Бүтээн байгуулалт , хөгжлийн түүчээг алтайчуудад хүргэлээ
Монгол Ардын Намын "Ард түмнээ сонсъё" аян Говь-Алтай аймагт амжилттай өндөрлөлөө. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн ахалсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Р.Раш, Д.Хаянхярваа, НХХ-ийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Хуульзүйн дэд сайд В.Удвал, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг алтайчуудын санал хүсэлтийг бодлого гаргах төвшинд хүргэх, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхийг зорьж ажилласан юм. Ардын дуу бүжгийн Алтай чуулгын байранд иргэдтэй хийсэн уулзалтад Говь-Алтайн 17 сумын төлөөлөгч оролцлоо. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх "Ард түмнээ сонсъё" аяны хүрээнд эх орны өнцөг булан бүрт, алслагдсан аймаг сумдад амьдарч байгаа иргэдийнхээ дуу хоолойг сонсож, намын мөрийн хөтөлбөрт тусгахаа илэрхийлсэн. Мөн иргэн бүрийг ажилтай, орлоготой болгох, эрүүл мэндийн хувьд баталгаажсан боловсролтой, өөртөө хариуцлагатай иргэн болж төлөвшүүлж, амар тайван аюулгүй амьдрах орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг хэлсэн. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал гарна.Төсөв санхүүг аль нэгэн улсаас зээл авч хэрэгжүүлэх бус өөрсдийн боломж бололцоог эрэлхийлж, байгалийн баялгаа зөв зохистой ашиглан, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар шийдвэрлэх гарц байгааг ажлын хэсгийнхэн ч иргэд ч хэлж байв. Орон нутгийнхан телевизийн зургаан суваг үзэж мэдээлэл авч байна.
Төр засгийг удирдаж байгаа улстөрийн намын удирдлагууд алтайчуудыг сонсохоор ирсэн нь уулзалтыг халуун дулаан уур амьсгалтай болгосон. Алтайчуудын тулгамдсан асуудал ундны усны хангамж, хомсдол. Газар тариалан эрхлэх талбай хангалттай ч усны хомсдолоос шалтгаалж иргэд тариалан эрхэлж чаддаггүй. Иргэдээс гарсан ихэнх асуулт нийгмийн халамж, үйлчилгээтэй холбоотой байв.Т.Ганди 2.7 сая иргэнд сая төгрөг олгоход хоёр их наяд 769 тэрбум төгрөг шаардлагатай. Бэлнээр олгохгүй ч өгөх арга хэлбэр тодорхой болсныг дуулгасан. Хавтгайрсан архидалтыг хязгаарлахыг иргэд, малчид хүсэж байна. ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал архидалттай эдийн засгийн аргаар тэмцэх ёстой гэв. Мөн Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллага архигүй төгсөлтийн баяр, үдэшлэг амжилттай зохион байгуулсныг жишээ болгосон. Иргэд "Эрдэнэс Таван толгой" компаниас иргэн бүрт олгосон 536 ширхэг хувьцаа, бүсийн нэмэгдэл, Эрүүл мэндийн шимтгэлийн тухай хууль, халамжийн тэтгэмж болон нийгмийн даатгал, тэтгэврийн ялгааны талаар ойлголт бага аж. Салбарын сайдууд үнэн зөв мэдээлэл өгч, уулзалтын үр дунг бодлогын төвшинд хэлэлцэн ажил хэрэг болгохоор амласан. "Ард түмнээ сонсъё" аяны хүрээнд болсон уулзалтуудын үеэр хэлэлцүүлгүүд болсон. Алтайчууд МАН-ын мандаттайгаар төр түшилцэж яваа УИХ-ын гишүүдээрээ бахархаж итгэлийг нь алдаагүй улстөрчид гэдгийг онцолсон.
"УИХ-ын гишүүн Энхбаяр зоримог, идэвх зүтгэлтэй ханддаг. Цаашид улс орныхоо төлөө ихийг хийх боломж олгох хэрэгтэй" гэх хүн цөөнгүй байсан нь алтайчуудын үзэл бодлын илэрхийлэл болов уу. Мөн улстөр, эдийн засаг, хүний хөгжлийн бодлогоор өнгөрснийг ирээдүйтэй холбож чадах нам Монгол Ардын Нам гэдэгт итгэлтэй байгаагаа алтайчууд илэрхийлсэн. "Ард түмнээ сонсъё" аян иргэдтэй уулзахаас гадна салбар хуралдаанууд зохион байгуулсан. У.Хүрэлсүх Говь-Алтай дахь ЭМШУИС-ийн салбар сургуулийн оюутнууд , дунд сургуулийн мөнгөн хонхны баяраа тэмдэглэж буй төгсөгчидтэй уулзлаа. Оюутан, сурагчид хичээлийн болон дотуур байр шинээр барьж буйд баяртай байна. Мөн чөлөөт цагаа өнгөрөөх спорт, урлагийн заалтай болох хүсэлт уламжилсан. Аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаатар 200 сая төгрөгийн өртөг бүхий сагс, хөлбөмбөг, хоккей, дугуйт тэшүүрийн талбайтай иж бүрэн цогцолбор гурвыг байгуулахаар болсныг дуулгалаа. Говь-Алтай аймаг 2013 онд Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдоно.
"Ард түмнээ сонсъё" аяныхан Говь-Алтай-Баянхонгорын чиглэлд баригдах 128 км замын нээлтийг хийв. Мөн аймгийн төв Есөнбулаг сумын усан хангамжийг шийдвэрлэх үүднээс 25 сая ам.доллараар Завхан голоос ус татах 48 км хоолойн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр болов. Тайширын усан цахилгаан станц нээлтээ хийнэ. Ингэснээр алтайчууд зам, эрчим хүч, усан хангамжтай болох юм. Түүнчлэн дөрвөн тэрбум орчим төгрөгөөр ЭМШУИС-ийн салбар сургуулийн хичээлийн болон оюутны байр, Эрүүл мэндийг дэмжих төв, төрөх болон халдвартын эмнэлгийг шинээр барихаар боллоо. Цээл, Тонхил сум ч 10 ортой эмнэлэгтэй болох баярт мэдээг "Ард түмнээ сонсьё" аян алтайчуудад хүргэсэн. Алтайн төвийн олон жил хуримтлагдсан хог хаягдлыг арилгахад 200 сая төгрөг шаардлагатайг шийдвэрлэнэ. Аймгийн музей, ахмадын сувилал, 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж, Шарга, Чандмань сумын усжуулалтын системийг сэргээн засварлуулна. Энэ бүх бүтээн байгуулалт, хөгжлийн эхлэлтийг Монгол Ардын Намын "Ард түмнээ сонсъё" аян алтайчуудад хүргэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Ардын нам алтай нутгийг хөгжүүлэхийн төлөө улстөрийн болон хөрөнгө оруулалтын олон сайхан шийдвэр гаргалаа. Саяхан бид өдөрт дөрвөн цагаар цахилгаан авч байсан бол бүх сум 24 цагийн цахилгаантай боллоо. Улаанбаатар хүртэлх "Хөгжлийн цагаан зам"-аа эхлүүлж, нийслэлд очихын тулд 10-аадхан цаг явдаг болох мөч ойрхон байна" гэсэн. Алтай нутаг химийн хорт бодист хордоогүй. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгаараа тэргүүлдэг. Алдарт Бурхан буудай, Хар азарганы нурууг тусгай хамгаалалтад нэмж авахаар ярьж эхэлжээ. "Алтайн ард түмэн Ардын намыг үеийн үед дэмжиж ирсэн. Энэ утгаараа Ардын нам алтайчуудад их бүтээн байгуулалтын бэлэг барилаа. Ардын нам бүтээснээсээ илүүг бүтээнэ гэдэгт алтайчууд бат итгэдэг" гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцолж байлаа. Эрхэм гишүүний хэлсэнчлэн алтайчууд Ардын намын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Одоо гагцхүү "Алтайн ард түмний төр засагтаа уламжилсан санал хүсэлтийг Ардын нам шийдвэрлэлээ" гэсэн сайхан мэдээг дуулгах мөчийг хүлээх л үлдлээ.