүлчийн "Алтан боолт чангалах ёслолын ажиллагаа" өчигдөр болсон юм. Энэ гүүр ашиглалтад орсноор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал 30-40 хувь буурна гэж тооцоолж байгаа юм билээ. Тэгэхээр орчуулагч бүсгүйн бодсоноор ачаалал энэ хэрээр буурвал Монгол Улсын хөгжил төдий хэмжээгээр хурдсах болов уу. Алтан, мөнгөн боолт чангалах ёслолын ажиллагаа гаднын орнуудад болж л байдаг. Харин бидний хувьд шинэ ойлголт, анх удаа зохион байгуулж буй үйл ажиллагаа. Учир нь монголд анх удаа ган металл хийцтэй гүүр барьж байгаа нь энэ юм. Гүүрний ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд угсралтын ажлыг 60 хүрэхгүй хоногт хийж гүйцэтгэж, өчигдрийн байдлаар 65 хувьд хүрч гангаар босгосон дам нурууны сүүлчийн боолтуудыг салбарын сайд, Япон улсаас Монголд Улсад суугаа Элчин сайд нар чангалсан юм.
Мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт болон барилгын гүйцэтгэгч компани болох "JFF", барилгын зөвлөх компани "СТI" компанийн төлөөлөгчид оролцлоо. Тэд барьсан байгууламж нь бат бөх, удаан жилийн настай байхыг бэлгэдэж ийм ёслол үйлдэж байгаа ажээ. Энхтайвны болон Гурвалжингийн гүүрний дунд барьж буй энэ байгууламж 262 метрийн урттай юм байна. Дөрвөн эгнээ бүхий 19 метр өргөн, хоёр талаараа явган .хүний гарц, гэрэлтүүлэгтэй. Төмөр зам дээгүүрх хэсэгт гулсуулах аргаар дам нурууг угсарсан учраас төмөр замын болон автомашины хөдөлгөөнд ямар нэгэн саад учруулаагүй гэнэ. Энэ бүхэн нь ажлын цаг, өдөр өдрийн төлөвлөлтийг чанд баримталж ажилласантай холбоотой юм байна. Гүүр барихад шаардагдах 3.7 тэрбум иенийг Японы Засгийн газар буцалтгүй тусламжаар олгож байгаа бөгөөд орчин үеийн дэвшилтэт арга, технологи, инженер техникийн ажилтнуудаа ч хамт илгээжээ. Одоогийн байдлаар 1.6 тэрбум орчим иен зарцуулаад байгаа ажээ. Тус гүүрийг барихад ашиглаж байгаа кран гэхэд 120 тоннын даацтай Монголд огт байдаггүй юм байна. Монгол талын төслийн багийн ахлагч Б.Мандат барьж буй гүүрнийхээ талаар ийнхүү танилцуулж байв.
-Нарны гүүр хэзээ ашиглалтад орох вэ. Хэдхэн сарын дотор ажлынхаа 65 хувийг гүйцэтгэсэн гэхээр энэ онд багтаад нээгдчих үү?
-"Нарны гүүр"-ийг 2012оны арваннэгдүгээр сард бүрэн нээх төлөвлөгөөтэй'ажиллаж байна. Бид ердөө гүүрнийхээ дам нурууг угсарч дууслаа. Одоо хучилт, явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах систем, гүүрний хажуугийн авто замыг барих гэх зэрэг ажил зөндөө бий. Ган металлаар угсарч байгаа учраас бетоноос хурдан бас бат бөх. Дээр нь цаг агаарын нөхцөлөөс хамаарч ажил удаашрах хүндрэх гарсангүй. ЗТБХБЯ-наас туслах зам, ус дамжуулах систем, явган хүн буух шат зэргийг барихад шаардлагатай арга хэмжээ авч, хөрөнгө мөнгө гаргаж байна.
-Хучилтыг нь юугаар хийх вэ?
-Бетоноор хийнэ.
-Монгол талаас ямар компаниуд ажиллаж байна вэ?
-"Улаанбаатар барилга", "Ялгуусан" компани барилгын ажлыг, "Хотын зам" компани зам засварын ажлыг хийж байна. Энэ төслийн хувьд шинэ технологиор гүүр барихаас гадна японы мэргэжилтнүүд монголчуудыг сургаж, дадлагажуулж байгаагаараа ач холбогдолтой болж байна. Энэ нь монголчууд өөрсдөө ийм гүүр бариад сурчихна гэдэг том хөрөнгө оруулалт гэв. Харин Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такүо "Нарны гүүр"-ийг 2012 онд ашиглалтад оруулж байгаа нь Япон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой давхцаж байгааг бэлэгшээж, Нарны гүүр хоёр улсын найрамдалт харилцааг улам ойр-туулах гүүр болно гэлээ. Харин ЗТБХБ-ын сайд С.Баттулга гүүрийг богино хугацаанд замын хөдөлгөөнд ямар нэгэн саад учруулахгүйгээр хийж гүйцэтгэж байгаад талархал илэрхийлэв. Мөн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцаж бүтээн байгуулалтад гар бие оролцож байгааг нь үнэлж япон мэргэжилтнүүдэд "Тэргүүний автозамчин", яамны "Жуух бичиг" зэрэг шагнал гардуулсан юм.