Төмөр замын бүтээн байгуулалт нэгэн зэрэг өрнөж байна
2011.05.24

Төмөр замын бүтээн байгуулалт нэгэн зэрэг өрнөж байна

Баруун-Уртаас Сайншанд хүрэх 50 км-ийн урттай төмөр замын ажлыг "КHNR" буюу "Халхын шинэ төмөр зам" компани гүйцэтгэхээр болж, өнгөрсөн долоо хоногт ажлаа эхлүүлсэн.Тэдний ажилтай танилцахаар ЗТБХБ-ын  сайд Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллалаа. Аймгийн төв Баруун-Уртаас 30 орчим км-ийн зайтай байх Уртын өртөөнөөс хөрс хуулах ажлаа эхэлжээ. Одоогоор хөрс хуулалт дөнгөж эхлээд байгаа аж. ЗТБХБ-ын  сайдтай хамт Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа болон орон нутгийн удирдлагууд очив. "КHNR" 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани. Өнгөрсөн жил байгуулагдсан хэдий ч хэд хэдэн төмөр замын ажил хийж гүйцэтгэсэн туршлагатай компани аж.Тэд энэ замын ажлаа 2011 оны дөрөвдүгээр улиралд багтаан хийж дуусгахаар төлөвлөсөн байна. Төмөр зам барих ажлын явцтай
танилцсан албаны хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсохын хамт тулгамдаж буй асуудлынх нь талаар ч лавласан юм.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга:

-Төмөр зам батлагдсан трассын дагуу Сүхбаатар аймаг орж, Сайншанд руу явах юм. Хөөтөөс Чойбалсан чиглэлийн зам бас бий. Хоёр сар гаруйн хугацаанд өөрсдийн хуч,  хөрөнгөөр эхлүүлээд явах чадалтай компаниудыг сонгож ажиллуулж байгаа юм. Хөрөнгө оруулалт нь эргэн төлөгдөх нөхцөлтэй гэсэн үг. Хөрс хуулах ажил нэлээд удаан явах байх. Дараа нь карьерууд ажиллана. Далан, зургийн дагуух гүүрнүүд, худаг гаргах гээд нэлээд олон ажил давхцаж байгаа. УИХ-аас төмөр замын бодлогыг хуульчлаад гаргачихсан учир Засгийн газарт үүрэг өгсөн.Тиймээс Засгийн газар энэ зуныг нэлээд эрчимтэй  ашиглаж  ажиллах үүрэгтэй. Ажлыг эрчимжүүлэх үүднээс "Монголын төмөр зам” компанийг шахаж, шавдуулж байгаа. Орон нутгийн иргэд ч бас энэ бүтээн байгуулалтын ажлыг эергээр хүлээж авч байна. Зүүн аймгуудаар гадаад руу гарч болох нь гэсэн ойлголт иргэдэд байгаа учир эдийн засгийн үзүүлэлт сайжрах юм байна гэж хүлээж авч байна.

-Дараагийн ээлжид хаанаас хаа хүрэх чиглэлийн замыг барих бол?

-Дараагийн чиглэл нь Даланзадгадаас Сайншанд орох төмөр зам байна. Сайншанд, Баруун-Уртын дундаас дахиад хоёр компани хоёр тийшээ чиглэлд ажлаа эхлүүлнэ. Мөн Даланзадгад Сайншандын дундаас, Чойбалсан Баруун-Уртын дундаас тус бур хоёр компани хоёр тийшээ чиглэсэн замын ажлаа хийх юм. Компаниуд 50, 50 км-ээр нь замын ажил гүйцэтгэж ажиллана. Хугацаанд нь дуусгахын төлөө шаргуу ажиллаж байна.

 

Сүхбаатар  аймгийн засаг даргаЖ.Батсуурь:

-Сүхбаатараймгийннутгаар дайран гарах төмөрзамын бүтээн байгуулалтын ажил хэр эрчимтэй явж байгаа вэ?

-Уртын өртөөнөөс Сайншанд хүрэх төмөр замын хөрс хуулах ажил эхэлсэн.Гүйцэтгэгч компани техник хэрэгслээ эхнээс нь авч ирээд байна. Үндсэн техникүүд ирээгүй байгаа. Бүтээн байгуулалт хийх хугацаа улирлын чанартай, аравдугаар сар гэхэд дуусчихдаг. Энэ хугацаанд нь багтаагаад ажлаа дуусгачихна гэж гүйцэтгэх компани танилцуулсан. Олон компани орж байгаа учраас ажил дөхөмтэй байгаа нь мэдээж.

-Орон нутгийн зүгээс энэ ажилд ямар нэг хувь нэмэр оруулах болов уу?

-Ажил дөнгөж эхэлсэн өдрөөс л хувь нэмэр нь ороод явж байна.Техник хэрэгслүүд нь шатахуунаа авна. Энэ оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил гэж зарласан.Тэгэхээр мэргэжлийн хүмүүс нь холбогдох ажлаа, мэргэжлийн бус бол туслах ажил хийх боломж бүрдэж байна. Уртын өртөөнөөс Сайншанд хүртэлх 50 км замд 40 орчим туслах ажилчин орон нутгаас авч ажиллуулах юм.

 

 

"Монголын төмөр зам"ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа :

-Төслийнерөнхий гүйцэтгэгчийг хэзээ сонгон шалгаруулах бол?

-Техник эдийн засгийн үндэслэл ирэх наймдугаар сард бэлэн болно.Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах анхан шатны сонгон шалгаруулалтыг 10 гаруй хоногийн өмнө зарласан. Одоогийн байдлаар 10 гаруй компанийн санал ирээд байна. Энэ сарын 27-нд анхан шатны шалгаруулалтаа дуусгана.Тэгээд зургадугаар сард багтааж тендерийн жинхэнэ шалгаруулалтыг зарлана.

үүр хоолой, хиймэл төхөөрөмжийн ажлыг ямар дараалалтай хийхээр төлөвлөсөн бэ?

-Гүүр хоолой, хиймэл байгууламжуудын зураг наймдугаар сард гарна.Төмөр замын далангийн ажлуудтай зэрэгцээд явах юм.

-Төмөр замын санхүүжилтийн зарчмыг ямар байхаар тооцож байгаа вэ?

-Энэ төмөр зам бол стратегийн өндөр ач холбогдолтой. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж өргөн байгаа. Гагцхүү энэ ажлаа зөв зохион байгуулах нь чухал. Манай компанийн техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилт босгох аргачлалыг Европын хөрөнгө оруулалтын хамгийн том банк өгч байгаа. Тэндээс маш чанартай сайн аргачлалыг хүлээж байна. Энэ замынхаа ач холбогдлыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулж ойлгуулж чадвал хөрөнгө босгох боломжтой.

 

"KHNR" компанийн захирал З.Баасандорж :

-Танай эхэлсэн энэ замд ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа вэ?

-Нийтдээ 100 гаруй сая ам.доллароор барих боломжтой.Төмөр замын дээд, доод бүтэц, гүүр хоолойн төхөөрөмжтэй нь иж бүрнээр нь хийнэ гэсэн үг.

-Эхний хоёр сарын санхүүжилтийг танай компани гаргана гэсэн үү?

-Тийм. Эхний хоёр сард бид өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд ажлаа эхлүүлээд явж байна. Гурван сарын хугацаанд ч хөрөнгөө өөрсдөө гаргаад ажиллаж магадгүй. Энэ болтол бид өөрийн хөрөнгөөр ажлаа явуулах боломж бий.

-Замын ажилд танай компанийн хэчнээн ажилчин оролцож байна. Хэзээ хүлээлгэж өгөх бол?

-Одоогийн байдлаар 42 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлсэн. Зарим техник хэрэгсэл хараахан ирээгүй байгаа. Ажил дөнгөж өнгөрсөн баасан гаригт эхэллээ. 4-5 сарын хугацаанд ажлаа дуусгах боломжтой.

-Дизель түлшний хомсдол ажилд тань нөлөөлж байна уу?

-Шатахууны хувьд хомсдолтой байгаа. Гэхдээ бидэнд НИК, "Петровис" компани дэмжиж тусалж байна. Дизель түлшийг хангалттай хэмжээгээр өгөх бололцоо бүрдсэн. Хомсдол нөлөөлөх ч гэсэн урьд нь бид болзошгүй эрсдэлийг тооцоолсон байсан.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.