Монголчууд сар хүрэхгүй хугацаанд 3,5 км төмөр замыг барьж дуусгалаа
2012.01.09

Монголчууд сар хүрэхгүй хугацаанд 3,5 км төмөр замыг барьж дуусгалаа

Хилийн бүс нутаг Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу ЗТБХБ-ын сайд Х.Баттулга болон албаны бусад хүмүүс, сэтгүүлчдийн баг аялаад ирлээ.

 

Аяллын баг Замын-Үүд өртөөнд хийгдсэн гол ажил болох Замын-Үүд өртөөнөөс БНХАУ-ын хил хүртэлх өргөн царигийн 3.5 км хос замтай танилцсан юм. Замын-Үүд өртөө нь анх 1956 оны нэгдүгээр сарын 03-нд галт тэрэг хүлээн авах, явуулах долоон замтайгаар байгуулагджээ. Тус өртөө нь ажлын үндсэн зорилго, шинж чанараараа хилийн хэсгийн ангигүй тулгуур өртөө гэгддэг бөгөөд өргөн царигаараа галт тэрэг хүлээн авах явуулах 11 замтай "А" парк, нарийн царигаараа галт тэрэг хүлээн авах, явуулах зургаан замтай "Б" паркаас бүрддэг бөгөөд ачилт, буулгалт, шилжүүлэн ачилт, вагон засвар, зүтгүүрийн депо, вагон пүү, татах зам, тусгай хэрэгцээний зэрэг 40 гаруй замууд дээр сэлгээний ажиллагааг гүйцэтгэдэг байна. Мөн олон улсын болон орон нутгийн харилцааны ачаа, зорчигчийн галт тэргийг хүлээн авах явуулах. зорчигчдыг буулгах суулгах, ачаан тээш, гар тээшийг хүлээн авах хадгалах, олгох, тээвэрлэхээс гадна ачааны галт тэргийг зэргэлдээ замд дамжуулах, хүлээлгэн өгөх, хүлээн авах, тээврийн бичиг баримт боловсруулах, илгээх зэргээр ачаа зорчигч тээвэртэй холбоотой бүхий л ажлуудыг гүйцэтгэдэг ажээ. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын ажил ихэссэнтэй холбогдуулан УБТЗ-аар тээвэрлэх ачааны хэмжээ эрс өсөж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс Замын-Үүд боомтын хувьд нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүйгээс хил дээр вагон удаан зогсож, гал тэрэгний эргэлт удаашрах улмаар үйлчлүүлэгч байгууллага, иргэдийн ачаа бөөгнөрч, хүндрэл учраад байсан аж. Тиймээс шаардлагатай тээвэрлэлтийн хэрэгцээг хангахын тулд УБТЗ ХНН нь өөрийн суурь бүтцийн тээх, нэвтрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Замын-Үүд зангилгаанд хоёр   ажлыг   хийжээ.   Үүний нэг  нь   Замын-Үүд  өртөөнөөс БНХАУ-ын    хил    хүртэлх    3.5 км хос зам тавих ажил ажээ. Түүнчлэн   нүүрс,   нурмаг  ачаа буулгах   зориулалттай  350  м урттай, 25 вагоны багтаамжтай 80   мянган   м2    зориулалтын талбай, гэрэлтүүлэг, гаалийн нэг цэгийн үйлчилгээ, авто пүүгээр тоноглогдсон    ба   хоногт    75 вагон, 4800 тн ачаа боловсруулах хүчин  чадалтай  терминалыг байгуулжээ.

 

Шинэ бүтээн байгуулалтын ажилтай танилцах үед ЗТБХБ-ын сайд Х.Баттулга "Өнөөдөр бид Замын-Үүд өртөөн дээр ирчихээд байна. Энд УБТЗ- ын хөрөнгө, хөдөлмөрөөр 3.5 км зам баригдаад дууссан. Энэ бол маш богино хугацаанд хийгдсэн ажил.   Одоогийн     байдлаар БНХАУ-ын тал руу хүргэчихсэн байгаа. Харин БНХАУ-ын тал замын  үргэлжлэлийг   2012 оныхоо төлөвлөлтөд оруулна гэж ярьсан байна. Тэгэхээр төмөр зам гэдэг баригдахад маш хэцүү гэж хүмүүс ярьдаг боловч өнөөдөр энэ замыг барьж дуусгаснаар Монголын төмөр замчид хөрөнгө мөнгө нь байвал  богино хугацаанд замыг барьж чаддаг гэдгээ харууллаа. Энэ ажлын тогтоол шийдвэр наймдугаар сард гарсан. Ингээд есдүгээр сард ажил нь эхлээд үндсэндээ 30 хоногийн дотор барьж дуусгасан. Энэ ажилд 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Хөрөнгийн хувьд нэлээд хэмнэлттэй байсан. Эрээс төмрүүдийг гаднаас аваагүй, УБТЗ-д байсан хөрөнгөөр босгосон. Бетон дэрнүүдийг Хөтлийн бетон дэрний үйлдвэрийн, дотоодын үйлдвэрээсээ авч тавьсан. Мөн далан, баригдсан байдлаас нь харахад чанарын өндөр төвшинд хийгдсэн бүтээн байгуулалтын том ажил боллоо. Бид шинэ төмөр зам, шинэ бүтээн байгуулалтад   Хөгжлийн   банк хөрөнгө мөнгийг нь шийдээд өгсөн бол бид энэ байтугай ажлыг хийж чадах байсан гэдгээ харуулж байгаа юм. Замын-Үүд бол манай улсын эдийн засгийн хамгийн том хөдөлгөөн үүсдэг цэг боловч хамгийн их хоцрогдсон бүс болоод байгаа юм. Тиймээс маш их анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Манай улс чинь одоо Эрээнээс хамааралтай болчихоод байна шүү дээ. Энэ их орж, гарч байгаа бараа, хүн амын хөдөлгөөнийг нэлээд анхаарах хэрэгтэй нь харагдаж байна. Төмөр замын хил орчмын боомтуудад буюу хилийн зөрөлдөх хэсгүүд дээр Хятадын Төмөр замын яам гэж байдаг. Энэ яамтай нэлээд олон хэлэлцээр, санамж бичгийг үйлдсэн байгаа. Зургаан боомтоор  шинээр төмөр замаар холбогдох учраас энэ асуудал дээр нэлээд идэвхтэй явуулах саналыг манай зүгээс тавьж байгаа" гэсэн юм. Мөн Замын-Үүд өртөөний дарга Г.Амарсайхан "Хоёр дахь хос замыг тавихаар УБТЗ-ын дарга, ерөнхий инженерүүдийн төвшинд Хятадын талтай 2-3 удаа уулзаж, протокол хийсэн байгаа.

 

battulga-02

Үүний дагуу хоёр дахь замыг бид хугацаандаа зураг төслийн дагуу чанарын өндөр төвшинд хийж дууссан. Одоо бол манайхаас шалтгаалах зүйл байхгүй. Ганцхан хос замыг холбох үйл ажиллагаа Хятадын зүгээс хамааралтай болчихоод хүлээгдээд байж байна. 2012 оны нэгдүгээр улиралд холбох байх гэж бодож байна. Энэ замыг ашиглалтад оруулснаар Замын-Үүд Эрээн өртөөдийн хооронд хоногт 11 хос галт тэрэг солилцох боломжтой байсан бол 22 хос галт тэрэг солилцох боломжтой болох юм" хэмээсэн. Түүнчлэн УБТЗ-ын Ерөнхий инженер Г.Сэрээнэндорж "Ийм тэгш' шулуун төмөр замыг ирээдүйн төмөр замд барих юм бол их сайхан болно. Монгол Улсын хилээс БНХАУ-ын хил хүртэлх 3.5 км замыг маш богино хугацаанд сайн чанартай, өндөр төвшинд барьж гүйцэтгэчихээд байна. Энэ замаар зөвхөн ачааны вагон биш суудлын галт тэрэг явуулах бүх боломжийг бүрдүүлж байгаа бүтээн байгуулалт юм. Ер нь УБТЗ хос зам болгоно гэж ярьдаг.

 

Тэр ажлын эхлэл нь Монгол Улсын хилээс эхэлж байна. Цаашлаад Сайншанд, Улаанбаатар хүртэлх ажлын эхлэл юм даа. Ерөнхийдөө төмөр зам барих ажлын 70 хувь нь далан босгох байдаг. Энэхүү далан босгох шороог Замын-Үүд сумын Засаг даргын захирамжтайгаар авчирч буулгасан. Далангийн хувьд 4-5 метрийн өндөртэй. Тэгэхээр хөрөнгө мөнгө нь байвал монголчууд төмөр замыг барьж чадна гэдгийг л харуулж байна. Анх удаа бид хос зам барьж байна. Нөгөө талаар 20 мм-ийн диаметртэй трубаг 50 мм-ийн өргөнтэй болгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүчин чадлыг хоёр дахин өсгөж байна гэж хэлж болно. Явж байгаа урсгал хоёр дахин өснө гэсэн үг. Тэгэхээр ирэх жилээс төмөр замын хилийн боомтын хүчин чадлыг хоёр дахин өсгөж байгаа сайхан бүтээн  байгуулалт боллоо"хэмээн төмөр замчдаараа бахархсан. Энэ дашрамд "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Батзаяа галт тэрэгний парк шинэчлэлтийн ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани Хятад Монголын Засгийн. газар хоорондын гэрээгээр Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд галт тэрэгний парк шинэчлэлийн төслийн хүрээнд 245 вагон авч байгаа. Үүний 185 нь хагас вагон, хоёр дахь ээлжийн 60 вагон ороод ирчихсэн байна. Эхний ээлжид орж ирсэн вагоноороо бид 8000 гаруй тн ачаа тээвэрлэчихээд байна. Тэгэхээр 185 хагас вагоноор бидний тооцоогоор жилдээ 800-900 мянган тн ачаа тээвэрлэнэ гэж байгаа. Одоо хоёр долоо хоногийн дараа Замын-Үуд дээр 10 бүтэн вагон, 50 тавцант вагон орж ирэхээр бэлэн болоод байна. Хоёрдугаар сард таван аяллын зүтгүүр шинээр орж ирнэ, мөн долдугаар сард нэг сэлгээний зүтгүүр орж ирнэ" хэмээсэн. Үүнээс гадна Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх нутаг орондоо тулгамдаад байгаа асуудлыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад танилцуулсан юм. Тэрбээр "ЗТБХБ-ын сайд Х.Баттулга манай суманд ирж, орон нутгийн нөхцөл байдалтай танилцаж байна. Үүнтэй холбогдуулаад, хийсэн, хийж байгаа, хийгдэх ажлуудаа танилцуулж байна. Манай Замын-Үүд суманд тулгарч байгаа хамгийн хүндрэлтэй асуудал бол дэд бүтэц. Монгол Улсад нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний 70-80 хувь нь манай Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Ямар нэгэн үйлчилгээ үзүүлээд дамжин өнгөрүүлдэг болохоор энэ ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, цаашлаад энэ боомтын хөгжлийг түргэсгэх асуудлуудыг тавьж байна" хэмээсэн. Ямартай ч БНХАУ-тай холбогдох хос замын эхлэлийн манай төмөр замчид амжилттай тавьж, төмөр замыг монголчууд төвөггүй тавь чадна гэдгээ харууллаа.

Эх сурвалж. Монголын мэдээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.